Алтан ураг (симфони)
"Алтан ураг" гуравдугаар симфонио Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1990 онд ЗХУ-ын Иваново дахь Хөгжмийн зохиолчдын урланд ("Дом Творчества Международных Композиторов" хотхонд) туурвижээ. Тэрээр энэхүү III симфонийнхоо онцлогийг "Үгтэй симфони байгаа юм" гэдэг. Симфонийн "үг" буюу цомнолыг (либреттыг) зохиолч, яруу найрагч СГЗ Ц.Чимиддорж бичжээ. Хөгжмийн зохиолч энэхүү бүтээлээрээ 1991 онд МХөЗЭ-ийн шагнал хүртэж, 1993 онд Германы Бонн хотноо зохиогдсон Олон Улсын Сонгодог Хөгжмийн симпозиумд оролцсон. Симфони 2011 онд АНУ-ын эрдэмтэн судлаач Ж.Уэртерфордын "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" сонсдог номд "тусгай диск" болж орсон.
Симфонийн тухай
[засварлах | кодоор засварлах]Тэрээр энэхүү түүхэн III симфонио, анхны I симфонио 1980 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн Их Сургуульд (Консеравторт) гуравдугаар курст сурч байхдаа бичснээс хойш, яг 10 жилийн дараа бичжээ.
Энэ симфони европын сонгодог хөгжмийн уламжлалаас эрс тэс ялгаатай, монгол ардын уртын дуу, морин хуурын гайхамшигт эгшиглэл, баруун монгол ардын язгуур бүжгийн хэмнэл, товшуур хуурын татлага, бөө удганы хэв хэмнэлийг орчин үеийн сонгодог хөгжмийн техниктэй хослуулан бие биед нь шингээн, нэгэн цогц бүтээл болгосон нь нэн эртний монголчуудын амьдрал ахуй, түүхэн зураглалыг нүдэнд үзэгдэхүйц дүрсэлсэн бүтээл болсон гэж судлаач мэргэжилтнүүд үздэг байна.
Симфонио бичсэн тухай зохиогчийн дурсамжаас
[засварлах | кодоор засварлах]1990 он, МХөЗЭХ-ны даргын ажлыг Билгээ (Халтарын Билэгжаргал) Жанцаагаас (Нацагийн Жанцанноровоос) аваад удаагүй байсан үе. Билгээ надад:
- Чи Иваново явах болсон шүү. Уран бүтээлийн томилолт. Бүх зардлыг Оросын тал дааж байгаа. Хоёр хүн явна. Тавьж байгаа шаардлага нь бүтээл хийх хүн явуул гэсэн байна лээ. Оросын талаас чиний нэрийг цохсон байна. "Танайд Свердловскийн Консерватор төгссөн Самбуугийн Баатарсүх гэж хөгжмийн зохиолч байх ёстой, байгаа бол тэр хүнийг энэ удаад заавал явуул" гэсэн Хренниковын (Тихон Николаевич Хренников) гарын үсэгтэй бичиг ирүүлсэн байна. Чи ажлаа зохицуулаад заавал яв гэсэн.
Дээд удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэх ёстой, ямар шинэ бүтээл хийдэг билээ гэж бодсон. Түүхийн сэдэв надад ойр, бас сэргэг байлаа. Хүүхэд байхдаа би Цэндийн Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”-г лав л арав гаруй удаа уншсан юмдаг. Бас тухайн үед дэлгэцнээ гарч олны хүртээл болоод байсан “Мандухай цэцэн хатан” түүхэн киноны хөгжмийн туслах редактороор ажиллаад удаагүй байлаа. Тийм болоод Монголын түүхийн сэдэв ойр, бас сэргэг байлаа
1987-1989 онд би ЗСТ-д ажиллаж байлаа. Нэг өдөр ажил дээрээ байж байтал Монгол Кино Үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактороор ажиллаж байсан Дамиа (Билэгийн Дамдинсүрэн) багш маань залгаж “Мандухайн зураг авалт дууссан, чи ирж энэ киноны хөгжмийг надтай хамт, цуг сууж сонс” гэсэн, хянаж редакторлолц гэсэн үг л дээ. Тэгээд би киноны хөгжмийг багштай хамт сууж сонсон, санаа бодлоо багшид хэлэх маягаар редакторлолцсон. Ажил дуусахад багш надад ажлын хөлсөнд Кино үйлдвэрээс мөнгө гаргуулж өгсөн.
