Jump to content

Наваан-Юндэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван Насан-Очирын Наваан-Юндэн(1908-1985) 1908 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Насан-Очирын хүү болон мэндэлжээ. Хараагийн баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн нь 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай, Сайн ноён хан Намнансүрэн, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гарын шавь, Ардын хувьсгалын нууц 2 бүлгэмийн 13 гишүүний нэгэн, 13 настай партизан, Ардын намын тамгыг сийлэлцсэн, Ардын намын тусламж бичгийн амьд гэрч, Монголын орчин цагийн уран зохиолыг үүсгэгчдийн нэг, боловсрол соёлын үрийг таригч, 1926 оноос Германд сурсан анхны 35 оюутны нэгэн, ард түмний дунд ардын дуу мэт түгсэн Баянмонгол, Соёл-Эрдэнэ, Үхэрчин хүү Цэрэндорж зэрэг дуу, зохиолын эзэн, Б. Ринченгийн хамт шоронд 12 жил сууж, хайрт хань, төрсөн дүүгээ алдаж хэлмэгдлийн зовлонг биеэрээ амссан эсэргүү нэрт, дэлхийн сонгодог зохиолоос дуун хөрвүүлэгч, монгол хэлний товч тайлбар толь, орос монгол толийг зохиоход гар бие оролцогч, хэл шинжээч , эмч, хожмоо орос, герман, манж, түвд хэлний боловсролтой , сурган хүмүүжүүлэгч, төрийн алтан аргамж баригч, төрийн түшээ, түүхч, зохиолч болоод монгол түмний сор болсон сэхээтэн, ардын дуунд мөнхөрсөн Юндэн Гөөгөө шиг сайхан эр юм.

Тэрээр Чингис хааны алтан ургийн хэлхээ, удмын язгууртай, 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай хүн байв. Чингис хааны 32 дэхь үе Абатай сайн хааны(1554-1588) хүү Шибагудай өлзийт хунтайж, Өлзийт хунтайжийн ахмад хүү Мужан увш хунтайж, Увш хунтайжийн хүү Шибтуй хатанбаатар болой. Шибтуй хатанбаатар нь Баатар вангийн хошууны анхны засаг ноён юм.

Чингис хаанаас хойш 30 дахь үе, Гэрсэнз Жалайр хутагтаас (1513-1549) хойш тоолбол 15 дахь үе нь, Түшээт хан аймгийн 21 хошууны нэгэн Хараагийн Баатар вангийн хошууны (Одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хараа, Ерөө, Дарханы Шаамар сум, Зүүнхараа хот, Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум болно) хошуу ноён Баатар ван Н.Наваан-Юндэн аж. Н.Наваан-Юндэнгийн өвөг эцгийн хадгалж байсан Чингис хаан, Автай сайн ханы алтан ургын бичиг Наваан-Юндэнг эсэргүү хилс хэрэгт барьж хөрөнгө хогшлыг нь хураахад хамт алга болжээ.

Жаал ноён Баатар ван

Ноён суудалтай бага нас

[засварлах | кодоор засварлах]

1908 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Насан-Очирын хүү болон мэндэлжээ. Төрсөн эцэг Насан-Очир 60 насандаа бие барж, түүний төрсөн дүү Баатар вангийн хошууны засаг ноён Содномдоржаа эгч Цогт-Очир, дүү Догоосүрэн, Чинбатын (1912-1940) хамт үрчлэн авчээ. 1913 онд Содномдаржаа ноён бие барж үр хүүхэдгүйн тул хошуу ноён Содномдаржаагийн ор залган 5 насандаа (1913 он) Түшээт хан аймгийн 21 хошууны нэгэн Хараагийн Баатар вангийн хошууны хошуу ноён болж, Ардын засаг мандах хүртэл (1921 он) 8 жил ор суужээ. Баатар вангийн хошууны туслагч хойд эцэг Ойдов, эх Лхамжав нарын хамт Нийслэл хүрээнд шилжин сууж Халхын сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнд шавь орж, хичээнгүй сайд Цэрэндоржийн гарын шавь болжээ. Эрдэнэшанзавын яамны Үүдний хэмээх нэрт монгол манж бичгийн сургуульд сурсан.

Анхны бага сургууль

[засварлах | кодоор засварлах]

1921 оны 11 дүгээр сарын 2-нд Нийслэл хүрээнд орчин цагийн боловсролын хэмээгдэх анхны бага сургууль байгуулагдав. 1923 онд (15 насандаа) Ардын засгийн, үлгэр жишээч анхны 8 жилийн дунд сургуульд 3-р ангийн сурагч болов. Анхны захирлаар Эрхүүд багшийн боловсрол олсон Базарын Ишдорж байжээ. Анхны сурагчдын дунд ардын зураач, төрийн соёрхолт Л.Намхайцэрэн, геологи, минерологийн ухааны доктор Ж.Дүгэрсүрэн нар байлаа. Анхны дунд сургуулийн 3-р ангийн сурагчдийн зохиосон “Соёлын гэрэл нэрт” бичмэл сэтгүүлийг Н.Наваан-Юндэн, бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж, Уртнасан нар гаргажээ.

