Jump to content

Төмөрийн Чимэддорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төмөрийн Чимэддорж (1921-1986) нь Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой хөгжмийн зохиолч. Монгол Улсын Филармонийн "Баянмонгол" чуулгыг үндэслэн байгуулагч.

УГЗ хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж 1921 оны 6-р сарын 25-нд Нийслэл Хүрээнд төрсөн. Найм есөн настайгаасаа хотын Х хорооны клубийн хүүхдийн уран сайхны бүлгэмд явж хуучир, мандолин хөгжимдөж сураад, 1932 онд 11 настайдаа Морин цэргийн дивизийн хөгжимд орж бүрээ үлээж бөмбөр цохиж хөгжим тоглож явжээ. 1934 онд Цэргийн Төв Клубт шилжиж "Хөнхөр хуурч" гэж олноо танигдсан Ө.Лувсан зэрэг хүнээр үндэсний хөгжим, мөн Зөвлөлтийн мэргэжилтэн Р.И.Решетнякаар европ хөгжим заалгаж, улмаар "Өргөмөл Сувд", "Үймээн" жүжигт хүүхдийн дүрд тоглодог байв. 1940 онд бүтсэн БНМАУ-ын анхны Улсын баатар Ш.Гонгорын тухай "Анхдугаар хичээл" түүхэн баримтат уран сайхны кино хийхэд тэрбээр Зөвлөлтийн мэргэжилтэн Р.И.Решетняк, манай "Зууны манлай хөгжмийн зохиолч" Лувсанжамбын Мөрдорж нарын хамт гитар, мандолин, балалайкаар хөгжимдөж дуу оруулалцсан нь манай киноны түүхэнд киноны анхны хөгжим чимэглэл болсон байна. Лувсанжамбын Мөрдорж 20 настайдаа уг киноны хөгжмийг бичиж монгол киноны хөгжмийн зохиолчдын анхдагч болжээ. Т.Чимэддорж 1940-1943 онд ЗСБНХУ-ын Москва хотын Дорно Дахины Хөдөлмөрчдийн Их сургуульд суралцан төгсөж ирээд Улсын Циркийн дагшаа найралд 1947 он хүртэл хөгжимчнөөр ажиллаж байхдаа аккордион, кларнетээр хөгжимдөж сурч, удалгүй шилдэг хөгжимчдийн тоонд багтжээ. 1947-1951 онд мөн ЗСБНХУ-ын Москва хотын Октябрийн нэрэмжит Хөгжмийн Дунд Сургуульд суралцаж төгсөж ирээд найрал дууны удирдаачаар ажиллаж байхаасаа дууны уран бүтээл туурвиж эхэлжээ. Тэрээр 1951-1956 онд Улсын Хөгжимт Драмын Театрт, 1956-1958 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад тус тус найрал дууны удирдаач багшаар ажиллаж байлаа. 1958-1962 онд БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн Дээд Сургуульд 'Симфони найрал хөгжмийн удирдаач' мэргэжлээр суралцан төгсжээ. 1963 оноос БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Мэдээлэл Радиогийн Улсын Хорооны Хөгжмийн редакцийн хариуцлагатай редакторын албыг 1981 он хүртэл хашиж гавьяаныхаа амралтад суугаад, 1986 онд насан эцэслэх хүртлээ Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоонд мэргэжилтнээр ажиллан өөрийн ухамсарт бүхий л амьдралаа Монголын урлагт зориулсан билээ.

Монголын эстрадын хөгжилд оруулсан хувь нэмэр

[засварлах | кодоор засварлах]

Монгол улсад орчин цагийн хөгжим, тэр дундаа эстрад урлаг үүсч хөгжихөд хөгжмийн зохиолч УГЗ Төмөрийн Чимэддоржийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их. 1945 онд манай орны нам төрийн удирдлагууд "Улсын Эстрад Концертын Товчоо"-г эмхлэн байгуулах ажлыг Уран Сайхны Хэрэг Эрхлэх Газарт даалгаж тогтоол шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь нэгэнт жам ёсоороо бүрэлдэн бий болж байсан урлагийн тэрхүү салбарыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр эмхлэн хөгжүүлэх тухай шийдвэр байсан нь дамжиггүй. 1964 онд Барилгачдын Соёлын Ордонд хөгжимчдийг шалган авч дагшаа найрал хөгжмийн тоглолтоо циркийн үзүүлбэртэйгээр ард түмэндээ анх толилууж байсан түүхтэй. Тэрхүү тоглолтод АЖ Л.Цэнд-Аюушийн дуулсан С.Мааяагийн ая "Таксин цоохор машин", Т.Чимэддоржийн ая "Зам дээр гээгдсэн цэцэг" зэрэг дуу дуулагджээ.

