Jump to content

Бизъяагийн Даваа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бизъяагийн Даваа (1948-1997) Монголын эстрад урлаг, тэр дундаа цахилгаан хөгжмийн үндэс суурийг тавилцсан анхдагчдын нэг, ая зохиогч, хөгжимчин. Улсын төсвийн санхүүжилттэй цахилгаан хөгжмийн манай анхны чуулга, БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн Улсын Хорооны Хөгжмийн редакцийн дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга)-ын анхны даралтат хөгжимчин, цахилгаан органч. 1948 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. ХБДуС төгссөн. Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд хийлч мэргэжлээр суралцаж байсан. Төгөлдөр хуур, баянхуур, аккордион зэрэг даралтат хөгжим болон гитар, хийл зэрэг утсан хөгжмийн зэмсгүүдийг чадварлаг эзэмшсэн, хөгжмийн найруулгыг сайн хийдэг авъяаслаг нэгэн байв.

Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга байгуулагдахаас өмнө тэрээр төгөлдөр хуураар өөрөө хөгжимдөж Монголын Радиод бичүүлсэн түүний "Вальс", "Бяцхан аялгуу" зэрэг дан хөгжим, дуучин н.Жавзмаагийн дуулсан "Ээж минь та наддаа наран юм", Г.Хайдавын дуулсан "Сарны доорхи хүлээлт" зэрэг дуу нь 1960-аад оны дунд үеэс хэдийнээ олны хүртээл болсон байдаг.

1967 онд БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн хөгжмийн редакцийн дэргэд шинээр цахилгаан хөгжмийн чуулга байгуулахад тус редакцийн хариуцлагатай редактор Т.Чимэддоржийн хүсэлтээр уригдан ирж хөгжимчнөөр ажилласан.

Улсын төсвөөс санхүүждэг манай улсын цахилгаан хөгжмийн анхны чуулгын урын санг шинээр бүтээн босгоход үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч.

1969 оны 7-р сарын 10-нд Улсын баяраар Монгол орон даяар телевизээр цацагдсан тус чуулгын эфирийн шууд бичлэгт 20-21 настай түүний "Матадор-25" цахилгаан орган тоглож буйг энд дарж үзэх боломжтой. [1]

"Навчин дээрх шүүдэр", "Хөдөө дуудаж байна", "Өртөөн дээрх учрал", "Цэнгэлийн манлайд хүрцгээе" зэрэг дууг нь тус чуулгын анхны эмэгтэй дуучин Лувсангийн Оюунчимэг дуулсан бол "Хоёулаа явъя хонгор минь", "Өргөө гэр минь" зэрэг дууг нь тус чуулгын анхны эрэгтэй дуучин Ц.Өлзий-Орших дуулсан. Дуучин Т.Рэнцэнханд түүний "Амрыг айлтгая", Н.Гэрэлт-Од "Аавдаа өргөх дуу", Ц.Ерөө "Хүслийн дуу", Д.Ухнаа "Зөвлөлт түмэн ачтай" зэрэг дууг дуулж Радиод бичүүлжээ.

Тус чуулгын хөгжимчин Л.Батаагийн хамтаар хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн "Хэнтийн өндөр ууланд" хийлийн гоцлолыг цахилгаан хөгжимтэй джаз оркестрт анх найруулж тоглуулсан.

1970-аад оны дундуур гитар хөгжимд зориулж түүний бичсэн "Цэнгэлийн уянга" гитарын гоцлолыг гитар хөгжимчин н.Ягаанбаатар гоцлон хөгжимдөж Монголын Радиод бичүүлсэн байна.

1978 онд бүтсэн "Учралын уянга" телекино концертод орсон "Навчин дээрх шүүдэр" дуугаа тэрээр анх гэргий Д.Баяраадаа зориулж бичсэн гэдэг.

Москвад сурч байхдаа зохиосон "Ээждээ" дуугаа Москвагийн Радиод бичүүлж ээждээ сонсгож байжээ.

Монголын эстрад урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч.

Дуу:

“Аавдаа өргөх дуу” (шүлэг О.Цэрэн)

“Амрыг айлтгая” (шүлэг Ц.Ням-Осор) [2]

“Дуулъя чамдаа” (шүлэг Ш.Дулмаа)

“Дархан” (шүлэг н.Дэнсмаа)

“Залуу нас” (шүлэг н.Амгалан)

“Залуучуудын алдар” (шүлэг А.Самбалхүндэв)

“Зөвлөлт түмэн ачтай” (шүлэг С.Долд)

“Манай дуу энхтайван” (шүлэг А.Самбалхүндэв)

“Маргааш би” (шүлэг Л.Дагвадорж)

“Навчин дээрх шүүдэр” (шүлэг Ө.Балчиндорж) [3]

“Нисье нисье” (шүлэг н.Бямбасүрэн)

“Нөхөрлөлийн дуу” (шүлэг н.Даржаа)

“Өнөөгийн хөдөө” (шүлэг О.Жадамбаа)

“Өргөө гэр минь” (шүлэг Н.Рэнчинхорлоо)

“Өртөөн дээрх учрал” (шүлэг н.Даваахүү)

“Өсвөрийн Сүхбаатарчууд бид” (шүлэг Ц.Гайтав)

“Сарны доорх хүлээлт” (шүлэг н.Дариймаа)

“Талын морьтны дуу” (шүлэг О.Жадамбаа)

“Хоёулаа явъя хонгор минь” (шүлэг Л.Дагвадорж)

“Хос залуусын харилцаа дуу” (шүлэг Даг.Жамъян)

“Хөдөө дуудаж байна” (шүлэг н.Даваахүү) [4]

“Хөхөө донгодоогүй байхад” (шүлэг Дансранжав)

“Хүүхдүүд ээ! Огторгуй биднийг дуудаж байна” (шүлэг Ж.Шараа)

“Хүслийн дуу” (шүлэг Даг.Жамъян)

“Цас мөс” (шүлэг Д.Наваансүрэн)

“Цэнгэлийн манлайд хүрцгээе” (шүлэг н.Ням-Осор)

“Энэрэлт сайхан эхчүүд” (шүлэг О.Жадамбаа)

“Эх орныхоо төлөө дуулъя” (шүлэг О.Жадамбаа)

“Ээж минь та наддаа наран юм” (шүлэг Ч.Лхамсүрэн)

“Ээжийн сургаал”/“Эхийн сургаал” (шүлэг О.Жадамбаа) [5], [6]

“Ээждээ” (шүлэг Б.Даваа)

зэрэг эстрад жаз, рок, поп, хүүхдийн, найрал зэрэг дууны олон төрлөөр нийт 100 гаруй дууны ая туурвижээ.

Хөгжим:

“Бяцхан аялгуу” (гобойгоор н.Жаргалсайхан гоцолж зохиогч төгөлдөр хуураар хөгжимдсөн)

“Вальс” (Тавал хөгжимдсөн)

“Үзэсгэлэнт байгалийн уянга” хийлийн гоцлол (хийлээр Евгений Иванович гоцолсон)

“Цэнгэлийн уянга” гитарын гоцлол (гитараар н.Ягаанбаатар гоцолсон)

https://www.youtube.com/watch?v=mFOG17pW10o [16:37-18:50]