Бямбасүрэнгийн Шарав
Бямбасүрэнгийн Шарав (1952 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн 2019 оны 7 сарын 15-нд[1][2] Улаанбаатарт хотод нас барсан) -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б.Шарав 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцаж төгссөн.
1975-1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн (зохиомжийн мэргэжлийн багш нь Б.Д.Гибалин, Н.М.Пузей).
1972-1975 онд нийслэлийн арван жилийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллажээ.
1983-1986 онд Хөгжим Бүжгийн дунд сургуульд хөгжмийн онолын багшаар ажиллав.
1986-1987 онд УАДБЧуулгад төгөлдөр хуурчаар ажилласан байна.
1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хороонд дууны уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, тэргүүлэгч, Сонгодог урлагийн академик театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байжээ.
1983 онд Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүнээр элссэн.
1985 онд Азийн хөгжмийн VII индэр-олон улсын симпозиумын шилдэг бүтээлийн шагнал хүртэв.
1988 онд ЗХУ-ын Ленинград хотноо "Хүнлэг энэрэнгүй ёс, ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийн төлөө" уриан дор зохион байгуулагдсан олон улсын хөгжмийн III наадмын шагнал хүртсэн.
1990 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1992 онд "Замбуу тивийн наран" магтуу, II симфони, "Сэрсэн тал" удиртгал бүтээлүүдээрээ Төрийн шагнал хүртжээ.
1985 онд Б.Шаравын "Замбуу тивийн наран" магтуу нь ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан санд бүртгэгдсэн байна.
Уран бүтээлийн замнал
[засварлах | кодоор засварлах]1970-д оны сүүл үеэс, 1980-д оноос Монголын хөгжмийн зохиолчдын шинэ үеийнхэн уран бүтээлээрээ өөрсдийгөө тодорхойлон гарч ирцгээсэн юм. Энэ бол монголын хөгжмийн урлагт шинэ өнгө, аяс, хэлбэр маяг, шинэ санаа, агуулгыг хүчтэйгээр гаргаж ирсэн үе байдаг. Хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхич шувуу” хэмээх симфони найраглал болон түүний дан хөгжмийн концертууд, Ц.Нацагдоржийн симфониуд болон “Үүлэн заяа” дуурь, Н.Жанцанноровын киноны хөгжмүүд, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурь, Б.Шаравын магтуу, симфониуд зэрэг тэр цаг үедээ уламжлалыг хадгалан шинэчлэлийг гаргаж ирсэн тэдний уран сайхны сэтгэлгээг илэрхийлсэн олон бүтээлүүдийг нэрлэж болох юм.
1983 онд Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийг төгссөн Б.Шаравын “Замбуу тивийн наран” магтуу, түүний нэг ба хоёрдугаар симфонийн агуулга, түүнийгээ дагасан дуурьслын модерн хэллэг зэрэг нь өөрийн баялаг өнгө аяс, хэмнэлийн ялгарамж зэргээрээ тухайн үеийн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг угтан хэлсэн, урьдчилан харсан, дуулсан, уриалан давшсан үзэл санааг агуулж байсан юм.
“Замбуу тивийн наран” магтуу, Нэгдүгээр симфони, хоёрдугаар симфоний цаад санаа, далд утга санаа, гүн гүнзгий дүрслэлүүд нь тухайн үедээ[1] “нам засгаас” мартуулах гэж зорьж байсан, мартагдах гэж байсан тэр л үзэл санаа, далд нуугдсан бодол байсан бол хөгжмийн зохиолч Б.Шарав түүнийг нь хоёрдугаар симфонидоо ил гарган тавьсан юм. Социализмын “тоталитар” хаалттай нийгмийн үед ил хэлэхээс айж, дотроо сүсэглэн бодож байсан Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хааны тухай сэдвийг хөгжмийн зохиолч Б.Шарав зоригтойгоор гарган ирж хөгжмийн урлагийн үндэсний сэтгэлгээний хөгжилд шинэ нээлт болгон гаргаж ирсэн нь энэхүү хоёрдугаар симфони байв. Социализмыг магтан дуулж байсан тэр цаг үед хүн ба байгаль, ертөнцийн тухай, хүн ба хүн төрлөхтний глобал ертөнцийн философийг хөгжмөөр өгүүлэх нь ирээдүй рүү зоригтой тэмүүлсэн, ирээдүйг зөгнөн хэлсэн эрхэмсэг туурвил байсан юм. Социализм задран нурахыг, нийгэм өөрчлөгдөхийг, улс орнууд тусгаар тогтнохыг урьдчилан сануулах мэт Б.Шаравын симфони бүтээлүүд хөгжмийн ертөнцөд түгшүүрийн харанга дэлдсэн.
