Аялгуу (С.Баатарсүх)
"Аялгуу" хийлийн гоцлол хөгжмийг Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1983 онд бичжээ. Тэрээр "Энэ хөгжим маань миний гурван бүтээлд дуугардаг" хэмээдэг. Түүний энэхүү хөгжим орсон бүтээлүүд амжилт үзүүлсэн байдгийн зэрэгцээ 1993 онд тэрээр "Алтан ураг" III симфони болон энэхүү хийлийн гоцлол хөгжмөөрөө Герман улсын Бонн хотноо зохиогдсон Олон Улсын Сонгодог Хөгжмийн наадамд шалгаран оролцжээ. Зохиогч энэхүү хөгжмөө анх "Сонгодог аялгуу" хэмээн нэрлэж байсан хэмээдэг.
Аялгуу төрсөн тухай зохиогчийн дурсамжаас
[засварлах | кодоор засварлах]1983 оны хавар МХөЗХ-ны нарийн бичгийн дарга Г.Бирваа багш Чехийн Радиогийн Хөгжмийн редактор Игорь Дебак гэдэг хүнийг дагуулаад Говь-Алтайд хүрээд ирсэн. Тэгэхэд би "Алтай" чуулгын уран сайхны удирдагчаар ажиллаж байлаа. Игорь Дебак явахдаа, намар Чехэд болох Олон Улсын Сонгодог хөгжмийн наадамд намайг ирж оролцоорой гэсэн. Би тэр үед хөгжмийн сургууль төгсөөд удаа үгүй байсан болохоор наадамд, диплом хамгаалсан 1-р симфони, оюутан байхдаа хийсэн "Бамбарууш" гэж төгөлдөр хуурын бүтээлээ таван хошуу малынхаа төлөөр нэмж баяжуулж бичээд цикл бүтээл болгож оролцсон. Энэ хөгжим, Чехословак улсын Братислав хотноо зохиогдсон олон улсын сонгодог хөгжмийн наадамд намайг оролцдог тэр жил, 1983 онд гарсан хөгжим байгаа юм.
Энэ хөгжим “Алтай” чуулгын төгөлдөр хуур дээр анх эгшиглэсэн. Бирваа багш, Игорь Дебак хоёрыг гаргаж өгөөд би Чехийн хөгжмийн наадамд бэлдэж эхэлсэн. Таван хошуу малын төлийн сэдэвтэй хөгжим бичих гэж байлаа. Унага, ботгоны сэдэв надад бэлэн байсан. Намайг хүүхэд байхад манайх Яармагийн дэнжид зуслан гарна. Хүүхдүүд бид Туул гол дээр л өнжинө. Нэг удаа голын эрэг дээр нэг гүү унагалахад нь гүйж очоод нөгөө унагыг ойччих ч юм болов уу гэж түшиж зогсож байснаа санаж, “Унага” нэртэй хөгжмөө бичсэн. МУИС-д "Оюутны цахилгаан гитарын чуулга"-д тоглодог байхдаа нэг удаа зүүн гурван аймагт тоглолтоор явж байхад бид нэг нутгийн айлд буухад тэр айлд төрөөд удаагүй нэг цагаан ботго байсныг санаж “Ботго”-оо бичсэн. Ишигний тухай хөгжим хурдан бүтсэн. Харин хурга, тугалын талаар бодож үзэх хэрэгтэй болж түр завсарласан. Тэр үеэр л энэ хөгжим ороод ирсэн санагддаг.
Энэ хөгжим маань тэгж, 1983 оны зун Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулгын (хуучин) байранд төгөлдөр хуур дээр анх эгшиглэсэн. Тэгсэн энэ хөгжмийн маань хэмнэл (ритм) хорь хүрээгүй байхдаа зохиосон миний анхны аялгуу “Нүдэн нуур” дууныхтай ижил наймны зургаа, бас тэгээд минорын аялгуу байж таарсан.
