Jump to content

Жамцын Бадраа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жамцын Бадраа
Төрсөн(1926-03-21)21 3 сарын 1926
Хөвсгөл аймгийн
Бүрэнхаан сумын (1973 онд татан буугдсан) төв
Жалханзын хүрээ
Нас барсан1993 он
Үндэстэн Монгол
АжилАрдын урлаг судлагч, Яруу найрагч
Эхнэр (нөхөр)Хандбалын Бадарч
Хүүхэд3
ШагналСоёлын Гавьяат Зүтгэлтэн
Гарын үсэг

Жамцын Бадраа (1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын төв Жалханзын хүрээнд төрсөн - 1993 онд нас барсан) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (1992 онд), ардын билиг зүйч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч, ардын урлаг судлаач.

Ж.Бадрааг төрөхөд нь эцэг эх нь Бадрангуйцогт гэж нэр өгчээ, сүүлд товчилж Бадраа болсон гэдэг.

1950 онд Монгол Улсын Их Сургуулийг хэл бичиг, утга зохиолын мэргэжлээр төгсөөд улмаар 1958 онд Дели хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэл чиглэлээр сурсан. Дээд сургуулиа төгсөөд Мөрөнд нэг жил багшилж байгаад, Улсын радиогийн хороонд урлаг, уран сайхны редакцид ажиллсан байна. УИХ-ын дептатутаар сонгогдож байжээ.

1959 онд хэлмэгдэж, Ховд аймагт ажиллаж, яруу найраг, утга зохиол судлал, өгүүлэл зэрэг төрөл бүрийн нийтлэл, материалдаа судалгаа хийж байсан.

"Хөгжмийн нэр томьёо" (1956) болон "Монгол Ардын хөгжим" (1998) нэг сэдэвт бүтээл, дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвиж "Уяхан хорвоон хань" (1970), "Чандмань эрдэнэ" (1989), "Халуун элгэн нутаг минь" (2006) эмхэтгэл хэвлүүлсэн бөгөөд "Халуун элгэн нутаг" дуу нь XX зууны манлай дуугаар өргөмжлөгджээ. Монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын асуудлаар 60 гаруй шүүмж, өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. "Сүнжидмаа" дуут бүжгийн цомнол, арав гаруй найраглал бүтээсний зэрэгцээ орос, итали, хинди хэлнээс "Евгений Онегин", "Лусын дагина", "Тоска" дуурь болон Таагүүрийн "Өргөлийн дуулал", "Цусан тахилга" жүжиг, уран сайхны кино, дууны шүлэг хэдэн арвыг орчуулжээ. Кэмбрижийн их сургуулийн Андреа Никсоны "XIII-XVIII зууны Монголын хөгжмийн нэр томьёо" (1988) докторын судалгааны ажил, Шон Хинтоны "монголын уртын дууны бичлэг, дүн шинжилгээ" (1990) магистрын ажлын зөвлөхөөр ажиллаж байсан байна.

Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх", "Эртний сайхан" чуулга, МУИС-ийн Ардын ураг судлалын тэнхимийг санаачлан үүсгэн байгуулжээ. Монгол улсын бүх аймаг сумдаар явж ардын билиг авьяастныг судлан сурвалжилж "Ардын дуу хуур" телевизийн цуврал нэвтрүүлэг хийсэн юм. "Монгол хөөмэй" (1983), "Цацал" (1985), "Ингэн эгшиг" (1987), "Уртын дуу" (1989), "Дэмбээ мань даа хө" (1991) телевизийн баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагналууд хүртэж байжээ.

"Бүх ард түмний язгуур урлагийн анхдугаар үзлэг" (1983), олон улсын наадам, симпозиумыг эх орондоо зохион байгуулж АНУ-ын Азийн нийгэмлэгтэй хамтран Монголын ардын урлагийн аялан тоглолт (1987) АНУ-ын хэд хэдэн хотод зохион байгуулжээ.

1988 онд Их Британи Умард Ирландын Вант Улсын Кэмбрижийн Их Сургуулийн Хөгжмийн тэнхим  “XIII – XVIII зууны үеийн монголын хөгжмийн нэр томьёо” (Mongolian musical terminology from 13th to the 18 century) гаргасан бол зохиогч, судлаач хатагтай Андреа Никсон (Andrea Nixon) нь энэхүү зэрэг горилсон бүтээлээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улаанбаатар хотын Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Жамцын Бадраад зориулав. Түүний туурвисан “Хөгжмийн нэр томьёо” (1956) ном бүтээл нь монгол ардын хөгжмийг үргэлжлүүлэн судлах миний онгодыг хөглөсөн бүлгээ” гэсэн байдаг гэжээ. “Хөгжмийн нэр томьёо” хэдийгээр хэмжээгээрээ бага боловч агуулгын талаасаа чухал ач холбогдолтой юм. Жишээ нь фортепиано гэдэг нэрийг төгөлдөр хуур хэмээсэн нь монгол хэлэнд бат сууж өгчээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р сургууль Жамцын Бадраагийн нэрэмжит сургууль болсон юм.

Эх сурвалж: Жамцын Бадраа "Судлах, сургахын арга ухаан", УБ., 2017.

Монгол Улсыын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн 100 жилийн ойд зориулж 2026 оны 1-р сард МУИС Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна.

Ж. Бадраагийн шүлгээр бүтсэн дуунууд:

  1. "Халуун элгэн нутаг" (Хөгжим Ц.Намсрайжав)
  2. "Сүлд модны наадам" (Хөгжим С.Гончигсумлаа)
  3. "Жаргаах зүрхэн" (Хөгжим С.Гончигсумлаа)
  4. "Гоёхон чимэг юм уу даа" (Хөгжим Г.Бирваа)
  5. "Зандан шоо" (Хөгжим Г.Бирваа)
  6. "Мэндчилгээний дуу" (Хөгжим Г.Бирваа)
  7. "Намрын шөнө" (Хөгжим Г.Бирваа)
  8. "Охидын уянга" (Хөгжим Д.Лувсаншарав)
  9. "Гайхмаараа" (Хөгжим З.Батсүх)
  10. "Найрсаг байгаасай (Хөгжим З.Батсүх)
  11. "Багшаа дуулъя" (Хөгжим Ш.Эрдэнэбат)
  12. "Энгийн биш нүд" (Хөгжим Лха.Дорж)
  13. "Сэрүүн саран" / "Сэрүүн саранд" (Хөгжим Г.Алтанхуяг)
  14. "Их наадмын Сочи" (Хөгжим Г.Алтанхуяг)
  15. "Цэнхэр залаа" (Хөгжим С.Баатарсүх)
  16. "Орь залуу нас" (Хөгжим Т.Насанбуян)
  17. "Чандмань эрдэнэ" (Хөгжим Н.Жанцанноров)
  18. "Уяхан хорвоон хань" (Хөгжим Б.Бадрууган)

Ж.Бадраа нь 1978 онд бүтсэн "Учралын уянга" телекино концертын зохиогч юм.