Цэнхэр залаа (гитарын гоцлол)
"Цэнхэр залаа" гитарын гоцлолыг Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1969 онд зохиожээ. "Цэнхэр залаа" гоцлол нь гитар хөгжмөөр туурвисан түүний гурван ангит дан хөгжмийн анхны бүтээл төдийгүй Монголын цахилгаан хөгжмийн үндэсний дан хөгжмийн анхны бүтээл юм. Тэрээр 20 насандаа "цаг агаарын ая" хэмээн алдаршсан энэхүү хөгжмийг зүүдэлж бичжээ.
Зохиогч С.Баатарсүх “Цэнхэр залаа” бол Н.Наваан-Юндэнгийн шүлэг, Ж.Дорждагвын ая “Соёл-Эрдэнэ” дууг найруулж гитарын гоцлол болгож тоглосны дараахан, намайг Радиод гоцлол гитарчнаар дуудагдаж очоод удаагүй байхад нэг шөнө үүрээр зүүдэнд цогцоороо, зураглалтайгаа ороод ирсэн аялгуу хэмээдэг.
Гоцлол төрсөн тухай, гоцлолд нэр өгсөн тухай зохиогчийн дурсамжаас:
1969 оны хавар юм даг, гурван сарын сүүлээр билүү дөрвөн сарын эхээр шиг санаад байдаг юм. Би Радиод гоцлол гитарчнаар дуудагдаж очоод удаагүй байсан үе. Нэг шөнө үүрээр гурав дөрвөн цагийн үед юм болов уу энэ аялгуу миний зүүдэнд орж ирж сонсогдсон, одоо энэ МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр явдаг тэр бүх цогцоороо орж ирж сонсогдсон. Зүүдэнд миний хайртай охин ижилхэн гоё монгол дээл өмссөн ангийнхаа охидтой ойн төгөлөөс гарч ирж үзэгдсэн. Охид явсаар нууран дундах арал дээр гарч бүжиглэж эхлэхтэй зэрэгцээд энэ ая тод сонсогдож эхэлсэн. Надад яг кино үзэж байгаа юм шиг санагдсан, одоогийнхоор бол клип шиг. Бүжиг ч дуусч би ч сэрж шууд босч гитараа аваад ванныхаа өрөөнд орж нөгөө аяа гитар дээрээ оруулж үзээд сайтар давтаж тогтоож аваад ажил цуглахыг хүлээж тэсэлгүй гэрээсээ гараад ажил руугаа алхчихсан. Долоон цаг гэхэд ажил дээрээ очсон. Манай гэр Сансарт, ажил Төв шуудангийн баруун дээд жигүүрт байсан. Ажил тэр үед наймд цугладаг байсан. Харин тэр өдөр Чимээ (Төмөрийн Чимэддорж) багш ажилдаа эрт ирж таарсан. Би ч "Багшаа миний толгой дотор нэг ийм ая сонсогдоод байна" гээд нөгөө аяа гитараараа тоглож үзүүлээд "Багшаа би ноотолж чаддаггүй ээ" гэхэд багш "Алив багш нь ноотлоод өгье" гээд надаар ганц хоёр тоглуулж сонсоод дор нь ноотлоод өглөө.
Багш ноотолж байхдаа ганц нэг гайхсан янз гаргахад нь би дотроо эмээж суулаа. Багш ноотолж дуусаад "Ийм юм гэж бас байдаг аа" гэж толгой сэгсэрснээ нэг хүнтэй ярихгүй бол болохгүй нь гэлээ. Тэгсэн төд удалгүй Бадраа (Жамцын Бадраа) багш ороод ирлээ.
