Jump to content

Долоон бурхан (гитарын гоцлол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Долоон бурхан" гитарын гоцлолыг Монголын анхны поп-рок гитарчин ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1969 онд зохиожээ. Энэ нь түүний гитар хөгжимд зориулсан бүтээлүүдийн нэг төдийгүй Монголын цахилгаан хөгжмийн дан хөгжмийн анхны бүтээлүүдийн нэг юм. Тэрээр энэхүү гоцлолоо "Долоон бурхан" одны тухай нэгэн домгийг санаж, Долоон бурхан одыг харж суухдаа хийсэн гэдэг.

Гоцлолд нэр өгсөн тухай зохиогчийн дурсамжаас:

Энэ гоцлолоо “Долоон бурхан” гэж нэрлэсэн байсныг Жамцын Бадраа багш маань сонсоод “Бурхан гэдэг үгнээсээ болж асуудалд орно, хүү минь” гээд “Оддын дуулал” болгож нэрий нь өөрчилж өгсөн.

Гоцлолын нэрний тухай бусад:

Гоцлол Монголын Радиод “Оддын дуулал” нэрээр анх бичигджээ.

1990-ээд оны дундуур Монголын Радиод "Долоон бурхан" нэрээр орсон.

1998 онд "Цэнхэр залаа" хуурцагт “Долоон бурхан” нэрээр орсон.

2016 онд "Цэнхэр залаа" цомогт "Долоон бурхан" нэрээр оржээ.

2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт “Долоон бурхан” нэрээрээ орсон.

Гоцлол төрсөн тухай зохиогчийн дурсамжаас:

Энэ бол 1969 оны хаврын сүүл зуны эхээр Дөрвөн буудалд байдаг айлд гитараа авч очоод хавийн гудамжны хүүхдүүд шавуулчихсан гитар тоглож өгөөд шөнө дөл болтол дуу хөгжим болж суухдаа хийсэн гоцлол. Тэнгэрт од түгсэн байхыг хараад бага байхдаа “Долоон бурхан одыг дамжаад урт цагаан сахалтай нэг жижигхэн өвгөн гүйж явдаг юм” гэсэн домог сонссоноосоо хойш Долоон бурхан одыг харах болгондоо “Тэр өвгөн одоо гүйж яваа болов уу үгүй болов уу” гэж бодон домгийн өвгөнийг одноос эрж хайж хардаг байснаа санан Долоон бурхан одыг хараад тоолж байтал энэ ая ороод ирсэн. Энэ ая Долоон бурхан одыг тойруулж бүтэн нэг тоолоод дахиад тоолж эхлэх гэтэл ороод ирсэн ая.

Гоцлолыг тоглосон хамтлаг чуулга, гоцлол гитарчид:

  1. Мэдээлэл Радио Телевизийн цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, 1969-1974 онд гоцлол гитарчин, зохиогч С.Баатарсүх, 1974 оноос гоцлол гитарчин Бадамдоржийн Ганбат болон тус чуулгын үе үеийн гоцлол гитарчид
  2. Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн дэргэдэх цахилгаан хөгжмийн “Сансар” хамтлаг, 1970-1971 онд, гоцлол гитарчин Зундуйн Зундарь  
  3. Соёлын Яамны харъяа, Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгын дэргэдэх цахилгаан хөгжмийн “Соёл-Эрдэнэ” чуулга, 1971-1992 онд, гоцлол гитарчин Дэмчигдоржийн Галсанбат
  4. Монголын цахилгаан хөгжмийн бусад хамтлаг, гоцлол гитарчид

Зохиогч гоцлолыг тоглосноор сонсох:

  1. МҮОНР, 2020-10-17, Монголын радиогийн "Хүн гараг" нэвтрүүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн тухай "Гитар минь уянгалан дуул" хөрөг [1] [0:21 – 2:21]
  2. SOUNDCLOUD, MNB, Mongolian National Radio, 2020-10-16, Гитар минь уянгалан дуул [2] [0:21 – 2:21]
  3. MN25, Урт цагааны гудамж, 2018 оны 10 сар, Гитарчид - С.Баатарсүх, И.Болоож, Нямдорж [3] [12:31-13:29]

Cover гоцлол сонсох:

  1. 2017-10-01, 70,80-аад оны Улсын Цирк, ХЦДБЧ-н ХИЛЧИН хамтлагийн Соло гитарчин Р.УРТНАСАН №1 [4] [0:00-2:38]
  2. 2019-02-03, Батцэнгэл - Гитарын аяз (Battsengel - Guitar melody), [5] [0:00-2:36]