Jump to content

Дондовын Ламжав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дондовын Ламжав (1940 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн-)- Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр иргэний нийгмийн салбарт түүчээлэн ажиллаж, олноо “Иргэн” хэмээн алдаршсан, ардчиллын анхны зүтгэлтнүүдийн нэг, Монгол улсын гавьяат багш.

Дондовын Ламжав

1940 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Угалзын голд малчин Даваажавын Дондов, Номпилийн Найдансүрэн нарын гэр бүлд төрсөн.

  • 1949-1959 онд Булган аймгийн Сайхан сум, Могод сум, аймгийн төвийн 10 жилийн сургуульд суралцаж төгссөн
  • 1959-1963 онд МУИС-ийн ФМФ-ын математикийн ангид суралцаж математикийн багш мэргэжлээр төгссөн байна.
  • 1964-1968 онд Л.Шагдар, Д.Шагдар нартай хамт Магадлалын онол-Математик статистикаар мэргэшин судалгаа хийсэн.
  • 1969-1974 онд Математикийн үндэслэл, Ерөнхий топологиор мэргэшсэн
  • 1971-1974 онд ЗХУ (ОХУ)-ын Москвагийн Их сургуульд ерөнхий тополог, дээд геометрийн тэнхимд аспирантурт суралцаж төгссөн.
  • 1963-1975 онд УБДС-д багшлахдаа математик анализ, математикийн удиртгал хичээлүүд зааж байсан.
  • 1975-1990 онд МУИС-д ФМФ-д багшлахдаа математик, физикийн мэргэжлийн ангиудад математик анализ, функциональ анализ, ерөнхий топологийн хичээл, эдийн засаг, худалдааны мэргэжлийн ангиудад дээд математик, шугаман программчлал (симплекс алгоритм, тээврийн бодлого) хичээлүүд орж байсан.
  • 1990-1992 онд АИХ-ын депатут, Улсын бага хурлын гишүүн
  • 1993-1995 онд УИХ дахь цөөнхийн ажлын албаны ахлагч
  • 1996-2003 онд УИХ-ын Тамгын газарт зохицуулагчаар ажиллаж байжээ.

Иргэний нийгмийн төлөөх ажил үйлс

[засварлах | кодоор засварлах]
  • Ардчилсан Социалист Хөдөлгөөн (АСХ 1989.12.28), Монголын Социал-Демократ Нам (МСДН 1990.03.31), Ардчилсан Намыг (АН 2000.12.06) үндэслэн байгуулагчдын нэг, МСДН-ын дэд дарга асан бөгөөд Ардчилсан Намын анхны дүрмийг бичсэн.
  • Монгол Улсын 1992 Үндсэн хуулийг боловсруулахад оролцож, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан цагаас эхлэн үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр стратеги өмгөөллийн ажиллагаа явуулсаар ирсэн юм. Түүний Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл мэдээллүүд нь цэцийн шийдвэрийн эмхэтгэлүүдэд хэвлэгдсэн байдаг. Цэцийн тухай анхны хуулиар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байжээ.  Үндсэн хуулийн цэц дээр үндсэн хуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэх арга алгоритмыг боловсруулсан юм.
  • Төрийн бус байгууллагын тухай хууль, Авлигалын эсрэг хуулийн төслийг боловсруулах төсөл дээр Азийн сан, Сингапур, Хонг-Конгийн шинжээчидтэй хамтран ажиллажээ.
  •  2017 онд УИХ-ын тогтоолоор зохион байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн даргаар ажилласан.
  • Д.Ламжав, Ж.Даваадулам “Ординал ба кардинал тоо”, УБ 2024, Редактор Ж.Баатар
  •  Д.Ламжав “Ерөнхий тополог огторгуй”, УБ 2014, 2020 он, УБ 2024, Редактор Ж.Даваадулам
  • Д.Ламжав, Ж.Даваадулам “Математикийн удиртгал”, УБ 2021, Редактор Д.Пүрэвсүрэн
  • Д.Ламжав “Математикийн үндэслэл”, УБ 2019, Редактор Ж.Даваадулам
  • Д.Ламжав, “Баталгааны үндсэн аргууд”, УБ 1980 он
  • Д.Ламжав, М.Баасанжав “Хязгаарын онол ба нэг хувьсагчийн функцийн дифференциал тоолол”, УБ 1980 он
  • Багасаа шатар сонирхон хичээллэж, 8-р ангид байхдаа аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. 1959 онд болсон улсын идэрчүүдийн аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээнд түрүүлсэн.
  • Оюутан ахуй цагтаа 1961 онд Финляндын Хельсинки, 1962 онд Чехословакийн Марийнское Лазне, 1964 онд Польшийн Краков хотноо болсон Дэлхийн оюутан залуусын аварга шалгаруулах шатрын багийн тэмцээнд оролцож байжээ.
  • 1975 онд шатрын спортын мастер болсон, Монголын Шатрын холбоо ТББ-ын анхны ерөнхийлөгч байв.