Монгол Улсын Филармони
Монгол Улсын Филармони нь БНМАУ-ын Соёлын яамны 1957 оны 06-р сарын 05-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар улсын филармонийн үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 07-р сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны “Баян Монгол” чуулга, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын “Соёл Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн АЖ, ТШ Ц.Намсрайжавын санаачлагаар Монгол Улсын Филармонийг зохион байгуулсан. Концертын байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдсан Улсын Филармони тус оны 10 дугаар сарын 25-нд Улсын хөгжимт драматик (дуурь бүжгийн) театрт нээлтийн тоглолтоо хийж байсан түүхтэй.
Монгол улсын Филармони нь “Симфони Найрал Хөгжим”, “Баян Монгол” чуулга, “Морин Хуурын Чуулга”-ыг эгнээндээ нэгтгэсэн 180 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчидтай концертын томоохон байгууллага бөгөөд жилд өөрийн болон Олон Улсын тайзнаа 100 гаруй тоглолт, арга хэмжээг зохион байгуулдаг.
Симфони найрал хөгжим
[засварлах | кодоор засварлах]1957 оны Соёлын яамны тушаалаар Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр байгуулагдаж, анхны удирдаачаар Улсын Гавьяат Жүжигчин Ц.Намсрайжав, туслах удирдаачаар Г.Бирваа нар ажиллаж байсан. 1958 оны 2-р сарын 25-нд анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан Симфони найрал хөгжим нь Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгохын зэрэгцээ Монголын телевиз, радиогийн сан хөмрөгт бичүүлсэн олон төрлийн нэвтрүүлгийн чимэг хөгжим, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны олон арван киноны хөгжим зэрэг бүтээл, туурвил нь улс орны нийгэм соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Симфони найрал хөгжим нь сонгодог хөгжмийг сурталчилах, бүх нийтийн хөгжмийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуус, ирээдүйн үзэгчиддээ хөгжмийн тайлбарт цуврал лекц концертуудыг хот, аймаг, сум, суурин газруудад зохион байгуулж үзэгч, сонсогчдод толилуулж байна.
Симфони найрал хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүн, урын сан
[засварлах | кодоор засварлах]Симфони найрал хөгжмийн удирдаачаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Д.Нямдаш, Б.Батбаатар нар ажиллаж байгаа бөгөөд дээд мэргэжлийн 80 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй, өрнийн хөгжмийн зэмсгүүд багтдаг, бүрэлдэхүүний хувьд улсдаа хамгийн том симфони найрал хөгжим юм.
Анхны тоглолтоо удирдаач Ц.Намсрайжав, Г.Бирваа нарын удирдлагаар хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун болон дэлхийн сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгч, зохиолч Л.Бетховен, Ж.Бизе нарын бүтээлүүдийг Улсын Хөгжимт Драмын тайзнаа анх эгшиглүүлж Монгол улсад сонгодог хөгжим үүсэж, хөгжихийн эхлэл байлаа. Дэлхийн сонгодог хөгжмийн үе үеийн чиглэл урсгалуудын гол төлөөлөгчид болох В.А. Моцарт, И.Гайдн, Ф.Шуберт, Б.Сметан, Ф.Лист, Дж.Верди, Вебер, Э.Григ, Странвинский, М.Равел, К.Дебюссий, Дж.Гершвин, А.Дворжак эцэг хүү И.Штраус, Р.Вагнер, А.Брукнер, Р.Штраус болон С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Э.Чойдог, Ч.Жамсранжав, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, Б.Шарав, Г.Алтанхуяг, З.Хангал, С.Баатарсүх, Ч.Сангидорж, С.Сансаргэрэлтэх, Ш.Өлзийбаяр, Б.Мөнхболд, Б.Бямбабаяр зэрэг дэлхийн болон Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын дан болон симфони бүтээл, дууны уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулан хөгжимдсөөр байна. Радио телевизийн алтан фондын бичлэгүүд, Монгол кино нэгтгэлийн баримтат болон уран сайхны киноны бүх хөгжмүүд тус найрал хөгжмийн урын сангийн чухал нэгэн хэсэг билээ.
Симфони найрал хөгжмийн шагнал, аялан тоглолт, цомог
[засварлах | кодоор засварлах]2003 оны “Алтан Намар” хөгжмийн наадмын цом, 2007 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт Жуух Бичиг, шилдэг уран бүтээлийн “Гоо Марал” наадмын шагнал, шилдэг хөгжимчдийн Virtuoso наадмын шагналууд, Монгол Улсын оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн Мод”-ын хоёр удаагийн шагнал зэрэг олон шагнал хүртсэн.
1963 онд симфони найрал хөгжим анх удаа хилийн чанадад гарч Бээжин, Шанхай хотуудад тоглолт хийж Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд болон Хо-Чжен-Хау, Чен Кан нарын “Хос Эрвээхэй” зохиолыг хийлч УГЖ Д.Цэрэндолгор тоглож толилуулж байсан нь тухайн орны хөгжим судлаач, уг зохиолыг бичсэн зохиолчын зүгээс өндөр үнэлгээ авч, Бээжин хотын радиогийн алтан фондод үлдээсэн түүхтэй. Тус оноос ЗХУ-ын Новосибирск, Иркутск, Улан-Үдэ, БНАСУ, Япон, БНСУ, БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг хотуудад тоглолт хийж байсан.
