Цогзолын Нацагдорж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Цогзолын Нацагдорж
Төрсөн 1951 оны 4 сарын 17 (1951-04-17)
Нас барсан 2010
Үндэстэн Монгол
Ажил хөгжмийн зохиолч

Цогзолын Нацагдорж нь (1951 оны дөрөвдүгээр сарын 17 - 2010) Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч хүн байв.

Намтар[засварлах | edit source]

Тэрээр 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Шаврын ханан" гэдэг газар төржээ. Нацагдорж нь 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид(багш нь Н.Пузей) суралцан төгссөн. 1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

1994 оноос Сонгодог урлагийн академик театрын даргаар ажиллажээ. 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг 2-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараар, 1993 онд "Үүлэн заяа" дуурь, 4-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараараа Төрийн соёрхол хүртжээ. Тэрээр "Үүлэн заяа" (1988), "Өгөөдэй хаан" (1991), "Гэсэр хаан" (1995), "Гүн гэрийн гүнж" (2004) дуурь, 1-5-р симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) бичсэн ажээ. Түүний "Нутгийн чулуу" хэмээх дуу нь ард түмэнд хэдийнээ танил болсон түүхтэй.

Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 3-р сард МУСГЗ зохиолч Дамбын Төрбатын зохиолоор бичсэн түүний "Гүн гэрийн гүнж" дуурийг ДБЭТеатрын тайзнаа тавьсан байна. Найруулагчаар Батнасангийн Сүхээ(Ph.D), тайзны зураачаар ДБЭТеатрын ерөнхий зураач, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт,МУУГЗ Гунгаасүхийн Ганбаатар нар ажиллав.