Т.Чимэддорж 1965 онд БНСЧУ-ын Прага хотноо зохион байгуулагдсан олон улсын жаз хөгжмийн фестивальд оролцож, мөн тэр онд манай оронд айлчлан тоглосон Германы Радиогийн дэргэдэх оркестрын тоглолтыг үзснээр Радиод хамт ажиллаж байсан Ш.Эрдэнэбат (Ж.Бадраа "Багшаа дуулъя"; Ш.Сүрэнжав "Арав дахь хавраа үдье", "Миний ардын сэтгэл цагаан"; Ш.Шажинбат "Цэнгэлтэй үдэш" зэрэг дууны аяыг зохиосон) нарын залуу уран бүтээлчидтэй хамтарч Радиодоо цахилгаан хөгжимтэй жаз оркестртой болох ажлыг санаачлан эхлүүлсэн байдаг. Тэрбээр уг санаачилсан ажлаа удирдах дээд байгууллагадаа танилцуулж зөвшөөрүүлэх, тогтоол шийдвэр гаргуулах ажлыг албан үүргийн дагуу хариуцан гүйцэтгэсний зэрэгцээ Монгол орны өнцөг булан бүрээс авьяасаараа торойн гарч ирж байсан залуучуудыг эрж хайн, тэр бүгдтэй биечлэн уулзаж хөгжимчид дуучид зэрэг уран бүтээлчдийн багаа бүрдүүлсэн байдаг. Түүний энэхүү уйгагүй хичээл зүтгэлийн тухай 1969 онд анхны уран бүтээл нь Монголын Радио Телевизийн эфирт гарч, албан ёсны нээлтийн тоглолтоо олонд толилуулсан тухайн үеийн Мэдээлэл Радио Телевизийн Цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн Төрийн Шагналт "БАЯНМОНГОЛ" чуулгын анхны хөгжимчид, дуучид, ахмад уран бүтээлчдийн дурсамж яриа, нэвтрүүлэгт олонтоо дурдагдсан байдаг.

Хоёр зууныг дамжсан мөнхийн бүтээлүүдээрээ ард түмнээ хэдийн танигдсан Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын

  • даралтат хөгжимчин, органч Бизъяагийн Даваа (Ө.Балчиндорж "Навчин дээрх шүүдэр", Н.Рэнчинхорлоо "Өргөө гэр минь", Даг.Жамъян "Хүслийн дуу", О.Жадамбаа "Ээжийн сургаал", Ц.Ням-Осор "Амрыг айлтгая", Л.Дагвадорж "Хоёулаа явъяа хонгор минь" зэрэг олон арван дууны ая зохиогч),
  • бөмбөрчин Бямбаагийн Нямбаяр (1967 онд ХБДуС-ийг цохилуур хөгжмийн ангийг төгссөн, "Чигчийн чинээ дүү минь", "Хаврын урь", "Сэрдээ сэр хүү минь", "Аавын хайр" дууны ая зохиогч),
  • трубач Лодойсамбуугийн Пүрэвсүрэн,
  • техникийн ажилтан Дондойн Гантөмөр,
  • гоцлол болон хэмнэлт гитарчин Мушгиагийн Лхагвасүрэн (Хөгжим бүжгийн дунд сургуулийн даралтат хөгжмийн анги төгссөн)
  • басс гитарчин Лувсанчойдорын Сэргэлэн (1966 онд МУИС дээр байгуулагдсан Монголын анхны поп рок цахилгаан хөгжмийн хамтлаг болох "Оюутны цахилгаан гитарын чуулга"-ын басс гитарчин),
  • тенор саксафонч Тогтохын Уртнасан (С.Баатарсүхийн тоглосон "Улаан сарнай" гитарын гоцлол, Ш.Шажинбатын шүлэг "Намрын тухай дурьдатгал", Г.Сэсмээгийн шүлэг "Хангайн магтуу" зэрэг дууны ая бичсэн, 1972-1981 онд "Баянмонгол" чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, уран сайхны удирдагчаар ажилласан. 1978 онд анх зохиогдож олон жил уламжлал болон тоглогдож ирсэн "Анд нөхдийн ая дуу" наадмыг санаачлагчдын нэг),
  • альто саксафонч Лунжгайн Батаа (С.Оюун "Мөнгөн шөнө", Ш.Цогт "Үртэй хүн жаргалтай", Н.Рэнчинхорлоо "Хавар болжээ хонгор минь", Ш.Шажинбат "Алтайн хангайн уулс" дууны ая зохиогч),
  • тромбон хөгжимчин Адшъяагийн Хишигдорж

