Дуглас МакАртур

Армийн генерал Дуглас МакАртур

Дуглас МакАртур (Англи: Douglas MacArthur; 1880 оны 1 дүгээр сарын 16-нд АНУ-ын Арканзас муж улсын Литл Рокт төрж, 1964 оны 4 дүгээр сарын 5-нд АНУ-ын Вашингтонд нас барсан) - Америкийн алдарт цэргийн жанжин, 1944 оны 12 дугаар сарын 18-нд АНУ-ын "Армийн генерал" буюу АНУ-ын цэргийн дээд цол хүртсэн хүн.

Дуглас МакАртур 1880 онд АНУ-ын Арканзас муж улсын Литл Рок хотод, дэслэгч генерал Артур МакАртур, Мэри Пинкни Харди МакАртур нарын хүү болон төржээ. Эцгийн удам нь Шотландын хамгийн алдартай, эртний овгуудын нэг юм. Эцэг Артур МакАртур 1861-1865 оны Иргэний дайны эхэн үед фронтод сайн дураараа оролцож, удалгүй Америкийн өмнөдийнхөнтэй хийсэн тулаанд ялгарчээ. 19 настай Артур МакАртур Америкийн армийн түүхэн дэх хамгийн залуу хурандаа болж байжээ. Дараа нь түүнийг индианчуудын эсрэг ажиллагаанд явуулахаар баруунд илгээсэн. Түүний ээж Мэри Харди Дугласыг цэргийн хүн болохыг мөн хүсч байсан. Виржиниа мужийн уугуул тэрбээр нутаг нэгтэн, армийн генерал Роберт Лигээр бахархадаг байжээ.

1898 онд бие муутай Дуглас МакАртур эхийн дэмжлэгээр Вест-Пойнт дахь цэргийн Академид элсэн оржээ.

Дэлхийн нэгдүгээр дайн[засварлах | кодоор засварлах]

АНУ Дэлхийн 1 дүгээр дайнд орох үед МакАртурыг явган цэрэгт шилжүүлсэн байна. Тэндээ хурандаа цол хүртэж, улс даяарх Үндэсний гвардийн хүчнээс бүрдсэн "Солонго" гэж нэрлэсэн 42 дугаар дивизийн штабын даргаар томилогдов.

Америкийн экспедицийн хүчний нэг хэсэг болгон 42 дугаар дивизийг Франц руу илгээхэд 1917 оны 10-р сард хүрэлцэн очжээ. МакАртур штабын ажил болон тулалдаанд аль алинд нь өөрийгөө сайнаар харуулсан байна. Тэрээр хүндэт гавьяаны одон, гавьяаны одон, зургаан мөнгөн одоор шагнуулжээ.

1918 оны 7 дугаар сард Бригадын генерал цол хүртэж 11 сард нь 42 дугаар дивизийн командлагч болжээ.

1919 онд МакАртур "Вест Пойнт" дахь Цэргийн Академийн захирал-командлагчаар томилогдсон бөгөөд 1923 оноос Филиппин, АНУ-д ээлжлэн алба хааж байжээ. 1927 онд тэрбээр Америкийн Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр сонгогдож, 1928 оны Олимпод Америкийн баг тамирчдыг оролцуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй байв. 1930 онд МакАртур АНУ-ын Армийн жанжин штабын даргаар томилогдов.

Дэлхийн хоёрдугаар дайн[засварлах | кодоор засварлах]

Япончууд Перл Харбор луу дайрсан өдөр Макартур Филиппин дэх холбоотнуудын хүчийг командлаж байсан. Ерөнхийлөгч Рузвельтээс тушаал авч МакАртур 1942 оны 3-р сарын 11-нд төв штабын хамт Филиппинээс Австрали руу ниссэн байна. Д. МакАртур ялагдаж, бууж өгсөн ч Филиппинийг ширүүн хамгаалалтад удирдан оролцсоныхоо төлөө 1942 оны 4-р сарын 1-нд Хүндэт медалиар шагнагджээ.

МакАртур 1942 оны 7-р сараас 1943 оны 1-р сар хүртэл Шинэ Гвинейд холбоотнуудын эсрэг довтолгоог удирдаж, тэндээс цэргүүд нь Филиппин рүү нүүж очоод 1945 оны эхний сард япончуудаас чөлөөлөв.

Тэрбээр Германыг хуваасан загвараар Японыг ялагч орнуудын хооронд салангид хэсгүүдэд хуваах төлөвлөгөөг боловсруулсан боловч хэрэгжүүлээгүй юм.

Номхон далай дахь Холбоотны хүчний дээд командлагчийн хувьд тэрбээр 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Америкийн байлдааны "Миссури" хөлөг онгоц дээр Японы үг дуугүй бууж өгөхийг хүлээн авахад АНУ-ыг төлөөлж гарын үсэг зурсан хүн.