Симфони найрал хөгжим нь Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг”, Beethoven symphony No.9, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Профессор Н.Бүтэнбаярын “Сонгодог симфони хөгжмийн дээжис”, “Гэгээн эгшиглэн нэгэн жаранд” баримтат кино, Улсын Филармонийн “Мөнхөд Дуурьсах Аялгуу”, Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн С.Баатарсүхийн "Алтан ураг" III, "Монголын нууц товчоо" VII симфони зэрэг хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн цомог хэвлүүлсэн.
Баян Монгол чуулга
[засварлах | кодоор засварлах]“Баян Монгол” чуулга нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад цахилгаан хөгжимтэй эстрад, джаз, поп, рок урлаг хөгжих нөхцөл суурь болсон. Энэ хамт олноос Монголын эстрадын урлагийн нэр алдартай дуучид, хөгжимчид хөгжмийн зохиолчид, удирдаачид төрөн гарч, уран бүтээл нь түгэн алдаршсан юм.
Анхны урансайхны удирдагч, удирдаач Т.Чимэддоржийн "Бүсгүй", "Зам дээр гээгдсэн цэцэг", "Энэрэлт сайхан харц", "Сувилагч тандаа баярлалаа", "Том болж дээ миний хүү", анхны тенор саксофонч Т.Уртнасангийн "Намрын дурдатгал", "Хангайн магтаал", анхны органч Б.Даваагийн "Навчин дээрх шүүдэр", "Амрыг айлтгая", "Хөдөө дуудаж байна", анхны альто саксофонч Л.Батаагийн "Мөнгөн шөнө", "Үртэй хүн жаргалтай", "Хавар болжээ хонгор минь", "Намжаа дэлхий", анхны бөмбөрчин Б.Нямбаярын "Хаврын урь", "Аавын хайр", чуулгын хоёр дахь гоцлол ба хэмнэлт гитарчин С.Баатарсүхийн "Нүдэн нуур", "Цэцгэн зүйрлэл", "Сургууль минь баяртай", "Дөрвөн улирал хоёр амраг" зэрэг дуу, Т.Уртнасангийн "Улаан сарнай", С.Баатарсүхийн "Цэнхэр залаа", "Долоон бурхан", "Сансрын хөлөг", "Хөгжилтэй залуус", "Золжаргал", "Залуусын дуу" зэрэг гитарын гоцлол бүтээлүүдийн тус чуулгын урын санд оруулж ирсэн хувь нэмрийг үнэлж баршгүй.
Өнөөдөр “Баянмонгол” чуулга нь өөрийн улсад мэргэжлийн сонгодог джаз хөгжмийг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын джаз урлагийг суртачлан таниулах зорилготойгоор ажиллаж байна.
Баян Монгол чуулгын бүтэц, бүрэлдэхүүн, урын сан
[засварлах | кодоор засварлах]“Баян Монгол” чуулгын урансайхны удирдагч, удирдаачаар Т.Чимэддорж, Т.Уртнасан, Ж.Батсайхан, Д.Нямдорж, Б.Ганбат нар ажиллаж ирснээс Б.Ганбат тус чуулгад тасралтгүй 47 жил ажилласан. Өдгөө С.Саруул-Од тус чуулгын удирдаачаар ажиллаж, джаз хөгжмийн хамгийн том биг бэнд оркестрын стандартаар буюу саксофон хөгжмийн хэсэг, тромбон хөгжмийн хэсэг, труба хөгжмийн хэсэг, цахилгаан хөгжим болон ритм хэмнэлийн хэсэг гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна.
Монгол ардын дууны найруулга, хөгжмийн зохиолчдын дуу, хөгжмийн бүтээл, уран сайхны болон баримтат кино, телевиз, радио, жүжиг, мюзикл, хүүхдийн дуу, Оросын джаз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөхийн зэрэгцээ дэлхийн джаз хөгжмийн сонгодог үеүүдээс эхлээд орчин цагийн джаз хөгжмийн бүхий л урсгал хэлбэрээр урын сангаа баяжуулан тоглож байна.
Баян Монгол чуулгын шагнал, аялан тоглолт, цомог
[засварлах | кодоор засварлах]2000 онд ОХУ-д болсон Олон улсын джаз хөгжмийн наадамд дэд тэргүүн байрын шагнал, 2005 онд БНАСАУ-д уламжлал болгон зохиогддог “Хаврын баяр” олон улсын наадамд удирдаачийн Алтан Цом, гоцлол хөгжмийн Алтан Цом, “Алтан Намар” хөгжмийн наадмын гурван удаагийн шагнал, гоцлол хөгжимчдийн шагнал зэрэг олон шагнал хүртсэн.