нарын авьяаслаг 9 залуугийн бүрэлдэхүүнтэйгээр Төмөрийн Чимэддорж 1968 оны 10 сард Польш улсыг зорьж хөгжимчдөө 3 сарын дамжаанд суулгажээ.

Т.Чимэддорж Польш улсад байх хугацаандаа Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл (СЭВ)-ийн орнуудын хуралд оролцохоор очсон манай нам төрийн тэргүүн Юмжаагийн Цэдэнбалтай уулзаж, тулгамдаад байсан асуудлаа хэлж санхүүгийн асуудлаа шийдүүлээд Польшоос ирэхдээ Радиодоо иж бүрэн цахилгаан хөгжим хэрэгсэл авчирсан нь Монгол Улсын түүхэнд анхны тохиолдол болсон юм. Хөгжим, хөгжимчид бэлэн болж дуучдын асуудал яригдахад Ховд аймгийн арван жилийг 1969 онд төгсөх, Ш.Сүрэнжавын шүлэг, Ш.Эрдэнэбатын ая "Арав дахь хавраа үдье" дууг гитардаж дуулсан нь Монголын Радиогоор эгшиглэж сонсогчдод хүрсэн Лувсангийн Оюунчимэг охиныг чуулгынхаа үндсэн дуучнаар авахаар товлож, эрэгтэй дуучнаар УАДБЧ дээр дуулаачийн дамжаанд Дундговиос ирсэн Ц.Өлзий-Оршихыг авчиржээ. Сайн концерт, сайхан тоглолт хийхийн тулд орон тооны бус өөр дуучид бас хэрэгтэй байсан тул 1967 оны намар МУИС-ийн 25 жилийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий удирдаачаар ажилласан Т.Чимэддорж тухайн үед эстрад чиглэлийн орос монгол дуу дуулж нэрд гарч ирж байсан МУИС-ийн Т.Рэнцэнханд, Д.Майжаргал, М.Бямбадорж, БДС-ийн Д.Цэцгээ нартай хамтарч ажиллахаар төлөвлөжээ.

