Jump to content

Цэцгэн зүйрлэл (дуу)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Цэцгэн зүйрлэл" дууны аяыг Монголын анхны поп-рок гитарчин ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх түүний "Цэнхэр залаа" гитарын гоцлол аялгуунд зориулж авчирсан арван хэдтэй залуу хүү Загдын Түмэнжаргалын шүлгэнд зориулжээ. Энэ дууг манай эстрадын нэрт дуучдын нэг Хоовойн Галхүү Багшийн сургууль буюу Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу-хөгжмийн багшийн ангийн (1967-1971) оюутан байхдаа анх дуулж нийтэд хүргэжээ.

1969 оны хавар зохиогдсон С.Баатарсүхийн “Цэнхэр залаа” гитарын гоцлол тэр жилдээ Радио, Телевизийн эфирт гарч, тайзнаа тоглогдож, удалгүй Радиогийн цаг агаарын мэдээгээр эгшиглэх болж нийтэд түгэхэд олон зохиолч, яруу найрагч шүлэг бичиж ирүүлэхэд Радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор, Радио, Телевизийн Улсын Хорооны цахилгаан хөгжмийн чуулгыг үндэслэн байгуулагч, тус чуулгын уран сайхны удирдагч, удирдаач, “Цэнхэр залаа” хөгжмийг анх сонсоод толгой сэгсрэн, гайхан байж ноотолж буулгасан, хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж багш нь "Энэ бол дан хөгжмөөрөө байх ёстой юм байгаа юм" хэмээгээд зөвшөөрөл өгөөгүй гэдэг.

С.Баатарсүх хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшснийхээ хойно: “Цэнхэр залаа” - гурван ангитай дан хөгжмийн бүтээл. Одоо харахад "сонатын формын экспозиц" байна гэж боддог хэмээжээ.

Загдын Түмэнжаргал "Цэцгэн зүйрлэл" дууны шүлгээ анх "Цэнхэр залаа" гитарын гоцлол аялгуунд зориулж авчирчээ:

С.Баатарсүхийг нэг өдөр чуулга дээрээ байхад нь З.Түмэнжаргал “Баатарсүх гэж хүн аль нь вэ” хэмээн сурагласаар ирж “Баатарсүх ахаа би нэг ийм шүлэг бичсэн юм” гэжээ. Хартал хөөрхөн үгтэй шүлэг санагдаж, гэвч “Цэнхэр залаа”-г дуу болгохгүй гэсэн шийдвэр гарсан байсан тул “Энэ аяар бол дуулуулахгүй” гээд шүлгий нь “Цэнхэр залаа”-гийн аяар гитардаж дуулж үзүүлэхийг сонссон чуулгын хөгжимчин Бизьяагийн Даваа, Лунжгайн Батаа нар “Энэ арай биш ээ” гэжээ. С.Баатарсүх З.Түмэнжаргалд “Энэ шүлгэнд би өөр ая хийж өгье” гэхэд тэрээр урам муутайхан буцжээ. Удалгүй түүний С.Баатарсүхэд өгсөн "Цэцгэн заяа" шүлэг нь “Цэцгэн зүйрлэл” дуу болсныг сонссон тэрбээр “Цэнхэр залаа”-гаасаа гоё ("Цэнхэр залаа"-гийн аяар дуулахаас илүү гоё) болж хэмээн баярласан гэдэг. 

Дууг анх дуулсан дуучин Х.Галхүүгийн хувилбар Радиод бичигдэж үлдээгүй хэмээн хөгжмийн зохиолч С.Баатарсүх дурссан байдаг. Тэрээр "З.Түмэнжаргал над дээр 1969 оны сүүл 1970 оны эхээр ирсэн" гэдэг бөгөөд "Цэцгэн зүйрлэл" дууныхаа партитур (ноотны эх гар бичвэр) дээр "1970 он" бичиж тэмдэглэжээ.

Энэ дууг дуучин Н.Гантулга 1999 оны сүүлээр анх дүрсжүүлж [1], хожим түүний дуулснаар ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “Монгол тулгатны 100 дуу”-нд [2] оржээ.

Наймны зургаа ритмтэй (хэмнэлтэй) энэ дуу МУГЖ Г.Эрдэнэбат, СТА Н.Гантулга, Н.Гантулга & БоБо, Г.Мөнх-Оргил зэрэг дуучдын урын санд орж дуулагдаж иржээ.

Жич: Дуучин Г.Мөнх-Оргил 2020 онд хөгжмийн зохиолч С.Баатарсүхтэй уулзаж ноотон дээр нь үгийг нь хуваарилж бичсэн гар бичвэрийг нь авч дуулжээ. [3]