Иваново явахаас долоо хоногийн өмнө шиг санагдаж байна. Би явах бэлтгэлээ базааж, Телевиз (МҮОНТ) дээгүүр орж ажил хөөцөлдөж явсаар, ажил тарахад Телевизээс гарч автобусны буудал дээр Ц.Чимиддоржтой тааран автобусанд цуг сууж, Иваново явах болсноо, очоод юу хийхээр төлөвлөж байгаагаа Чимиддоржид хэлж, бид хоёр автобуснаас буун буутлаа ярилцсан юм. Тэгсэн Чимиддорж маань гурав хоногийн дараа надад энэ "Алтан ураг" III симфонийн маань үгийг (либреттыг) авчирч өгсөн дөө.
Ивановод, "Хөгжмийн Зохиолчдын Урлан"-д байхад С.С.Беринский бидэнд мэргэжлийн зөвөлгөө өгч ажилласан.
Симфони тоглогдсон тухай
[засварлах | кодоор засварлах]С.Баатарсүхийн "Алтан ураг" III симфонийг мөн зургаан ангит бэсрэг симфони дуурь гэдэг. Түүний энэхүү симфони нь:
- 1991 он: Сонгодог хөгжмийн "Алтан намар" наадамд оролцсон.
- 1992 он: Оны эхээр өмнөх жилийн шилдэг бүтээлүүдийн тоглолтод тоглогдсон.
- 1993 он: Энэ оны хавар МХөЗЭХ-ны урилгаар хүрэлцэн ирсэн Германы Хөгжмийн Зөвлөлийн хүндэт тэргүүн, доктор профессор Richard Jakoby 1993 оны намар Герман улсын Бонн хотноо зохиогдох Олон Улсын Сонгодог хөгжмийн наадамд (симпозиумд) оролцох бүтээлийг биечлэн шалгаруулахад С.Баатарсүхийн энэхүү “Алтан ураг" III симфони, "Аялгуу" хийлийн гоцлол бүтээлүүд сонгогджээ. Хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн "Алтан ураг" III симфонийг Германы Боннын симфони оркестр (Beethoven Orchester Bonn) 1993 оны намар Бонн, Дюссельдорф, Кёльн, Целле, Ханновер зэрэг Германы 5 хот, Унгар, Румын, Чехословак, Итали, Турк зэрэг европын хэд хэдэн оронд тогложээ.
- 2011 он: Энэ онд АНУ-ын эрдэмтэн, судлаач Ж.Уэтерфордын "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан" сонсдог номын нээлтэд С.Баатарсүхийн энэхүү "Алтан ураг" III (бэсрэг симфони дуурь), "Монголын нууц товчоо" VII симфониуд тоглогджээ. Энэхүү сонсдог номын нээлтэд Монгол Улсын Филармонийн Симфони оркестр тоглосон, С.Баатарсүхийн III, VII симфониуд "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан" сонсдог номд тусгай диск (“SPECIAL DISC”) болон оржээ. Уг тоглолтыг С.Эрдэнэболдын санаачилгаар Д.Болор захиралтай Мобиком корпораци ивээн тэтгэсэн билээ. 2011 он бол
- Монголын Тулгар Төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Гүрэн байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жил - Монгол улсын түүхт Таван Их ойн жил
- Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын манлайлагч Мобиком Корпорацийн 15 жил
- АНУ-ын эрдэмтэн Жак Уэтэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World) бүтээл, сонсдог ном Аmazon.com-ын Аудибелын ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМ-оор шалгарсан жил юм.
Сонсох, унших
[засварлах | кодоор засварлах]2011 он, Ж.Уэтерфорд, "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" сонсдог ном , “SPECIAL DISC”, С.Баатарсүх, "Монголын нууц товчоо" симфони, "Алтан ураг" бэсрэг симфони дуурь
2021-02-25, BUSINESS.mn, Д.Болор: Бид Хүн төрөлхтний МАРС гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байна, [1]