МРТУХ-ны цахилгаан хөгжмийн чуулгынхан 1969 оны долдугаар сард Улсын баяр наадмаар телевизээр орон даяар цацагдах 30 минутын тоглолтын хөтөлбөртөө бэлдэж байтал чуулгын гитарчин Мушгиагийн Лхагвасүрэн ажлаас гэнэт халагдах болсонд чуулгын хөгжимчид "Гитарчингүй, одоо яах вэ, багшаа?" гэхэд Т.Чимэддорж "Их сургуульд соло гитар сайн тоглодог нэг хүү бий. Баатарсүх гэж, Самбуугийн Баатарсүх гэж, тэрийг авчирна аа" гэжээ. Т.Чимэддорж МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-ын гоцлол гитарчин Баатарсүхийг сайн мэддэг байлаа. Т.Чимэддорж 1967 оны хавар С.Баатарсүхийн гэрт очиж "Манай Радио цахилгаан хөгжимтэй болох гэж байгаа, чи ирж манайд гитар тогло. Бадраа багш чинь чамайг тэндээ заавал аваарай гэсэн юм" гэхэд эцэг эх нь зөвшөөрөөгүй тул Баатарсүх аль болох хол газар цэрэгт явж, Чимэддорж багш нь түүнийг цэргээс Радиодоо шууд татаж авахаар тохиролцсон боловч Баатарсүхийг цэргийн карантийн дээр байхад нь аав нь мэдээд түүнийг хотод хуваарилуулж, харин Чимэддорж багшийнх нь талаар "Төмөрийн Чимэддорж гэдэг хүн хүүг минь уруу татаж урлаг руу оруулах гэлээ" хэмээн гомдол мэдүүлснээр анхны оролдлого нь бүтэлгүйтжээ. Тэр явдлаас хойш хоёр жилийн дараа Т.Чимэддорж дахин 1969 оны хавар С.Баатарсүхийн сургууль дээр хүрч очоод "За миний хүү, чи ерөөсөө л манай Радиод оч. Чамгүй бол ерөөсөө болохгүй нь" гэхэд араас нь Бадраа багш нь орж ирээд "Миний хүү, чи ерөөсөө хөгжмийн л хүн, чи хөгжмөөрөө л амьдарна. Бурхан чамд юм өгсөн юм шүү" хэмээн ятгасанд хоёр мундаг хүн дэмжсэнд урамшсан тэрээр энэ удаад эцэг эхийн зүгээс ирэх эсэргүүцлийг хүлээж авалгүй МРТУХ-ны цахилгаан хөгжмийн чуулгад гитар хөгжимчнөөр очжээ. С.Баатарсүхийг Радиод очоод удаагүй байхад түүний анхны дан хөгжмийн бүтээл болох МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээний ая алдарт "Цэнхэр залаа" бүтээл нь (анх гитарын гоцлолоороо гарч ирсэн) төрж, Төмөрийн Чимэддорж багш нь ноотолж, Жамцын Бадраа багш нь шавийнхаа хөгжмийг сонсоод сайтар бодож тунгаасны үндсэн дээр "Цэнхэр залаа" гэдэг нэрийг өгчээ. Ийм бүтээл төрөхөд нөлөөлсөн гол хүнийг тэрээр Жамцын Бадраа багшийгаа гэдэг. Бадраа багш нь түүнд "үндэсний өв уламжлалаа барь, хадгал" гэж байнга сануулж, учрыг нь сайтар тайлбарлан хэлж өгдөг байсан гэдэг. С.Баатарсүх: "Цэнхэр залаа" бол Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ" дууг гитарын гоцлол болгож тоглосны дараахан, Радиод очоод удаагүй байхад нэг шөнө үүрээр миний зүүдэнд зураглалтайгаа ороод ирсэн аялгуу. Одоо энэ цаг агаарын мэдээгээр явж байгаа энэ бүх цогцоороо орж ирсэн юм хэмээсэн байдаг. Ж.Бадраа С.Баатарсүхийг 1-р курсээс нь мэддэг багш нь байлаа. 1969 онд Монголын Залуучууд Оюутны 3-р их наадамд түрүүлсэн МУИС-ийн багийг удирдаж байсан Ж.Бадраа Монголын Алтан ургийн сүүлчийн хошуу ноён Баатар ван Н.Наваан-Юндэнгийн шүлэг, Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ" дууг гитараар тогло гэсэн үүрэг Баатарсүхэд өгч, С.Баатарсүх "Соёл-Эрдэнэ" дууг цахилгаан хөгжмийн хамтлагт зориулж хөгжмийн найруулга хийн анх гитарын гоцлол болгож 1969 оны 7 сард Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгатайгаа тоглож Монголын Радиод бичүүлж, мөн оны 8 сард ЗСБНХУ-ын Ташкент хотноо Монгол-Зөвлөлтийн Найрамдалт 3-р фестивальд МУИС-ийн цахилгаан хөгжмийн чуулгатайгаа тоглосон байдаг юм.

Т.Чимэддоржийн уйгагүй хөөцөлдөж Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгадаа гитар хөгжимчнөөр авчирсан С.Баатарсүх "Цэнхэр залаа"-гаа залгуулаад "Долоон бурхан", "Сансрын хөлөг", "Хөгжилтэй залуус", "Золжаргал", "Залуусын дуу" зэрэг гитар хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээлүүдээ туурвиж, гоцлон тоглож Радиод бичүүлжээ. С.Баатарсүхийн найруулсан З.Хангалын ая "Өглөөний наран", Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ" зэрэг гитарын гоцлолууд мөн түүний гоцлон хөгжимдснөөр Монголын Радиогийн Алтан сан хөмрөгт орсон. Гитар хөгжимд зориулагдсан эдгээр бүтээлүүд нь С.Баатарсүхийн төдийгүй тус чуулга болон манай орны бусад цахилгаан хөгжмийн хамтлаг чуулга, гоцлол гитарчдын урын санд орж тоглогдсоор иржээ.