Би заримдаа боддог л доо, "Нүдэн нуур", "Цэцгэн зүйрлэл" гээд анхны дуунуудын маань аялгуу наймны зургаа ритм хэмнэлтэй, сонгодог маягийн ая, аялгуунууд орж ирээд байсныг. Магадгүй анх 1955-1956 оны үед долоо найм орчим настай байхдаа өвөөгийн найз, гитар тоглодог, сайхан зантай орос ахаар гитар анх заалгахад тэр ах надад "Очи чёрные", "Частушки" гэдэг хоёр дууг эхлээд долоон утастай гитар дээр, дараа нь зургаан утастай (долоон утастай гитарынхаа хамгийн дээд бүдүүн утсыг авахуулаад зургаан утастай болгуулсан) гитар дээр зааж өгч, тоглуулж сургасан. Надад бол "Частушки" нь таалагдаад амархан сурсан, нөгөө "Очи чёрные"-д нэг их дурлаагүй. "Очи чёрные" нь романс байсан юм билээ. Хүүхэд юугаа мэдэх билээ, энэ дуу энэ орос ахын дуртай дуу нь юм байх даа л гэж бодож байсан. Гитараа бэлэглэсэн орос ах тоглож сур гэсэн болохоор нь л тухайн үедээ чармайж байгаад тоглож сурсан. "Очи чёрные"-г татаж, "Частушки"-г цохиж тоглож сурсан. Долоо, зургаа утастай гитарууд ондоо хөгтэй, барих аккорд нь өөр. Зургаан утастай гитар дээр барьж дуугаргаж сонсож үзсэн анхны аккорд маань Ля минор. Сүүлд, арван жилийн ахлах ангид байхдаа Симфони оркестрын влаторн хөгжимчин Нацагдорж багшаас гитарыг сонгодог хэлбэрээр тоглох талаар сургалт авсан. Орос ахаар багадаа гитар заалгах үед миний ойр хавь гитартай монгол хүн байгаагүй. 35-ын гитараас өмнө манайд зургаан утастай гитар хоршоо дэлгүүрт худалдаанд анх гарсан байдаг юм билээ. Монголчууд авахгүй, оросууд л авдаг байсан гэдэг. Монголчууд бол гитар гэдэг тэр шинэ хөгжмийн зэмсгийн хөгийг мэдэхгүй, яаж хэрэглэхээ мэддэггүй байсан үе шиг байгаа юм. Миний хувьд орос ахын заасан хоёр дууг оруулахаас цаашгүй. Монгол дуу гитар дээр оруулж мэдэх хүнгүй болохоор тэр нөгөө хоёр дуугаа л тоглоно, манайхан өхөөрдөхөөс цаашгүй, нэг их сонирхохгүй. Эмээ шанз тоглоно, ээж мандолин тоглоно, ах нь баянхуур, гармонь хөгжим оролдоно, дүү нь бас мандолин тоглоно. Би сүүлдээ гитар дээр дуугаа соло оруулж тоглох болсон. Гитарын хөг гарвал хөглөөд, монгол дуу заагаад өгөх хүн байдаггүй байлаа. Хожим Нацагдорж багшаас сургалт авах үед бол монгол, орос, англи дуу хөгжмийн арвин урын сантай болсон байлаа. Сонгодог маягаар дууг гитар дээр татаж тоглож оруулахаар дуугаралт нь баяжиж их гоё сонсогддог. Жич: Тэрээр 70 насандаа "Нүдэн нуур" дуугаа ийнхүү тоглож өөрөө дуулжээ.
Анхны дуунуудын маань аялгуу наймны зургаа ритм хэмнэлтэй, сонгодог маягийн ая, аялгуу орж ирээд байсан нь багад орос ахын зааж өгсөн "Очи чёрные" романс, бас Нацагдорж багшийн маань сургалтын нөлөө байсан юм болов уу гэж бодогддог.
Аялгуу эгшиглэсэн түүний гурван бүтээл
[засварлах | кодоор засварлах]С.Баатарсүхийн энэ хөгжим 1984 онд "Говь-Алтайн магтаал" дуу бүжгийн цоморлигт бүжгийн хөгжмөөр, 1989 онд Монголын Радиогийн Алтан санд "Аялгуу" нэртэй хийлийн гоцлолоор, 1997 онд нэрт найруулагч Б.Баатарын "Хүннү" теледуурьт ари болж оржээ.
1. “Говь-Алтайн магтаал" дуу бүжгийн цоморлиг: 1984 онд, Улс тунхагласны 60 жилийн ойн жил, С.Баатарсүхийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан АДБ-ын "Алтай" чуулга АДБЧ-дын урлагийн үзлэгт (хоёр жил тутам уламжлал болон зохиогддог байсан тэмцээнд) энэхүү дуу бүжгийн цоморлигоор улсад түрүүлсэн гарамгай амжилт үзүүлсэн.
