Лувсанчойдорын Сэргэлэн
Лувсанчойдорын Сэргэлэн (1944-2003) албан ёсны нэр нь Сергей. Монголын орчин цагийн цахилгаан хөгжимтэй эстрад урлагийн түүхийг бичилцсэн анхдагчдын нэг. Улсын төсвийн санхүүжилттэй цахилгаан хөгжмийн манай анхны чуулга, БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн Улсын Хорооны Хөгжмийн редакцийн дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга)-ын анхны басс гитарчин.
Нийслэлийн арван жилийн 3-р дунд сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхдаа МХПО-ны хөгжмийн дугуйланд явж баянхуур тоглож байв. Aравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн барилгын инженерийн ангид элсэн орсон. МУИС-д сурч байхдаа баянхуураас гадна контробасс тоглож байв.
Тэрээр шинэ тутам хөгжиж байсан цахилгаан хөгжмийн эхэн үед энэ салбарт өөрийн хүч хөдөлмөр, авъяас чадвараа зориулсан нэгэн. Хожим барилгын мэргэжлээр суралцаж төгсөөд эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан инженер.
1966 оноос МУИС-ийн дэргэд байгуулагдсан "Оюутны цахилгаан гитарын чуулга"-д, 1967 оноос МРЗРУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулгад ("Баянмонгол" чуулгад) уригдан ирж 1972 онд МУИС-д үргэлжүүлэн суралцах хүртлээ хөгжим тоглож байв.
Тэрээр Монголын цахилгаан хөгжмийн анхны хамтлаг МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-ыг байгуулалцаж, Монголын анхны поп-рок гитарчин С.Баатарсүхтэй хамт дуучин Т.Рэнцэнханд, Д.Машлай, Д.Цэцгээ, Х.Төмөр зэрэг дуучдын дууг дагаж хөгжимдөж байжээ.
1969 оны 7-р сарын 10-нд Улсын баяр наадмаар орон даяар телевизээр цацагдсан, МРТУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулга ("Баянмонгол" чуулга) хөгжимдөж, тус чуулгын анхны эмэгтэй дуучин Лувсангийн Оюунчимэг гитартай дуулсан, Л.Дагвадоржийн шүлэг, Г.Алтанхуягийн хөгжим "Нэгдэлчин түмнээ дуулъя" дууны уран бүтээлийн эфирын шууд бичлэгээс 25 орчим настай Л.Сэргэлэн басс гитар тоглож байгааг өдгөө харах боломжтой билээ.
1967-гоос 1970-аад оны эхэн үед Монголын Радиод бичигдэж Радиогийн Алтан сан хөмрөгт авагдсан МРЗРУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулгын ("Баянмонгол" чуулгын) уран бүтээлээс түүний тоглолтыг өдгөө сонсох боломжтой.
Сонсох
[засварлах | кодоор засварлах]МРЗРУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулга ("Баянмонгол" чуулга)-д түүний басс гитар тоглосон уран бүтээлээс сонсох
Дуу:
- "Нисэгчийн дуу" / "Нисгэгчийн дуу" (шүлэг Л.Дагвадорж, хөгжим Т.Насанбуян)
- "Мичид шүргэх Алтай" (шүлэг Д.Батсүрэн, хөгжим Т.Насанбуян)
- “Навчин дээрх шүүдэр” (шүлэг Ө.Балчиндорж, хөгжим Б.Даваа)
- “Амрыг айлтгая” (шүлэг Ц.Ням-Осор, хөгжим Б.Даваа)
- "Энэрэлт сайхан харц" (шүлэг Д.Батсүрэн, хөгжим Т.Чимэддорж)
- “Мөнгөн шөнө” (шүлэг С.Оюун, хөгжим Л.Батаа)
- “Хавар болжээ хонгор минь” (шүлэг Ц.Ринчинхорлоо, хөгжим Л.Батаа)
- "Намрын дурдатгал" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим Т.Уртнасан)
- "Хаврын урь" (шүлэг Х.Пэрэнлэй, хөгжим Б.Нямбаяр)
- "Нүдэн нуур" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим С.Баатарсүх)
Дан хөгжмийн бүтээл:
- "Соёл-Эрдэнэ" гитарын гоцлол
- "Цэнхэр залаа" ятгын гоцлол - МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээний фооно хөгжим
- "Золжаргал" гитарын гоцлол
Холбоос
[засварлах | кодоор засварлах]Түүний төрсөн дүү Лувсанчойдорын Мөнхцэцэг нь хийл хөгжимчин, МУГЖ (2001) бол дүү Лувсанчойдорын Алтанцэцэг нь МУК-ын хийл хөгжмийн багш, МУГБ (2008) юм.