Бадраа багш бид хоёр их сургуулийн багш шавь хоёр. Бадраа багш өглөө болгон манай ажлын хажуугаар гараад ажилдаа явдаг байлаа. Ая зүүдлэхийнхээ өмнөхөн би Бадраа багшийн даалгавраар "Соёл-Эрдэнэ" (Ж.Дорждагвын ая) дууны аянд импровизаци хийж найруулж гитарын гоцлол болгож их сургуулийнхаа цахилгаан гитарын чуулгатайгаа тоглоод бэлэн болгосон байсан л даа. Бадраа багш зун зургаан сард Ташкентын фестивальд манай их сургуулийн багийг ахалж явах байсан болохоор манай "Оюутны цахилгаан гитарын чуулга"-ынханд "Та нар эх орноо төлөөлж гадаад оронд явах хүмүүс монгол гэсэн үндэстний нүүр царай болох ёстой. Та нар дандаа гадаад орны хамтлаг чуулгуудын дууг дууриаж тоглоод байж болохгүй. Гадаадад энийг чинь хэн ч хүлээж авахгүй" гээд намайг "Соёл-Эрдэнэ" дууг чи гитараар тогло гэсэн юм, анх.
Чимээ багш бид хоёр болохоор хоёр жилийн өмнө анх танилцаж, хоёулаа нийлж нэг арга сэдэж бүтэлгүйтсэн удаатай. 1967 оны хавар Чимээ багш манайд гэрт хүрч ирээд “Радио удахгүй цахилгаан хөгжимтэй болох гэж байгаа. Бадраа багш чинь чамайг тэндээ заавал аваарай гэсэн. Чи манай Радиод ирж гитар тогло” гэхэд нь аав ээждээ хэлтэл зөвшөөрсөнгүй. Багш бид хоёр арга сэдэж би аль болох хол цэрэгт явж, багш намайг цэргээс Радиодоо шууд татаж авахаар тохиролцлоо. Цэрэг татлага ч болж би ч очоод бүртгүүлчлээ. Цэргийн карантийн дээр үсээ авахуулчихаад байж байтал манай аав мэдэж хүрч ирээд намайг хотод хуваарилуулж багшийн талаар “Төмөрийн Чимэддорж гэдэг хүн хүүг минь уруу татаж урлаг руу оруулах гэлээ” гээд гомдол мэдүүлчихсэн. Би тэгээд Радиод биш 013-р ангид татагдаад оччихсон. Багш 1967 оны 7-р сарын дундуур Радиогийнхоо хөгжимчдийг бүрдүүлсэн гэдэг. Би цэрэгт жил болоод 1968 оны намар сургуульдаа буцаж суусан. 1969 оны хавар Чимээ багш "Чи ерөөсөө манай Радиод ирж гитар тогло. Чамгүй бол ерөөсөө болохгүй нь" гээд манай сургууль дээр дахиад хүрээд ирсэн. Бадраа багш бас араас нь орж ирээд дэмжсэн. Би тэгээд МУИС-ийн 3-р курсийн хавраас Радиод гитар тоглож эхэлсэн.
Чимээ багш Бадраа багшид "Чи энэ хүүхдийн хөгжмийг сонс оо" гээд тоглож үзүүлээд "Энүүнд нэр хэрэгтэй байна" гэхэд нь сая нэг миний сэтгэл амарсан. Бадраа багш бас толгой сэгсрээд “Яруу найраг, шүлэг зохиолыг зүүдэлж бичих тохиолдол байдаг, харин аялгуу зүүдлэхийг сонсоогүй юм байна” гээд “За баяр хүргэе. Чи ноот мэдэхгүй, тэгээд ийм бүтээл бичжээ” гэсэн. Хоёр багш намайг гараад үүдэнд хүлээж бай, бид хоёрт ярих юм байна гэлээ. Хэдэн минут болоод дуудлаа. Тэгтэл Бадраа багш "За би ойлголоо, би бодно. Надад хөгжим ойлгогдож байна. Би эхлээд оркестртой нэг сонсмоор байна" гэхэд Чимээ багш "Бичлэгт бэлд" гэлээ. Хөгжимчид ирж бид аяа гитарын гоцлол болгож тоглоод бичлэгт бэлэн болголоо.