2. МҮОНР-ийн "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгийн толгой хөгжим: “Аялгуу” төгөлдөр хууртай хийлийн гоцлол - Монгол улсад Радио өргөн нэвтрүүлэг эхлүүлсний 55 жилийн ойн жил, 1989 онд, Радиогийн урын санг баяжуулах хөгжмийн төрлийн уралдаанд түрүүлсэн бүтээл. 1989 онд эхлүүлж 1990 оны 1-р сард анхны тоглолтоо сонсогчдод толилуулсан, хөгжим судлаач МУСГЗ Ч.Буянхишиг, сэтгүүлч А.Авирмэд нарын хөтөлдөг байсан, шинэ уран бүтээл сонсгож, сонсогчдын хүсэлтээр оны шилдэг дуу шалгаруулдаг Монголын Радиогийн "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгийн толгой хөгжим болон эгшиглэж эхэлсэн. Жич: Сонсогч олон МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр явдаг С.Баатарсүхийн хөгжим “Цэнхэр залаа” ятгын гоцлолыг “цаг агаар", "цаг агаарын ая” гэдэг шиг "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгээр эгшиглэдэг байсан түүний "Аялгуу" хийлийн гоцлолыг "Цагаан лавай", "Цагаан лавайн ая" гэдэг.
1993 оны намар Герман улсын Бонн хотноо зохиогдсон Олон Улсын Сонгодог хөгжмийн наадамд (симпозиумд) тэрбээр “Алтан ураг" III симфони, энэхүү "Аялгуу" хэмээх хийлийн гоцлол бүтээлүүдээрээ шалгаран оролцсон. Германы Хөгжмийн Зөвлөлийн хүндэт тэргүүн, доктор профессор Richard Jakoby МХөЗХ-ны урилгаар, 1993 оны хавар Монголд хүрэлцэн ирэхдээ шалгаруулалтыг өөрийн биеэр хийсэн гэж хөгжмийн зохиолч С.Баатарсүх дурссан байдаг.
3. "Хүннү" - Монголын анхны теледуурь: МҮОНТ-ийн 30 жилийн ойн жил, 1997 онд нэрт найруулагч Баярцагааны Баатар, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дашзэвэгийн Банзрагчийн цомнол, С.Баатарсүхийн хөгжим "Хүннү" теле дууриараа тухайн жилийн шилдэг бүтээлийн эзэнд олгодог “Гоо марал” шагнал хүртсэн.
Сонсох
[засварлах | кодоор засварлах]1.С.Баатарсүхийн "Аялгуу" хийлийн гоцлол:
- МҮОНР, 1989 он, С.Баатарсүхийн хөгжим "Аялгуу", Улсын филармонийн цөөхүүл хөгжимчид хөгжимдөнө, (хийлийн чуулга гоцолж төгөлдөр хуур хөгжмөөр Т.Цолмон хөгжимдсөн), 3'33"
- МҮОНР, 1998 он, "Цэнхэр залаа" тоглолт, 2-р хэсэг, [02:59-05:11], С.Баатарсүхийн "Аялгуу" хийлийн гоцлолоос эгшиглэнэ.
2.МҮОНР-ийн "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгийн толгой хөгжим:
- 2019-09-01, МҮОНР, Монголын радиогийн 85 жилийн ойд зориулсан “Цагаан лавайн эгшиг” хөгжмийн нэвтрүүлэг (тусгай дугаар) [0:00-1:10]
- 2019-09-01, SOUNDCLOUD, (Монголын радиогийн 85 жилийн ойд зориулсан) “Цагаан лавайн эгшиг” хөгжмийн нэвтрүүлэг [0:00-1:10]
- 2022-09-27, 21:10, MNB, "МҮОНРТ-ийн 88, 55 жилийн ойд" концертын 200 минутын хөтөлбөр, [58:39-58:53], (Хөгжмийн тоймч, Монголын Радиогийн "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч СГЗ Ч.Буянхишиг оролцов)
- 2022-09-30, YouTube, MNB, "МҮОНРТ-ийн -88, 55 жилийн ойд" концерт [57:02-58:15], (Хөгжмийн тоймч, Монголын Радиогийн "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч СГЗ Ч.Буянхишиг оролцов)
3."Хүннү" теледуурийн Хайтуны ари:
- Facebook, Баатар найруулагч сан - "Хүннү" теледуурь [27:10-30:45]
Үзэх
[засварлах | кодоор засварлах]2022-05-22, МҮОНТ, "Зүрхэнд мөнхөрсөн аялгуу" [40:23-41:00]