Хөгжмийн зохиолч УГЗ Т.Чимэддоржийн анх санаачлан байгуулсан "Баянмонгол" чуулга, тус чуулгын үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн монголын эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж үүсгэн байгуулагдсны 50 жилийн ойн жил нь МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 онд Төрийн Соёрхол хүртээсэн юм.

Төмөрийн Чимэддорж 1971 онд нээлтийн тоглолтоо хийсэн, манай зууны манлай, "Алдрын Од"-ын анхны эзэн Соёл-Эрдэнэ хамтлагийг байгуулагдахад басхүү чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг билээ. Тус чуулгыг анх байгуулагдахад БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх МРТУХ-ны Хөгжмийн Редакцийн хариуцлагатай редактор, Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын уран сайхны удирдагч, удирдаач, хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддоржид УАДБЧ-ын ятгачин дөрвөн залууг цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулахад бүхий л талаар тусалж дэмжих, цахилгаан хөгжим тоглуулж сургах, улмаар урын сангаа босгоход нь зөвөлгөө туслалцаа үзүүлэхийг Соёлын Сайдаас даалгасан байдаг. Т.Чимэддорж МРТУХ-ны хөгжимчиддөө УАДБЧ-ын дэргэд байгуулагдаж байгаа цахилгаан хөгжмийн шинэ хамт олонд мэдэх чадах бүхнээ зааж өгөхийг давхар даалгаж гоцлол гитарчин С.Баатарсүхийг "Цэнхэр залаа" болон бусад гитарын гоцлолуудаа тэрхүү шинэ хамт олноор тоглуулж сургахаар томилсон гэдэг. С.Баатарсүх Т.Чимэддорж багшийнхаа өгсөн үүргийн дагуу "Соёл-Эрдэнэ" дээр хүрч очиход гоцлол гитарчнаар түүний хувьд хуучны танил, өмнө нь түүнээс хувиараа сургалт авч байсан Д.Галсанбат ирсэн байжээ. С.Баатарсүх үндсэн ажлынхаа хажуугаар орой үдшийн цагаар тэдэнтэй жил тойрон хамтарч ажилласан гэдэг бөгөөд тус хамтлагийн урын санд түүний гитарын гоцлолууд орж, С.Баатарсүх, Д.Галсанбат нар ийнхүү албан ёсоор багш шавийн барилдлагатай болжээ. Нэгэн нэвтрүүлэгт С.Баатарсүхээс гитарчдын тухай асуухад тэрээр "Миний гарын анхны шавь болохоор Галсанбатыгаа их хайрладаг даа" хэмээсэн байдаг. Багшийн эрдэм шавиасаа гэдэг, Д.Галсанбат 1992 онд МУГЖ цол хүртэж Монголын эстрад урлаг, тэр дундаа монголын поп-рок ертөнцөөс төрсөн анхны ГАВЬЯАТ болсон юм. Д.Галсанбатын насан турш гоцлол гитарчнаар ажилласан "Соёл-Эрдэнэ" хамтлаг 1999 онд болсон бүх нийтийн санал асуулгаар ХХ зууны манай манлай хамтлагаар шалгарч, 2015 онд "Алдрын Од"-ын анхны эзэн болсон.

"Соёл-Эрдэнэ" нь 1973 онд Герман улсад болсон ДЗО-ны Х их наадамд "Залуучууд их наадамдаа", "Хүүш Дамдин" дуу, С.Баатарсүхийн хөгжим "Цэнхэр залаа" цахилгаан хөгжимтэй ятгын гоцлолоороо амжилттай оролцож хилийн чанадаас алтан медаль авчирсан анхны хамтлаг билээ.

