Халтарын Билэгжаргал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Халтарын Билэгжаргал - Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч юм.

Товч намтар[засварлах | edit source]

Халтарын Билэгжаргал нь 1954 онд тухайн үеийн Завхан аймгийн Чандмань-Өлзийт (одоогийн Яруу) суманд төрсөн. 1960-1968 онд дунд сургууль, 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсөж, 1972-1976 онуудад нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, дараа нь ЗХУ-ын Свердловск (одоогийн ОХУ-ын Екатеринбург) хотын Уралын Хөгжмийн Их Сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид 1976-1982 онд Б.Гибалинаар, 1982-1984 онд А.Неминскийгээр багшлуулж төгсчээ. 1972-1975 онд Архангай аймгийн Багшийн сургуульд хөгжмийн багш, 1984-1987 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, 1988 оноос Улсын дуурь бүжгийн академик театрт хөгжмийн зохиолч, 1998-2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаач, 1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байв.

Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын дан хөгжмийн өвөрмөц нэгэн зохиол бол 2007 онд туурвисан “Пассакалиа”(Passacaglia) юм. Чавхдаст хөгжмийн цөөхүүл, төгөлдөр хуур болон цохивор хөгжимд зориулсан энэхүү бүтээлийн хөгжмийн бүрэлдэхүүн нь түүний “дуртай” “цөөхүүл” төрөл юм. Хэмжээний хувьд хэдийгээр том бус боловч дуурьсал, агуулга, өгүүлэмжээс үзвэл эмгэнэл, гашуудлыг дүрслэн илэрхийлж байдаг.

Өрнө дахинд “пассакалиа” хэмээх нь испани, италиас үүсэл, гаралтай хөгжмийн нэгэн төрөл бөгөөд эхэн үедээ зочдыг гаргаж өгөх бүжгийн голдуу үдэлтийн хөгжим байсан бол түүхийн явцад тэдгээр нь өөрчлөгдөж хүндэтгэлийн маягтай, улмаар гашуудлын өнгө аястай болжээ. Энэ нь ихэвчлэн вариацын хэлбэртэй байдаг байсан ба эхлэхдээ басс хоолойд үндсэн аялгуу эгшиглэдэг зарчимтай байв.

Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал өөрийнхөө “Пассакалиа” зохиолдоо үндсэндээ дээрх буюу өрнийн энэхүү “пассакалиа” төрлийн зарчмуудыг баримталсан байдаг. Х.Билэгжаргалын “Пассакалиа” нь үндсэн 2 хэсгээс бүрдэх ба хэсэг тус бүрдээ гол сэдэв аялгуугаа вариацлах замаар зохиолыг өрнүүлнэ. Мөн эхлэхдээ морин хийл хөгжмөөр үндсэн сэдэв аялгууг эгшиглүүлнэ.

Энэхүү “Пассакалиа”-ийн агуулга нь хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Гэрэл, сүүдэр” дуурийн өгүүлэмжтэй нэлээд ойрхон сэдэв байж болох юм. Аялгууны дуурьсал, эгшгүүдийн зохирол болон бусад хөгжмийн хэллэг зэргээс сонсож үзвэл монголын нийгэм солигдож байх үеийн олон хурц асуудлуудын нэг болох хэлмэгдүүлэлтийн дүр зураг санаанд буух ажээ.

Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал 1981-1982 оны үед “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт”-оо зохиожээ. Энэ цаг үеийг тооцож үзэхэд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын консерваторид хөгжмийн зохиолчийн ангийн оюутан байв. 1976-1982 онд Б.Гибалин багшийн удирдлага дор суралцаж байгаад 1982-1984 онд Д.Неменский дээр шилжин ирж сургуулиа төгссөн гэдэг. Учир нь тус сургуульд суралцаж төгссөн олон хөгжмийн зохиолчдын “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд нь хүргэсэн” ачтан бол түүний багш Б.Гибалин байсан юм.