Бадраа багш ирж бидний тоглосон гитарын гоцлолыг сонсоод "Аа ёстой янзтай, би энийг л чамд хэлээд байдаг байсан юм шүү дээ", “Би чамайг ингээсэй л гэж бодсон юм шүү дээ” гээд “Үүнийг ‘Цэнхэр залаа’ хэмээн нэрлэнэ. Улаан залаатай, цэнхэр тэнгэртэй, хөх монголыг бэлгэдэж уртын дуунаас улбаатай монголын уламжлалт торгон аялгуу орчин цагийн хөгжмөөр дамжин эгшиглэж байгаа учраас ‘Цэнхэр залаа’ гэж нэрлэлээ” гэсэн.
Гоцлолын хувилбаруудын тухай зохиогч:
1. Анхны хувилбар - 1969 он (127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
Радиогийн манай цахилгаан хөгжмийн чуулга (одоогийн Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга) "Цэнхэр залаа"-г 1969 онд анх тоглосон хувилбар (хөгжмийн бүтэц, зохиомж, найруулга, оркестровка, аранжировка) Үйлдвэрчний Төв Зөвлөлийн дэргэдэх “Сансар” хамтлаг, УАДБЧ-ын дэргэдэх “Соёл-Эрдэнэ” чуулга зэрэг манай бусад цахилгаан хөгжмийн хамтлаг, чуулгын урын санд орсон.
1971 онд “Соёл-Эрдэнэ” чуулга “Цэнхэр залаа”-г анх ятгаар тоглосон, ятга хөгжим гитар шиг өнгө шууд сольж тоглож болдоггүй болохоор хоёр ятгаар гоцолж тоглосон.
1972 онд Радиогийн манай чуулга ятга хөгжимчидтэй хамтарч “Цэнхэр залаа”-г Радиод ятгатай урт, богино хоёр янзаар бичүүлсэн. Радиогийн энэ эх бичлэг одоо МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр явдаг.
2. Хоёр дахь хувилбар - 1995 он (108 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
Энэ хувилбарыг анх ятгачдад зориулж гаргасан. 1978 онд бүтсэн “Учралын уянга” телекино концертод “Цэнхэр залаа”-гийн анхны хувилбарыг (хоёр өөр өнгөн дээр хоёр ятгаар тоглосон бичлэгийг) ганц ятгаар дүрсжүүлсэн байдаг.
“Цэнхэр залаа”-г хоёр өөр өнгөн дээр ганц ятгаар тоглох хувилбарыг 1990-ээд оны дундуур гаргаж ирсэн. Органаар хорь орчим секунд ая явдаг тэр хэсэг дээр ятгачин ятгын хөгөө сольж хөглөөд органы дараа шууд нэг тоонно дээр өнгөнөөс эхэлж явахаар (108 такт болгож) шинэчлэн найруулсан.
Энэ хувилбар 1998 онд “Цэнхэр залаа” хуурцагт, 2016 онд “Цэнхэр залаа” цомогт гитарын гоцлолоороо орсон.
3. Гурав дахь хувилбар – 2011 он (101 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
Энэ хувилбарт ятгачдаас гадна үзэгчдийг бодолцсон. Хоёр дахь хувилбараар хийсэн фонограмм тавиад ганц ятгачин тайзан дээр тоглох үед орган явах зуур ятгачин ятгаа хөглөөд цаана нь 10 орчим секунд орган явахыг хүлээх хэрэгтэй болно. Энэ хүлээлт үзэгчдийг уйдаана. Авторын хувьд би тэр хэсгийг хасч "Цэнхэр залаа"-гаа (101 такт болгож) өөрчлөн найруулсан.
Энэ хувилбар 2011 онд TV9 телевизийн “S’Night Live Show” нэвтрүүлэгт гитараар, 2018 онд MN25 телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлэгт ятгаар гоцолж тоглосноор орсон.
Сонсох
[засварлах | кодоор засварлах]1. “Цэнхэр залаа” гитарын гоцлол, 1969 оны анхны хувилбар - 127 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 1969 он, Монголын Радио, хөгжим С.Баатарсүх, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, зохиогч гоцолж Цахилгаан хөгжмийн чуулгын дөрвөл хөгжимдсөн, 2'42" (2'39"/2'42", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 96 орчим)
- 2019 он, Зохиогчийн эхлүүлсэн цомог, энэ цомогт "Цэнхэр залаа" гитарын гоцлол хөгжмийн анхны бүтцээрээ (127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа) орсон.
