Дэйл Карнеги
Дэйл Карнеги (англи. Dale Breckenridge Carnegie, 1888 оны 11-р сарын 24-нд Миссури мужийн Мэривилл хотод төрсөн—1955 оны 11-р сарын 1-нд Нью-Йорк хотод нас барсан) — америкийн сурган хүмүүжүүлэгч, үнэдэслэл бүхий ярианы уран илтгэгч, зохиолч. Өөрийгөө боловсруулах, үр дүнтэй яриа хийх, хэлэлцээний ур чадвар болон бусад чиглэлээр сургалтуудыг үүсгэн байгуулагч. Тэрээр "Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ" (англи. How to Win Friends and Influence People, 1936) номыг бичсэн бөгөөд энэ ном нь өнөөг хүртэл алдартай хэвээр байгаа бестселлер юм. Мөн тэрээр "Хэрхэн санаа зовохоо больж, амьдарч эхлэх вэ" (англи. How to Stop Worrying and Start Living, 1948), "Үл таних Линкольн" (англи. Lincoln the Unknown, 1932) болон бусад хэд хэдэн алдартай ном бичсэн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1904 онд 16 настайдаа түүний гэр бүл Миссури мужийн Уорренсбург дахь ферм рүү нүүжээ. Залуу байхдаа тэрээр олон нийтийн өмнө үг хэлэх дуртай байсан бөгөөд сургуулийнхаа мэтгэлцээний багт элссэн. Карнеги сургуульдаа явахаасаа өмнө гахай тэжээх, эцэг эхийнхээ үнээ саахын тулд өглөөний 3 цагт босох ёстой байсан гэж дурссан. Ахлах сургуульд байхдаа тэрээр Chautauqua-ийн янз бүрийн чуулган дээр хэлсэн үгийг сонирхож эхэлсэн байна. Тэрээр 1906 онд ахлах сургуулиа төгссөн.
Тэрээр Варренсбург дахь Улсын багшийн коллежид /үнэгүй байсан/ суралцаж, 1908 онд төгссөн.
500 доллар цуглуулаад Карнеги хамгийн их мөрөөдлөө биелүүлэхийн тулд 1911 онд худалдаа хийхээ больж багш болжээ. Тэрээр Карнеги холл-д "Илтгэх урлаг" хичээл зааж танхим дүүрэн хүмүүст лекц уншиж байв. Тэрээр заах арга барилаа стандартчилахын тулд товхимолуудыг хэвлүүлж эхэлсэн бөгөөд тэдгээрийг эмхэтгэн "Илтгэх урлаг: Бизнес эрхлэгчдэд зориулсан практик сургалт" нэртэй ном болгон бүтээжээ.
1922 онд Карнеги овгийнхоо үсгийг «Carnagey» байсныг «Carnegie» болгон өөрчилсөн. Тэр үед саятан бизнес эрхлэгч Эндрю Карнегийн нэрийг хүн бүр мэддэг байсан (Дэйл Карнегийн номонд олон удаа дурьдаж, иш татдаг) тул тэр үүнийг өөрийгөө ялган сурталчилах зорилгоор хийсэн гэдэг.
Дэйл Карнеги 1955 оны 11-р сарын 1-нд Нью-Йорк муж дахь Форест Хиллс дэх гэртээ хорт хавдраар 66 насандаа таалал төгссөн байна.