Мөн ОХУ-ын джаз хөгжмийн зохиолч, удирдаач В.Смагин, Куба улсын удирдаач Эдди Гайтан, Раймондо Калисдо, Рей Монтёсинос, Ремберс, Болгар улсын удирдаач Крилл Экиномов зэрэг зочин удирдаачид уригдан ажиллаж байсан ба тус найрал хөгжим нь Куба, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Унгар, Румын, Чех, Польш, Узбек, БНАСАУ зэрэг улс, орнуудад айлчлан тоглож байсан.
“Баян Монгол” чуулга нь “Баян Монгол & Соёл-Эрдэнэ” пянз, “Баян Монгол” пянз, “Баян Монгол-40” хос цомог, “Мөнхөд Дуурьсах Аялгуу” Улсын Филармонийн нэгдсэн уран бүтээлчдийн цомог, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн олон цомог хэвлүүлсэн.
Морин хуурын чуулга
[засварлах | кодоор засварлах]Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх зорилгоор Монгол улсын ардын жүжигчин Ц.Батчулууны санаачлагаар 1992 онд байгуулагдсан. Морин хуурын чуулга нь дэлхийн болон Монголын хөгжмийн зэмсгүүдэд тулгуурлан, эх орондоо төдийгүй тив дэлхийд үндэсний урлагаа сурталчилан таниулж буй өвөрмөц дуугаралт, өнгө аястай найрал хөгжим юм. 1994 оны 05-р сарын 25-ны Монгол улсын засгийн газрын 98-р тогтоолоор Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.
Морин хуурын чуулгын бүтэц, бүрэлдэхүүн, урын сан
[засварлах | кодоор засварлах]Морин хуурын чуулгын удирдаачаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажиллаж байгаа бөгөөд чуулгын бүрэлдэхүүнд үндэсний уламжлалт (морин хуур, ёочин, ятга, их хуур), өрнийн сонгодог (төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор) хөгжмийн зэмсгүүд багтдаг бөгөөд дуурьсгал, эгшиглэгээ нь дорно өрнийн болон орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлүүдийг хөгжимдөхөд тохиромжтой бөгөөд дуунаас дуурь, бие биелэгээнээс бүжгийн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, сонат, концерт, симфоннета зэрэг том хэмжээний бүтээлүүдийг хөгжимдөхийн зэрэгцээ, тайз дэлгэцийн болон баримтат, уран сайхны кино, теле кино, жүжгийн хөгжмийн бүтээлийн урын сантай.
Чуулгын бүрэлдэхүүнд “Чөлүгэн” морин хуурын дөрвөл, “Хулан” хамтлаг, Ятгын дөрвөл, “Арга билэг” этно жазз хамтлагууд өөр өөрийн өнгө аясыг илэрхийлэн бүтээн туурвиж байна. Морин хуурын чуулга мэргэжлийн дээд боловсролтой /бакалавр, магистр/ 30 гаруй уран бүтээлчдээс бүрддэг бөгөөд тэдний нилээд нь Олон улсын болон Монгол улсад зохиогддог мэргэжлийн хөгжимчдийн уралдаануудад амжилттай оролцож шагнал хүртсэн.
Морин хуурын чуулгын шагнал, аялан тоглолт, цомог
[засварлах | кодоор засварлах]2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, 1999 онд Ж.Бизе-Р. Щедрин-Н.Жанцанноров “Кармен” бүжгийн жүжгийн хөгжмөөр бүх урлагийн дээд “Гоо Марал” шагнал, 2010 онд Монголын урлагийг дэлхийд сурталчилсан шилдэг байгууллагаар “Гоо Марал” шагнал, 2004 онд ятгын дөрвөл ардын цөөхүүл хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны Тэргүүн байрын шагнал, 2004 онд Зууны мэдээ сонины санал асуулгаар шалгарсан “Монголын Бахархал” өргөмжлөл, 2012 онд Өдрийн шуудан сонины санал асуулгаар шалгарсан “Дэлхий Монгол” өргөмжлөл, 2004 онд “Дэлхийн соёлын нээлттэй их наадам”-ын хөгжмийн төрөлд Гран-При шагнал /БНСУ/, 2009 онд Хулан хамтлаг Ritmie Danze Dal Mondo зэрэг олон шагнал хүртсэн.
АНУ Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ийн танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, ОХУ-ын “Хөгжмийн Нийгэмлэг”, Швейцарын НҮБ-ын танхим, ХБНГУ-ын Берлиний Филармони, ОХУ-ын Москва хотын “Их театр”, БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний их театр, Японы Suntory Hall, Across Orchard Hall, Osaka Symphony Hall, Sapporro Symphony Hall, Yokohama Cultural Center, БНСУ-ын Үндэсний театр, Тайванийн Чин ка Шигийн Memorial Hall, Итали, Канад, Турк, Хонг Конг-ын Hong Kong city hall, Sha Tin town city hall, БНСАУ зэрэг дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотуудаар 650 гаруй тоглолтыг хийсэн.
Морин хуурын чуулга нь “Best-1.2”, “Playing Love-1, 2”, Ардын дууны “Торгоны Хээ”, Улсын Филармоний “Мөнхөд Дуурьсах Аялгуу” цомог, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн 30 гаруй цомог хэвлүүлсэн.