Түнжээгийн Рэнцэнханд
Түнжээгийн Рэнцэнханд (1947-2015) Монголын эстрадын нэрт дуучин, орос хэлний багш. 1965 онд МУИС-ийн орос хэл, утга зохиолын ангид элсэн орж суралцаж төгссөн. 1970 оноос Төмөр замын техникум, Төмөр замын 20-р сургуульд орос хэлний багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан.
1965 оноос МУИС-ийн дэргэдэх багш, оюутнуудаас бүрдсэн дагшаа найралтай, 1966 оноос тус сургуулийн дэргэд байгуулагдсан, бит бүрэлдхүүнээр тоглодог манай орны цахилгаан хөгжмийн анхны хамт олон болох “Оюутны цахилгаан гитарын чуулга”-тай, 1967 оноос БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулга)-тай, 1971 оноос УАДБЧ-ын “Соёл-Эрдэнэ” чуулгатай дуулж байв.
Жич: Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын (“Баянмонгол” чуулгын) анхны басс гитарчин Лувсанчойдорын Сэргэлэн, хоёр дахь гоцлол гитарчин Самбуугийн Баатарсүх нар энэхүү алдартай дуучны дуулсан орос, монгол хит дууг 1966 оноос МУИС-ийн “Оюутны цахилгаан гитарын чуулга”-д тоглож байхаасаа дагаж хөгжимджээ.
1968 онд ЗХУ-ын Сочи хотноо болсон Олон Улсын Залуучуудын дууны 2-р их наадамд оролцож, шагналт тусгай байр эзэлсэн. Түүний дуулсан Гаадангийн Алтанхуягийн хөгжим, Жамцын Бадраагийн шүлэг “Их наадмын Сочи” ("Сочи - столица песни") дуу нь “Мелодия” фирмийн пянзанд бичигдэн 1969 онд хэвлэгдэн гарсан.
Жич: МЕЛОДИЯ, Сочи-68, II Международный фестиваль молодежной песни, #8, Сочи - Столица Песни (Гаадангийн), Р. Тунжээгийн (Монголия); [20:51-23:46]
1971 онд ЗХУ-ын "Кругозор" сэтгүүлд Т.Рэнцэнханд, Д.Цэцгээ нарын дуулсан Г.Алтанхуягийн ая "Сайхнаа, чи - Сочи!" ("Прекраснее, Сочи"), О.Бэгзийн ая "Бидний дуулах дуртай дуу" нь хэвлэгдэн гарч байжээ.
1974 онд Улсын филармонийн “Баянмонгол” чуулга, джазын өлгий Америк тивд анх хөл тавьж, Куба улсад айлчлан тоглоход тэрээр дуучин Л. Оюунчимэг, Х. Галхүү, Н. Гэрэлт-Од нартай хамт оролцож ая дуугаа өргөжээ.
1989 оноос УФ-ийн дарга Д.Ухнаагийн санаачлан байгуулсан “Эстрадын ахмад дуучид” хамтлагтай дуулж ирсэн.
Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “Монгол тулгатны 100 дуу”-нд тэрээр анх 1970 онд дуулж амьдруулсан, Д.Батсүрэнгийн шүлэг, Т. Чимэддоржийн хөгжим "Энэрэлт сайхан харц" дуугаа өөрөө дуулж дүрсжүүлсэн байдаг билээ.
Цээл сайхан хоолойгоороо Монголын орчин цагийн эстрад урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан СТА уран бүтээлч юм.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Монгол дуу:
- "Шинэ жилдээ" (шүлэг Л.Дагвадорж, хөгжим Г.Алтанхуяг)
- "Их наадмын Сочи" / "Сайхнаа чи, Сочи" (шүлэг Ж.Бадраа, хөгжим Г.Алтанхуяг)
- "Алсаас дуулсан дуу" (шүлэг Б.Түвшинжаргал, хөгжим Г.Алтанхуяг)
- "Залуу нас сайхан" (шүлэг Ж.Ёндонсамбуу, хөгжим Т.Насанбуян)
- "Амрыг айлтгая" (шүлэг н.Ням-Осор, хөгжим Б.Даваа)
- "Энэрэлт сайхан харц" (шүлэг Д.Батсүрэн, хөгжим Т.Чимэддорж)
- "Халхын сайхан хүүхнүүд" (Ж.Нямцэрэн, хөгжим Г.Алтанхуяг)
- "Гандан уулын цэцэг" (Монгол ардын дуу)
- "Амраг минь" (шүлэг н.Батмагнай, хөгжим Л.Батаа)
Cover орос дуу:
- "Очи чёрные" (Орос ардын дуу, романс)
- "Частушки" (Орос ардын дуу)
- "Подмосковные вечера" (шүлэг М.Матусовский, хөгжим В.Соловьев-Седой)
- "Ромашки спрятались" / "Цэцгэнд шингэсэн хайр" (шүлэг И.Шаферон, хөгжим Е.Птичкин) [1]
- "Я иду и пою" (шүлэг А.Ольгин, хөгжим В.Хомутов) [2]
- "Манжерок" (шүлэг Н.Олев, хөгжим О.Фельцман) [3]
- "Наш сосед" (шүлэг, хөгжим Б.Л. Потёмкин) [4]
- "Где-то на белом свете" (шүлэг Л.Дербенев, хөгжим А.Зацепин)