1972 онд Монгол УЛСЫН ФИЛАРМОНИ байгуулагдахад Т.Чимэддоржийн санаачлан байгуулсан МРТУХ-ны цахилгаан хөгжмийн чуулга, мөн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу байгуулалцсан "Соёл-Эрдэнэ" чуулга гэх эдгээр хоёр цахилгаан хөгжмийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ шилжин очсон юм. Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга Улсын Филармонид шилжиж очоод эстрадын "Баянмонгол" чуулга гэсэн шинэ нэр авчээ. 1974 онд "Баянмонгол" чуулгын гоцлол гитарчин С.Баатарсүх Хөгжмийн их сургуульд сурах болоход УФ-ийн дарга Ц.Намсрайжав багш нь орныхоо хүнийг олж ир гэсэнд тэрээр Багшийн сургуулийг төгссөн, БСО-нд ажиллаж байсан гитар хөгжим сайн тоглодог, түүний суралцаж төгссөн 10 жилийн 5-р дунд сургуульд мөн суралцаж төгссөн Б.Ганбатыг авчиржээ. Б.Ганбат нь хөгжмийн боловсролтой, ноот мэддэг, гитар сайн тоглодог, 1965 онд 5-р сургуулийн тавдугаар ангид сурч байхаасаа С.Баатарсүхийг харж сонсож ирсэн тэрбээр түүний гитарын гоцлолуудыг хэдийнээ бие даан тоглож сурсан, БСО-ны гитарын дугуйланд багшилж байхдаа дугуйлангийнхаа хүүхдүүдэд заадаг байжээ. Б.Ганбат нь 1969-1973 онд Багшийн сургуульд суралцаж байхдаа хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал нартай хамтран сургуулийнхаа анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж мэргэжлийн түвшинд тоглодог байсан хэмээн дурссан байдаг. Б.Ганбат "Баянмонгол" чуулгад 2021 он хүртэл тасралтгүй ажилласны зэрэгцээ гитарын сургалтаа үргэлжлүүлэн Ц.Энхманлайгаас О.Бархүү хүртэл олон арван шилдэг гитарчдыг бэлтгэсэн гавьяатан билээ.

Төмөрийн Чимэддоржийн Германы үзэсгэлэн худалдаанаас Радиод зориулж сонгон худалдаж авсан Матадор 25 цахилгаан орган Монгол оронд цоо шинэ үзэгдэл болж 1972 оны 4-р сарын 23-нд бичигдсэн МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээний ая "Цэнхэр залаа" ятгын гоцлолын (МРТУХ-ны ЦХЧ-ын альто саксафонч, даралт хөгжимчин Лунжгайн Батаагийн тоглосноор) эхэнд нэг, дунд хоёр удаа эгшиглэж, Л.Оюунчимэгийн дуулсан "Үртэй хүн жаргалтай", "Навчин дээрх шүүдэр", Т.Рэнцэнхандын дуулсан "Энэрэлт сайхан харц", Д.Цэцгээгийн дуулсан "Том болж дээ миний хүү", М.Бямбадоржийн дуулсан "Мөнгөн шөнө", "Хавар болжээ хонгор минь", "Нүдэн нуур", Л.Оюунчимэг Х.Галхүү нарын хамтран дуулсан "Дөрвөн улирал хоёр амраг", Х.Галхүүгийн дуулсан "Мөрөөдлийн дуу", М.Янжиндуламын дуулсан "Орь залуу нас" зэрэг тухайн үед Монголын Радиод бичигдэж Радиогийн Алтан Фондод хадгалагдан үлдсэн "Баянмонгол" чуулгын уран бүтээлийн эх бичлэгээс сонсох боломжтой.

УГЗ хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн зөвлөхөөр ажилласан, 1978 онд бүтсэн Ж.Бадраагийн зохиол "Учралын уянга" телекино концертод УФ-ийн эстрадын "Баянмонгол", "Соёл-Эрдэнэ" чуулгын уран бүтээлчид оролцож, уран бүтээл нь тоглогдсон байна.