[1] XX зууны монгол дахь социалист нийгмийн үед үндэсний үзлийг хаан боогдуулж, түүний эсрэг социалист, интернационалч үзлийг нэгдүгээрт тавьж монголчуудын түүх, ялангуяа Чингис хаан, түүний эзэнт гүрний тухай ярих, сурталчилахыг хориглодог байжээ.
Хоёрдугаар симфони
Хөгжмийн зохиолч Б.Шаравын хоёрдугаар симфони нь Улаанбаатар хотноо 1987 онд зохион байгуулагдсан “Алтан намар” хөгжмийн наадамд анх удаа эгшиглэсэн бүтээл юм. 1988 оны 5 сарын 22-нд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотод зохион байгуулагдсан 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолчид оролцсон “Ард түмний энэрэнгүй үзэл, энх тайван, найрамдлын төлөө” олон улсын хөгжмийн III их наадмын хүрээнд энэхүү симфонийг Литвын филармонийн симфони найрал хөгжим, Ленинград хотын Глинкийн нэрэмжит найрал дуучид Литвын Урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач Гинтарас Ринкявичусын удирдлагаар эгшиглүүлжээ. Тус наадамд оролцогчдоос америкийн хөгжмийн зохиолч Жон Адамс, зөвлөлт Гүржийн хөгжмийн зохиолч Гия Канчели, монголын хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлийг онцгойлон нэр дурдаж өндөр үнэлсэн байдаг. 5 хэсгээс бүрдэх энэхүү симфони нь өрнийн сонгодог дэг жаягаас холдон одсон, үндэсний сэтгэлгээний өвөрмөц нэгэн бүтээл болсон юм.
Симфонийг бичих зохиогчийн ерөнхий хандлага (концепц) нь өрнийн сонгодог сонатын хэлбэрийг, зөрчилт симфонизмын үндсийг даган дуурайх бус хүн төрлөхтний сонгодог хөгжмийн оргил болсон симфони гэх төрөл зүйлийг, түүний илэрхийлэмжийг монгол хүний оюун санааны ертөнцөд цоо шинэ “нээлт” болгон буулгаж ирсэнээрээ Б.Шаравын уран бүтээл нь Монголын хөгжмийн урлагт онцгой ач холбогдолтой юм.
Бүтээл туурвил
[засварлах | кодоор засварлах]Дуурь: "Чингис хаан"(2003 он., П.Бадарчийн цомнол)
Балет:
- "Ононд хатаагдсан илд"(1990)
- "Алтан ураг"(1993)
- “Зуурдын орон"(1998) модерн балет
- "Сэрүүн намар"(1999)
Симфони:
- Симфони №1(1983)
- Симфони №2(1986)
- Симфони №3(1990)
Оратори:
- "Мөрөөдөл"(2005)
- "Чингис хаан бат оршиг"(2006)
- "Сэрсэн тал" (1984)
Магтуу:
- "Замбуу тивийн наран"(1982)
- "Хүмүүн"(1985)
- "Миний эх орон"(1986)
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2006 онд Монгол Улсын Төрийн дээд Чингис хааны одон
- 2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
- 1992 онд Төрийн шагнал,
- 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ unuudur.mn: Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө нийтэлсэн Г. Тэмүүлэн, нийтлэгдсэн 2019-07-15
- ↑ news.mn: Хөдөлмөрийн баатар Б.Шарав гэгээн алсад одлоо нийтэлсэн Б. Бат, нийтлэгдсэн 2019-07-15
- Бямбасүрэнгийн Шарав
- Киноны хөгжмийн зохиолч
- 20-р зууны сонгодог хөгжмийн зохиолч
- 21-р зууны сонгодог хөгжмийн зохиолч
- Монголын хөгжмийн зохиолч
- Монголын сонгодог төгөлдөр хуурч
- Монгол улсын хөдөлмөрийн баатар
- Чингис хаан одон шагналтан
- Монгол Улсын Төрийн шагналтан
- Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн
- Монголын их сургуулийн хүндэт доктор
- Уралын хөгжмийн их сургуулийн төгсөгч
- Жаргалтхааны хүн
- Монголчууд
- 1952 онд төрсөн
- 2019 онд өнгөрсөн