Татар гаралтай тэрээр хөгжмийн урлаг дахь үндэсний онцлог, хэрэгцээ, шаардлагыг ихээхэн ойлгодог байсан учраас монголоос ирсэн З.Хангал, В.Боролдой, Х.Билэгжаргал, Б.Шарав зэрэг ирээдүйн хөгжмийн залуу зохиолчдод өөрийнхөө үзэл санааг таниулан ойлгуулахын зэрэгцээ тухайн үеийн Зөвлөлтийн орчин цагийн хөгжмийн урлагтай танилцуулж, хөгжмийн зохиомжийн дотно хэрнээ ихээхэн үр дүнтэй зөвлөгөөг өгдөг байв. Харамсалтай нь Б.Гибалин багш нь 1982 онд нас баржээ. Консерваторийн оюутан Х.Билэгжаргалын “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт” бол эрхэм багш Б.Гибалины удирдлага дор бичсэн сүүлчийн зохиол байв.

Х.Билэгжаргалын энэ концертыг ЗХУ(ОХУ)-ын Ярославль хотын филармонийн найрал хөгжим, төгөлдөр хуурч Т.Цолмон,  удирдаач В.Понькины удирдлагаар 1986 онд тогложээ.

Энэхүү төгөлдөр хуурын концерт нь манай төгөлдөр хуурын үндэсний хөгжмийн зохиолчдын урын санд гурав дахь концерт болж тэмдэглэгддэг. Учир нь 1973 онд З.Хангал нэгдүгээр концертоо, 1978 онд Ц.Нацагдорж концертоо бичиж байжээ.

Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт” нь монголын симфони хөгжмийн урлагт, тэр дундаа төгөлдөр хуурт зориулсан бүтээл, туурвилд томоохон шинэчлэлийг авчирсан зохиол болсон юм. “Хөгжмийн зохиолчийн Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт ч мөн энэ  талаар манай зохирлын сэтгэлгээнд баяжилт хийсэн бүтээлийн нэгэнд зүй ёсоор орно”[1].

Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын хөгжмийн бүтээлүүдийн хэв маяг нь үндэсний өнгө аясыг хадгалахын зэрэгцээ орчин үеийн хөг, дуурьсал, зохирлын шинж байдлыг агуулсан шинэлэг сэтгэлгээний илэрхийлэл болж байсан юм. Allegro – Largo -  Allegro гэсэн 3 ангитайгаар бичигдсэн уг концертын төгөлдөр хуурын арга барил нь монголын төгөлдөр хуурын урлагт арга байхгүй үндэсний гэдэг хэв маягийг бий болгосон байна.  


[1] Жанцанноров Монголын хөгжмийн 12 хөрөг. УБ., 2009 он.

Уран бүтээл[засварлах | edit source]

Дуурь, балет, кино, жүжгийн хөгжим[засварлах | edit source]

  • “Ламбугайн нулимс” дуурь
  • “Гэрэл сүүдэр” дуурь
  • “Бөртэ чоно” балет
  • “Ховор хүмүүс” киноны хөгжим
  • “Атга нөж” жүжгийн хөгжим

Дан хөгжмийн бүтээл[засварлах | edit source]

  • Төгөлдөр хуурын концерт
  • “Пассакалье фугатто”
  • “Трио” төгөлдөр хуурын гурвал
  • “Хэлхээ аялгуу” морин хуурт зориулсан аялгуу
  • Хуучир хөгжимд зориулсан сонато

Дуу, романс болон бусад[засварлах | edit source]

  • “Миний Монгол” романс
  • “Сүүтэй цагаан аялгуу” романс
  • “Цагаан уул цэцэг” романс
  • “Торгууд чуулбар” бүжиг
  • “Хангайн даваа” дуу
  • “Ай, дуут намраа” дуу
  • “Нутагтаа эргэн очихуй” дуу
  • “Сүүтэй цагаан аялгуу” дуу
  • “Дуулж л явъя даа” дуу
  • “Зүүдний хайртай нутаг” дуу гэх мэт

Шагнал[засварлах | edit source]

  • 1995 онд “Морин хуур” наадмын шагнал,
  • 2007 онд “Атга нөж” жүжгийн хөгжмөөр Гэгээн Муза шагнал,
  • 1997 онд “Ламбугайн нулимс” дууриараа Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн юм.