Сурагч Наваан-Юндэн

Барууны боловсрол

[засварлах | кодоор засварлах]

1926-1929 онд анхны дунд сургуулиас шалгарсан 35 сурагч Герман, Франц улсад сурахаар гэргий Хаалайн хамт явж Герман улсын Lichterfelde дунд сургуульд сурсан. Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан, 3 багшийн (Базарын Ишдорж захирал, Далай багш) хамт гарлаа. Тэр үед Дотоод яамны сайд байсан А.Амар, Хатанбаатар Магсаржав, судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамъян нар үдэн гаргаж билигтэй сайхан үг сургаал хэлцгээн их эрдэм сурахыг ерөөжээ. Орост сурч байсан Б.Ринчен, О.Намнандорж нар Ленинград хотод уулзжээ. Энэ тухайд нэрт зохиолч Д.Нацагдоржийн тэмдэглэн бичсэн Улаанбаатараас Берлин хүртэл(1927) шүлэг зохиолд тодорхой бий. 1926 онд 18 насандаа Монголын анхны газрын зургийг Германд хийхэд Дүгэрсүрэнгийн хамтаар оролцов. Энэ үед Наваан-Юндэн 8-р ангид сурч байв.

Нутагтаа эргэн дуудагдсан нь

[засварлах | кодоор засварлах]

1928 онд намын дотор баруунтны гэх хэлбэрэл үүсч, Ерөнхий сайдаар А.Амар сонгогдон баруунд сурч буй оюутныг эргүүлэн татжээ. 1929 оны намар Монголдоо дуудагдан ирэв. 1930-1932 онд Ардыг гэгээрүүлэх яаманд ном хэвлэл, латин үсгийн зөвлөлд үсэг хянагч ажил хийв. 1931 онд <<Дөрвөн цаг хүний амьдрал>> шүлэг, <<Гөрөөчин ач охин Дүүдий>> гээ бичив. Орос орон, эмчийн мэргэжил, Учиртай гурван толгой 1932 онд ЗХУ-н Омск хотийн анагаах ухааны дээд сургуульд эхнэр Хаалайн хамт суралцсан. 1933 онд Оросоос эргүүлэн дууджээ. Хитлер засгийн эрхэнд гарчээ. Наваан-Юндэн улсын төв театрт жүжигчинээр ажиллаж, уран зохиолчдын анхны уран сайхны радио үдэшлэг болж, Монголд радиo нэвтэрчээ. Учиртай гурван толгой дуурийн анхны Юндэнгийн дүрд Н.Наваан-Юндэн, Дэвээ Нансалмаад тоглохоор болсон ч Дэвээг эсэргүү Жамьянжавийн эхнэр хэмээн болиулжээ. 1934 онд ахин Омск хотыг зорих завшаан олов.

Хайрын гэгээн Хаалай, Хайртай дүү Чинбат

[засварлах | кодоор засварлах]

Баатар ван Наваан-Юндэнгийн анхны эхнэр гүн Гомбожавын охин Германд, мөн Омскт хамт сурч байжээ. Хаалайн сууж байсан айл нь үйлдвэр дээрээ очихийг уриж, тэр үйлдвэрийнхэн Хаалай охины гоо сайхныг ихэд гайхан биширч удалгуй Хаалай нэртэй шоколад хүртэл үйлдвэрлэж байжээ. 4 жил болохдоо Хаалай герман хэлийг төрөлх хэл бичиг шигээ сурсан. 1937 онд Наваан-Юндэн бид хоёрыг язгууртны хүүхэд гэж эх орноос минь дуудсан юмаа гэж Хаалай ярьжээ. Гучаад оны үеийн Монголын үзэсгэлэнт Сарангоо бүсгүйчүүдийн нэгэн Хаалайд боловсорч гүйцсэн тариаг гэнэтийн мөндөр нуга цохихтой адил эмгэнэлт хувь тавилан учирч залуу насандаа ертөнцөөс халин оджээ. 1938 оны 3 сарын 15-ны өдөр шоронд орж 1943 онд 6 жил мөрдөнд байх зуур хайрт гэргий Хаалай нас барж, 1945 онд дүү Чинбат уулзахаар ирээд буудан алуулж, гэмгүй хүмүүс хүн ёсгүй зэрлэг улсын гарт үрэгдэх учиртай байждээ хэмээн гуниглан зогсох Наваан-Юндэнгийн нүдэнд аяндаа нулимс хурдаг байжээ.Орос эмчийн хэлмэрч хийж, өвчтөн асарч байхдаа өвчин хүрч амь насаа алдахын даваан дээр шоронд буй сайхан сэтгэлт нөхдийн ачаар амь гарчээ. Н.Наваан-Юндэн гуайн хувьд нэгд залуу болоод шоронгийн бэрхийг туулахад тустай байж, хоёрт бага наснаас сурч мэдсэн боловсрол мэдлэг нь тусалж шоронгоос амьд гарч чаджээ.

Нарснаас наранд, Цагаадсан заяа

[засварлах | кодоор засварлах]

1950 оны 3 сард 12 жил шоронд суугаад гарч ирэхэд хайрт хань Хаалай, хайрт дүү Чинбат үгүй тул анд улаан эрдэмтэн хочит Бархасын Банзрагчийн гэрт очив. 1961 онд гавьяат багш болсон Хэнтий аймгийн Жанчивийн Намсрайнд анд нөхөр Пунцагбалжир гэргий Цогт-Очирын хамт ирж Наваан-Юндэн Лхамсүрэнтэй танилцжээ . Сайхан сэтгэлт хадам эцэг Ж.Намсрай, ирээдүйн халамжит хань Н.Лхамсүрэнтэй ийн учирах ерөөлтэй байв.

1965 онд Австри улсад очиж худалдааны гэрээ хийж, 1966-1969 онд эрдэм чадлынхаа хүчээр ардчилсан Герман, Унгар улсад элчин сайдын яаманд ажилтан болж, Монгол улсын их сургуульд багшилан олон шавьтай болжээ.