Jump to content

Дипломат ажиллагаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дипломат ёс-с чиглүүлэгдэв)

Дипломат үйл ажиллагаа -(англи. The diplomacy, франц. La diplomatie, орос. -дипломатия) товчдоо тусгаар хоёр болон олон улсын улс хоорондын харилцааг яриа хэлэлцээний замаар буюу энхийн зэвсэгт мөргөлдөөнгүйгээр зохицуулах мэргэжлийн үйл ажиллагааг хэлнэ. Дипломат ажиллагаа нь тухайн улс орны гадаад бодлогын үндсэн арга хэрэгсэл болдог. Олон улсын гэрээ, хэлэлцээр, хуулийн хүрээнд Итгэмжлэгдсэн элч, төлөөлөгчөөр дамжуулан яриа, хэлэлцээ хийх /улс төрийн удирдагчид ч мөн яриа хэлэлцээ хийнэ/ нь дипломат ажиллагаа явуулах үндсэн арга замууд юм. Дипломат үйл ажиллагаа тодорхой түүхийг бүтээдэг. Дипломат ажиллагааны зорилго нь тухайн улсын өөрийн газар нутаг, түүх, эдийн засгаар тодорхойлогдсон үнэт зүйл, ашиг сонирхолыг хамгаалах явдал билээ. Тусгаар тогтнол, аюулгүй болон нэгдмэл бүрэн бүтэн байдлаа хадгалж хамгаалах нь тухайн улсын язгуур ашиг сонирхол байдаг юм. Дипломат үйл ажиллагаа нь хүч хэрэглэхгүйгээр энхийн замаар бусдын эрх ашгийг харгалзан улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалахад чиглэнэ.

«Дипломат» гэдэг үгийг грекийн díplōma гэдэг үгнээс гаралтай гэж үздэг.

Бие даасан байдлаар "Дипломат ажиллагаа" гэдэг үгийг Европод 16-р зууны сүүл үеэс хэрэглэж эхэлсэн. Англид дипломат ажиллагаа гэдэг үгийг анх 1645 оноос ашиглаж байжээ. Хожим нь Германы агуу эрдэмтэн Готфрид Лейбниц 1693 онд Дипломат эрх зүйн журам ("Codex Juris Gentium Diplomaticus") номдоо "дипломат" (латин. diplomaticus) гэдэг үгийг ашигласанаас хойш энэ нь "олон улсын харилцааны тухай" гэсэн утга агуулах болсон. Монгол хэл дээр "Дипломат үйл ажиллагаа", "Дипломат ажиллагаа" болон "Дипломат ёс" гэх мэтээр олон янзаар хэрэглэж ирсэн боловч "Дипломат үйл ажиллагаа" гэх нь утга агуулгын хувьд нийцэж байгаа юм.

Оксфорд толь-д «Дипломат үйл ажиллагаа – Яриа, хэлэлцээний замаар олон улсын харилцааг явуулах Элчин сайд, элч нарын явуулж буй арга, дипломат хүний үндсэн ажил буюу урлаг юм” гэж тодорхойлжээ.

“Дипломат үйл ажиллагаа- Төр, Засгийн газрын болон Гадаад харилцааны тусгай байгууллагуудын тэргүүн нарын тухайн улсын гадаад бодлогын зорилго зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд тус улсын эрх ашгийг хилийн чандад хамгаалах зарчмын үйл ажиллагаа юм" гэж Зөвлөлтийн үеийн Гадаад хэргийн сайд асан А.Громыкогийн редакторласан 3 боть “Дипломат толь”-Дипломатический словарь/-д тодорхойлжээ.

Европын хэд хэдэн оронд францын XIV Луи хааны Элч байсан францын дипломат Франсуа Кальер  70 настайдаа 1716 онд “On the Manner of Negotiating with Princes” /Хаадтай хэлэлцээ хийх арга хэлбэрүүд/ гэж ном бичиж хэвлүүлсэн.  Энэ ном гарсанас хойш ”Дипломат үйл ажиллагаа бол онолын мэдлэг, өндөр ёс суртахууны зарчим дээр тулгууралсан шинжлэх ухаан, урлаг" гэж үзэх болсон.

Венеци дахь Английн Элчин сайд Генри Уоттон (1568–1639 гг.) «Элчин сайд бол худлаа ярьдаггүй шударга хүн боловч эх орныхоо эрх ашгийн төлөө гадаад руу худал ярьж төөрөлдүүлэхээр илгээгдсэн хүн юм» гэсэн байдаг.  

Дипломат үйл ажиллагааг олонх эрдэмтэн судлаачид -шинжлэх ухаан бөгөөд урлаг гэж үздэг. Тэдэн дотор мөн ДҮА-г шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг ч гэж үздэг байна. Энэ нь яриа хэлэлцээ хийж буй хувь хүний мэдлэг, чадвар, зан араншин ихээхэн зүйл шалтгаалдаг гэж үздэг байна. Барууны орнуудын дипломатууд өөрийн мэргэжлийг мэс заслын эмчтэй зүйрэлдэг. Эмч болгон хагалгаа яаж хийхийг мэддэг болов ч тэдний цөөн хэдэн нь маш сайн мэс засалч байдаг гэж тайлбарладаг байна.