Jump to content

Гончигийн Бирваа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гончигийн Бирваа (1916 - 2006) нь БНМАУ-ын УГЗ, Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч юм.

Гончигийн Бирваа 1916 онд одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт төржээ. 1 настайдаа Гончигийнх хэмээх айлд үрчлэгдсэн аж. Нутагтаа мал маллаж байгаад 1936 онд цэрэгт татагдан, 1953 он хүртэл алба хаахдаа үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач хүртэл ажил хийж явжээ. Тэр үедээ Монголын анхны маршуудыг зохиож байсан.

1955 оноос Хүүхэлдэйн театр, Элдэв-Очир кино театрын хөгжмийн багш, 1957 оноос симфони найрал хөгжмийн удирдаач, 1965 оноос Улсын циркийн хөгжмийн удирдаач, 1967 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1984 оноос нас эцэслэх хүртлээ чөлөөт уран бүтээлч байв.

Хөгжмийн зохиолч Г.Бирваа нь уран бүтээлийнхээ 50-д жилийн түүхэн хугацаанд хөгжмийн урлагийн олон төрлөөр авьяас билгээ сорьсон ба хүүхдийн болон нийтийн дуунууд, хүүхэлдэйн болон хөгжимт жүжгийн хөгжим, дуурь, баримтат ба уран сайхны киноны хөгжим, дуунууд, хүүхдэд зориулсан төгөлдөр хуурын аязаас симфони найрал хөгжимд зориулсан томоохон хэмжээний бүтээл хүртэл түүний уран бүтээлийн сан хөмрөг нь арвин баялаг юм. Тэдгээрээс ялангуяа дууны уран бүтээл нь илүү жин даахуйц хэмжээнд байгаа нь ажиглагдаж байна. 270 гаруй дууны уран бүтээл хийснээс 70 орчим нь хүүхдэд зориулсан дуунууд байдаг.

Ж.Бадраа, С.Дашдооров, Д.Намдаг, Ч.Лхамсүрэн гээд 60,70-д оны үгийн урлагийн мастеруудтай хамтран бүтээл туурвилаа хийж байсан хөгжмийн зохиолч Г.Бирваагийн гаргасан “Хөдөө тийш”, “Зандан шоо”, “Хонгор нутаг” гээд гурван ч түүвэр хэвлэгджээ.

“Гоёхон чимэг ч юм уу даа” гэдэг дуу нь анх 1958 онд зохиогдсон ба симфони найрал хөгжимд зориулсан жижиг хэмжээний дан хөгжмийн бүтээл байсан бөгөөд хожмоо ардын билиг зүйч, яруу найрагч Жамцын Бадраагийн шүлгээр дуу болон амилсан бөгөөд 1963 онд тухайн үедээ Москвагийн хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд удаагүй байсан залуухан дуучин Баартуугийн Зангад дуулж өргөн олны хүртээл болгож эхэлснээр түмэнд түгэн дэлгэрчээ. Уг дуунд хөгжмийн зохиолчийн өөрийн гэсэн өнгө төрх тодоор илэрхийлэгдэх ба монгол дууны намба аяс, аялгууны өрнөл хөгжил, хэмнэл хөдөлгөөнд шинэ амьсгал, шинэ өнгө төрх оруулсан нь олон сайн дууны уран бүтээлийн эхлэл болж өгсөн гэж үзэж болно.  

  • Намрын шөнө
  • Гоёхон чимэг ч юм уу даа
  • Тэмээчин болно
  • Зандан шоо
  • Хүслийн дээж
  • Хөдөө тийш
  • Эгэл цэрэг
  • Дайчин нөхрийн дурсгалд
  • Бидний зам нэг
  • Зөвлөлт түмэндээ баярлалаа
  • Нийслэл хүү
  • Хөдөөгийн баясгалан
  • Баянбулагийнхан
  • Улаан дарцаг
  • Хөхөө гэрлэх дөхлөө
  • Тууврын замд

Хөгжимт жүжиг, дуурь

[засварлах | кодоор засварлах]
  • Аргат бяцхан баатар
  • Эрдэнэ тээлийн уянга
  • Гурван хашир, найман танхил
  • Шинэ байшинд
  • Их хурим
  • Их говийн зоригтон
  • Амьдралын улаан шугам
  • Харц хатан
  • Ёс ёмбогор, төр төмбөгөр
  • Сургуулийн вальс