Жич: “Цэнхэр залаа” гитарын гоцлол 1969 онд анх радио, телевизийн эфирт гарч, тайзнаа тоглогдож, удалгүй Монголын Радиогийн цаг агаарын мэдээний ая болсон гэдэг. Энэ аялгуунд зориулан олон зохиолч яруу найрагч шүлэг бичиж ирүүлснээс З.Түмэнжаргалын шүлэг өөр аяар “Цэцгэн зүйрлэл” дуу болсон байдаг. Радиогийн Цахилгаан хөгжмийн чуулга (“Баянмонгол” чуулга) урын сангийнхаа энэхүү бүтээлийг 3 жилийн дараа 1972 онд ятгаар гоцлуулж урт богино хоёр янзаар тоглож Радиод дахин бичүүлсний урт эх бичлэг нь өдгөө МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр эгшиглэдэг байна.
2. “Цэнхэр залаа” гитарын гоцлол, 1995 оны хоёр дахь хувилбар - 108 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 1996 он, Дуу бичлэгийн студи, зохиогч соло тоглож бичүүлсэн "Цэнхэр залаа" гитарын гоцлолын 108 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа) хоёр дахь хувилбар Радиод авагдаж, хуурцаг, пянз, цомогт нь орсон.
- 1997 он, МҮОНР, хөгжим С.Баатарсүх, "Цэнхэр залаа", гитарын гоцлол, зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн, 2'19" (2'15"/2'19", 108 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 96 орчим)
- 1998 он, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" хуурцаг, А тал #1, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, Жич: Энэ хуурцагт 16 бүтээл орсон. Энэ хуурцагтай ижил бүтэцтэй, ижил дараалалтай 16 бүтээл хадгалагдаж байсан студиэс хуулбарлахад зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн "Цэнхэр залаа" гитарын гоцлолын өнгө, хурд өөрчлөгдөж 2'15" (2'12”/2'15", 108 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре-гээс дээр, метроном 98 гаруй) болсон байдаг. Студи эдгээр бүтээлийг анх пянзнаас хуулсан гэдэг.
- 1999 он, FM 102.5, “Сэтгэлд уянгалсан Цэнхэр залаа”, энэ нэвтрүүлэгт зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн "Цэнхэр залаа" гитарын гоцлол эгшиглэдэг ч өнгө нь дээшилж до диез / ре диез-ээс дээр болж метроном нь 102 болж өөрчлөгдсөн байдаг.
- 2016 он, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" цомог, #1, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн аналог эх бичлэгийг дижитал системд хувиргасан, 2'19" (2'17"/2'19", 108 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 95 орчим)
- 2020 он, МҮОНР, С.Баатарсүхийн тухай “Гитар минь уянгалан дуул”, нэвтрүүлэгт зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн, 1997 онд Монголын Радиод авагдсан "Цэнхэр залаа" гитарын гоцлол эгшиглэдэг. [17:02-17:24, 18:48-19:04, 20:14-20:42 (өнгө - до/ре, метроном 96 орчим)]
- 2020 он, SoundCloud, MNB, Mongolian National Radio, Гитар минь уянгалан дуул, нэвтрүүлэгт зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн, 1997 онд Монголын Радиод авагдсан "Цэнхэр залаа" гитарын гоцлол эгшиглэдэг. [17:02-17:24, 18:48-19:04, 20:14-20:42 (өнгө - до/ре, метроном 96 орчим)]
3. “Цэнхэр залаа” гитарын гоцлол, 2011 оны гурав дахь хувилбар - 101 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 2011 он, TV9, “S’Night Live Show”, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, гуравдахь хувилбараар хийсэн фонограмм тавьж зохиогч соло тоглосон. [0:49-2:45, (1’57”, 101 такт 2’04” фонограммаас эхний 6 такт дутуу, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 98 гаруй)]