МакАртур Япон дахь холбоотнуудын ерөнхий командлагчийн хувьд дайны дараах шинэчлэлийг хийж, Японы шинэ Үндсэн хуулийг боловсруулахад оролцож тусалсан юм. Тэры\бээр Японы цагдаа нарын авлигын түвшин өндөр байснаас болж Японы цагдаа нарын авлигыг бүрэн устгах хүртэл гурван удаа Японы цагдаагийн газрыг татан буулгаж байсан гэдгээрээ алдартай болсон байдаг.

Тэрбээр Японы дайны гэмт хэрэгтнүүдийн Токиогийн шүүх хурлын зохион байгуулагч байсан бөгөөд энэ үеэр Японы улс төрчид болон цэргийнхэн дайны гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож, цаазаар авах ял оноож байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн тэргүүтэй хэд хэдэн нэр хүндтэй хүмүүсийн шаардлагыг үл харгалзан генерал МакАртур Японы эзэн хаан Хирохитог яллахаас татгалзаж, Хирохитог төрийн тэргүүн хэвээр үлдээхийг шаардаж байсан.

Солонгосын дайн[засварлах | кодоор засварлах]

1950 оны 7 дугаар сараас хойш МакАртур Солонгосын дайнд НҮБ-ын хүчнийг удирдсан. Тэрбээр Хойд Солонгосын армийг бут ниргэхэд хүргэсэн Инчоны десантын ажиллагааны санаачлагч байв. Үүний дараа Макартур дайснаа Хойд Солонгост үргэлжлүүлэн хөөх шийдвэрийг гаргасан. Тэрбээр дайнд орохоор бэлтгэж буй Хятадын армийн хүч чадлыг дутуу үнэлсэн нь 1950 оны сүүлчээр Хятадын довтолгооны үеэр НҮБ-ын хүчинд гамшигт үр дагаварт хүргэсэн юм.

МакАртур 1951 оны эхээр довтолгоогоо дахин эхлүүлсэн боловч дайныг явуулах тухай болон Хятад руу өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар санал зөрөлдсөний улмаас 4 дүгээр сард Ерөнхийлөгч Харри Трумэн түүнийг огцруулсан (МакАртур Хятадыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөхийг санал болгож байсан төдийгүй Ерөнхийлөгч Трумэны шууд зааврын дагуу АНУ энэ алхамыг хийхэд бэлэн байгаа тухай олон нийтэд зарласан нь Макартурын мэдэгдэл нь эргээд Солонгосын хямралыг ноцтой болгоход хүргэсэн).

Сүүлийн жилүүд[засварлах | кодоор засварлах]

Дуглас МакАртур тэтгэвэрт гараад улс төрд оржээ. 1952 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож Ерөнхийлөгч Д.Эйзенхауэрт Солонгосын дайныг хэрхэн дуусах талаар зөвлөгөө өгч байсан. (МакАртурын "Солонгосын дайныг хэрхэн дуусгах вэ" гэсэн санамж бичигт тэрбээр Солонгосын хойгт болсон мөргөлдөөн нь АНУ, ЗХУ-ын хоорондох сөргөлдөөн болж хувирсан гэж дурдсан байдаг. МакАртур дайсантайгаа цөмийн зэвсэг ашиглахыг санал болгосон байна. Хойд Солонгосын нисэх хүчин, их буугаар давуу талтай бөгөөд үүнийг "атомын зэвсгээр шийдэх ёстой, учир нь цаг хугацаа өнгөрөх тусам боломжгүй болж магадгүй" гэдгийг онцлон тэмдэглэв). "Ремингтон Рэнд"-ийн ТУЗ -ийн даргаар сонгогдсон бөгөөд дурсамжаа бичиж байжээ.

Дуглас МакАртур 1964 оны 4 дүгээр сарын 5-нд таалал төгсөв. Түүнийг Виржини муж улсын АНУ-ын усан цэргийн гол баз байрладаг Норфолк хотод цэргийн бүх хүндэтгэл үзүүлэн оршуулжээ.

Түүний дурсгалд Лос-Анжелес хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнг нэрлэж, тэнд нь түүнд хөшөө босгосон байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

1922 онд МакАртур хоёр хүүхэдтэй байсан алдарт Луиза Кромвелл Брукс хэмээх эмэгтэйтэй гэрлэжээ. Тэдний гэрлэлт 1929 он хүртэл үргэлжилсэн.

1937 онд тэрбээр санхүүчийн охин 38 настай Жин Файеклоттой хоёр дахь удаагаа гэрлэжээ. 1938 онд тэд Артур хэмээх хүүтэй болсон нь хожим төгөлдөр хуурч, зохиолч болсон бөгөөд МакАртурын сан, МакАртурын дурсгалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Түүний гэргий Жин 2000 онд нас баржээ.