  1. "Учралын уянга", ая З.Зундарь, шүлэг Ж.Ёндонсамбуу (дуучин Б.Нандинцэцэг, "Соёл-Эрдэнэ" чуулга)
  2. "Үртэй хүн жаргалтай", ая Л.Батаа, шүлэг Ш.Цогт (дуучин Л.Оюунчимэг, "Баянмонгол" чуулга)
  3. "Орь залуу нас", ая Т.Насанбуян, шүлэг Ж.Бадраа (дуучин М.Янжиндулам, "Баянмонгол" чуулга)
  4. "Ангийн хоёр анддаа", ая Д.Галсанбат, шүлэг Ч.Пүрэвдорж (дуучин Б.Нандинцэцэг, "Соёл-Эрдэнэ" чуулга)
  5. "Сэтгэлийн жигүүр", ая З.Зундарь, шүлэг Д.Мангалжав (дуучин Б.Баяраа, "Соёл-Эрдэнэ" чуулга)
  6. "Намрын уран сэтгэмж", М.Смагины найруулга ("Баянмонгол" чуулга)
  7. "Навчин дээрх шүүдэр", ая Б.Даваа, шүлэг Ө.Балчиндорж (дуучин Л.Оюунчимэг, "Баянмонгол" чуулга)
  8. "Хайрын дуу", ая Д.Жанчив, шүлэг С.Дашдооров (дуучин Б.Нандинцэцэг, "Соёл-Эрдэнэ" чуулга), ("Мартагдашгүй намар" киноны дуу)
  9. "Цэнхэр залаа", хөгжим С.Баатарсүх (ятга Б.Наранбаатар), [1969 онд зохиогдож олны хүртээл болсон С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" 127 такт гитарын гоцлолыг 1971 онд "Соёл-Эрдэнэ" чуулга ятгаар гоцолж хөгжимдөхдөө ятга нь гитар шиг өнгө шууд сольж болдоггүй тул хоёр өөр хөгтэй хоёр ятган дээр Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг нар хэсэг хэсгээр нь ээлжлэн тогложээ. 1972 оны 04-р сарын 23-нд Радиогийн бичлэгт МРТУХ-ны цахилгаан хөгжмийн чуулга хөгжимдөж "Цэнхэр залаа" цахилгаан хөгжимтэй ятгын гоцлолын 127 такт (С.Баатарсүхийн анх тоглосон хувилбар) болон 197 такт (Радиогийн ажилтан н.Жамбалсүрэнгийн найруулга - одоо МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр явдаг) тоглосон урт богино хоёр бичлэгт ятга хөгжимчид болох Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг нар мөн хамт орж ээлжлэн тогложээ. 1978 онд бүтсэн "Учралын уянга" хэмээх энэхүү телекино концертын киноны зураг авалтад хоёр өөр өнгөн дээр сонсогдож байгаа 127 такт "Цэнхэр залаа" цахилгаан хөгжимтэй ятгын гоцлолыг нэг ятгаар дүрсжүүлсэн тул ятгачин Б.Наранбаатар дүрсэнд ганцаараа орсон байна.]

1979 онд Монголын Радиогийн дэргэд "ИНЭЭМСЭГЛЭЛ" чуулгыг бага наснаас дуу хөгжмөөр нөхөрлөсөн авьяаслаг залуус хамтран байгуулахад мөн л Төмөрийн Чимэддорж дэмжин ажилласан хэмээн өдгөө манай "Пентатоник" академийн тэргүүн Б.Долгион дурсан ярьсан байдаг.

Төмөрийн Чимэддорж гэдэг энэхүү эгэл хэрнээ эрхэм хүний Монголын эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.

Тайз, дэлгэцийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]

Ш.Сүрэнжавын цомнол "300 хүүхэн" хошин дуурь (1987 он)

"Доктор Шастин" /1970/, "Гал голомт" /1972/, "Улаанбаатар" /1974/ зэрэг баримтат кино,

Д.Батбаяр, Б.Балжинням нарын зохиол "Сүхболдын яриа" /1975/, "Жигүүр" /1981/, Б.Нямаагийн зохиол "Багын найз" /1983/ зэрэг уран сайхны кино,

"Майга бор, цагаан хүзүүт" /1955/, "Адуучин хүү" /1957/, "Сайхан дуу" /1961/, "Эзэд" /1966/, "Таны чин зориг мэднэ" /1968/, "Хээтэй мөнгөн бөгж" /1968/, "Тагтаа" /1968/ зэрэг жүжиг, радио-теле жүжгийн хөгжим

Жич: Ж.Бадраагийн зохиол "Учралын уянга" /Монгол Кино Үйлдвэр, 1978 он/ телекино концертын ерөнхий зөвлөх

Дан хөгжмийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]

"Цэлмэг тэнгэрийн дор" дөрвөн ангит яруу чуулбар /1964/, "Хувьсгалын уриа" яруу удиртгал /1971/, "Пионерын зуслан" зургаан ангит яруу чуулбар /1972/ зэрэг яруу найрлын бүтээл, ардын болон бусад хөгжмийн зэмсэгт зориулсан аязууд, төгөлдөр хуур - найрал хөгжимд зориулсан аяз, төрөл бүрийн гоцлолууд, хүүхдийн тоглоомт бүжгийн аязууд, радио нэвтрүүлгийн чимэг хөгжим зэрэг 40 гаруй

Дуулаачийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  1. "Зам дээр гээгдсэн цэцэг" (шүлэг С.Дашдооров)
  2. "Бүсгүй" (шүлэг С.Дашдооров)
  3. "Том болж дээ миний хүү" (шүлэг Д.Наваансүрэн)
  4. "Энэрэлт сайхан харц" (шүлэг Д.Батсүрэн), (Монгол тулгатны 100 дуу)
  5. "Сувилагч тандаа баярлалаа" (Ш.Сүрэнжав), (Монгол тулгатны 100 дуу)
  6. "Нас тогтох сайхан" (З.Дорж)
  7. "Торгон хилийн зүг" (Ш.Сүрэнжав)
  8. "Ахан дүүсийн дуу" (Д.Батсүрэн)
  9. "Ургацын далай" (С.Дашдооров)
  10. "Налгар намрын уянга" (Дан.Нямаа)
  11. "Шөнийн эргүүл" (С.Дашдооров)
  12. Хүүхдийн дуу: "Хоёр хоньчны дууль" (Ч.Чимэд), "Эрх цагаан ишиг" (М.Чойжил), "Нараа баясан угтъя" (Ө.Баасанжав), "Мөрөөдөл" (Ө.Баасанжав), "Насан багын үерхэл" (Г.Мэнд-Ооёо); "Зайрмаг", "Сайн байна уу", "Баяртай", "Төрсөн өдрийн дуу"

зэрэг найрал, чуулга, хүүхдийн дуу, нийтийн дууны 200 гаруй дууны ая туурвижээ.

Хэвлэгдсэн бүтээл

[засварлах | кодоор засварлах]

"Манай гариг баярласаар" /УБ, 1971/, "Залгамж үеийн тэмүүлэл" /УБ, 1974/, "Цэнгэлийн орон" /УБ, 1983/ зэрэг дууны түүвэр

  1. STV, "Зуун дамжсан аялгуу", Монголын Рок Поп хөгжмийн түүх, "1960-аад он - Төмөрийн Чимэддорж", зохиогч-хөтлөгч Балчинжавын Долгион[46'16"]
  2. Facebook Watch, Дуучин Л.Оюунчимэг, 2020-05-29, ЗУУН ДАМЖСАН АЯЛГУУ Монголын рок попыг өгүүлсэн тус нэвтрүүлгийн дугаараар "Баян Монгол" чуулгын үүсгэн байгуулагч, МУУГЗ, орчин цагийн хөгжмийн зүтгэлтэн Төмөрийн Чимэддоржийн тухай өгүүлэх болно, Монголын Рок Поп хөгжмийн түүх, "1960-аад он - Төмөрийн Чимэддорж", зохиогч-хөтлөгч Балчинжавын Долгион, [46'16"]
  3. МУ-ын ерөнхийлөгч: Халтмаагийн Баттулга, 2019-12-29, Улсын филармонийн "Баянмонгол" чуулгын уран бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ.
  4. MARGAASH LIVE, 2019-12-30, Б.Хонгорсайхан, "Баянмонгол чуулга" Төрийн Соёрхол хүртлээ
  5. МҮОНР, 2021-06-27, Монголын радиогийн “Дуун увидас" нэвтрүүлэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн хөгжим, Д.Батсүрэнгийн шүлэг "Ахан, дүүсийн дуу"-ны тухай өгүүлнэ. Дуун увидас: "Ахан, дүүсийн дуу"-ны тухай
  6. Өдрийн сонин, 2021-11-07, Урлаг судлаач Д.Мягмарсүрэн: “Ургацын далай", "Нас тогтох сайхан" гээд олон дууны эзэн Төмөрийн Чимэддорж гуайн ач буяныг энэхэн насандаа мартахгүй
  7. МҮОНР, 2021-12-28, "Төмөрийн Чимэддорж ба хүрээ хөгжим", радио нэвтрүүлэг
  8. #MNB #МҮОНТ, 2022-04-21, "Дурсамж хөглөсөн аялгуу", Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж