Лунжгайн Батаа
Лунжгайн Батаа (1948-2013) Монголын эстрад хөгжмийн цахилгаан хөгжмийн үеийн түүхийг бичилцсэн гол төлөөлөгчдийн нэг, ая зохиогч, хөгжимчин.
Улсын төсвийн санхүүжилттэй цахилгаан хөгжмийн манай анхны чуулга, БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн Улсын Хорооны Хөгжмийн редакцийн дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга)-ын анхны альто саксофонч.
1948 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Бага наснаас гармонь, аккордион тоглож сурсан, нийслэл хотод джазз оркестрт саксофон, даралтат хөгжим тоглож байсан.
1964 оноос “Улаанбаатар” зочид буудлын дагшаад үлээвэр хөгжим - саксофон, даралтат хөгжим–цахилгаан орган тоглож байв. Тэрээр "Улаанбаатар" зочид буулын дагшаад мөн Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын ("Баянмонгол" чуулгын) анхны татах бүрээч А.Хишигдоржтой хамт ажиллаж байв. Радио цахилгаан хөгжимтэй дагшаатай болох гэж байгаа хөгжимчид шалгаруулж авч байгаа тухай зарыг А.Хишигдорж түүнд дуулгасан хэмээдэг.
1967 онд Мэдээлэл Радио Зурагт Радиогийн дэргэд “Цахилгаан хөгжмийн чуулга” байгуулагдах зар дуулж, очиж шалгуулж тэнцэн тус чуулгад альто саксофон хөгжимчнөөр ажилд оржээ.
1969 оны 7 сард Улсын баяр наадмаар Монгол орон даяар телевизээр цацагдсан Л.Дагвадоржийн үг, Г.Алтанхуягийн ая “Нэгдэлчин түмнээ дуулъя” дууны эфирын шууд бичлэгээс 20-21 настай түүний даралтат хөгжим - төгөлдөр хуур тоглож буйг энд дарж үзэх боломжтой.
Тэрээр чуулгадаа хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ хөгжим бичиж, хөгжим найруулж, “Үртэй хүн жаргалтай”, “Хавар болжээ хонгор минь”, “Мөнгөн шөнө”, "Намжаа дэлхий", “Алтай хангайн уулс” зэрэг тус чуулгын нэрийн хуудас болсон олон сайхан дууны ая бичиж чуулгынхаа урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, байгалиас заяасан төрмөл авъяастай нэгэн.
Тус цахилгаан хөгжмийн чуулга урын сангийнхаа дан хөгжмийн анхны бүтээлүүдийн нэг, С.Баатарсүхийн хөгжим “Цэнхэр залаа” (1969) гитарын гоцлолыг 1972 оны 4 сарын 23-нд ятга хөгжимчидтэй хамтарч Монголын Радиод ятгатай урт богино хоёр янз (ятгаар cover гоцолж) бичүүлэхэд Л.Батаа "Матадор-25" цахилгаан орган тогложээ. "Цэнхэр залаа"-г зохиогч С.Баатарсүх "Одоо энэ МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр явдаг 'Цэнхэр залаа" (1972) ятгын гоцлолын органыг манай 'Мөнгөн шөнө'-ийн Батаа тоглосон" хэмээсэн билээ.
1978 онд бүтсэн “Учралын уянга” телекино концертод түүний “Үртэй хүн жаргалтай” дуу тус чуулгын анхны эмэгтэй дуучин Л.Оюунчимэгийн дуулснаар оржээ.
Тэрээр Монголын хөгжмийн урлагийн цахилгаан хөгжмийн үеийн нэртэй зүтгэлтнүүдийн нэг, зуун дамжин дуулагдаж ирсэн дууны ая зохиосон, авъяаслаг уран бүтээлч.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Зохиосон дуу:
“Мөнгөн шөнө” (шүлэг С.Оюун) [1] Жич: Бичлэгт "ая Л.Батаа" гэхийг "ая Баатарсүх" гэж ташаа бичигдсэн байдаг байна.
“Хавар болжээ хонгор минь” (шүлэг Ц.Ринчинхорлоо) [2]
“Үртэй хүн жаргалтай” (шүлэг Ш.Цогт) [3]
“Алтай хангайн уулс” (шүлэг Даг.Жамъян) [4]
“Амраг минь” (шүлэг н.Батмагнай)
“Бөмбөлөг, бөмбөлөг хөөрөөрэй” (шүлэг н.Хорлоо)
“Намрын дуу” (шүлэг Ш.Шажинбат)
“Хөх тэнгэр” (шүлэг н.Түмэндэлгэр)
“Унаган нутгийн дуудлага” (шүлэг н.Ням-Осор)
“Намжаа дэлхий”
“Хайрын дуу”
Джаз хөгжимд найруулсан:
“Хэнтийн өндөр ууланд” (хөгжим Б.Дамдинсүрэн) Б.Даваагийн хамт найруулга хийсэн
“Жинчний амраг” / "Жинчин" (Монгол ардын дуу)
“Үглээ шаазгай” (Монгол ардын дуу)
Радиогийн нэвтрүүлэг
[засварлах | кодоор засварлах]МҮОНР, 2020-12-17, Монголын радио, "Мартагдашгүй дуу" нэвтрүүлэг: Хөгжмийн зохиолч Л.Батаагийн “Алтай, хангайн уулс”, "Мөнгөн шөнө", “Үртэй хүн жаргалтай” дууны тухай, [5]
SOUNDCLOUD, MNB, Mongolian National Radio, 2020-12-16, Мартагдашгүй дуу: "Алтай, хангайн уулс", "Мөнгөн шөнө", "Үртэй хүн жаргалтай" [6]