Jump to content

Дөрвөлжин булш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дөрвөлжин булшны соёл-с чиглүүлэгдэв)
Дөрвөлжин булшны соёлын тархалтын хүрээ
МЭӨ 16-11-р зууны монголчууд
Дөрвөлжин булшны соёлын тархалт

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1300-300 жилийн өмнөх археологийн соёл юм. Энэ соёл нь Сэлэнгэ-Дагуурын соёлын соёлын сууринд дээр бий болсон соёл байж болох юм.

Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар тунгусууд өмнө зүгээс Байгал нуур руу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ.[1] Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.[1]

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв, зүүн хэсэг, Буриадын бүх нутаг, Эрхүү мужийн өмнөд хэсэг (Ангар мөрөнд цутгадаг Уда, Бирюса голуудын эхээс Байгал нуурын хойд эрэг хүртэл), Тувагийн зүүн тал, Өвөр Байгалийн хязгаарын өмнөд нутаг (Амар мөрөн хүртэлх нутаг), Өвөр Монголын ихэнх нутаг, Хятадын баруун хойд хэсэгт (Наньшаний нуруу хүртэл буюу Цинхай мужийн хойд хил Ганьсу мужтай залгаж байгаа хэсэг хүртэл) тархжээ . Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ. Дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн зарим хэсэг баруун аймгууд руу нүүн суурьшиж байжээ. Харин баруун аймгуудад байсан хиргисүүрийн соёлын хүмүүсээс цөөн хэсэг нь зүүн тийш мөн Буриад руу нүүсэн нь дөрвөлжин булшныханд уусчээ. Иймээс хиргисүүр, дөрвөлжин булшны соёлын тархалт зах хэсгээрээ давхцдаг.

Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг дөрвөлжин булшны соёл гэж нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг байраас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ VI зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ II зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг.

Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур (Гирин, Хармөрөн, Ляонин мужууд), Өвөр Монгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна.[1]

  • МЭӨXII-IV зуунд хамаардаг.
  • Дөрвөлжин булшны тархалтын хүрээ нь Алтай, Соёны уулсаас Их Хянган, Бага Хянганы нуруу (Хармөрөн мужийн хойд хэсэг), Байгаль нуураас их говь хүртэл хамарна.
  • Дөрвөлжин булшинд талийгаачийг зүүн тийш нь хандуулан, дээш харуулан, нуруу тэнэгэр, хөл шулуун байдлаар хэвтүүлж, гарыг нь бие дагуулан тавьж оршуулах бөгөөд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дагалдуулахаас гадна оршуулгын ёслол үйлддэг байжээ.

Дөрвөлжин булшны зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Булшны хүрээ нь 1.5-9.6 м, дөрвөлжин чулууны өндөр нь 0.5-3 м хүрдэг ба газрын гадаргаас 0.6м-2.5-3 метрийн гүнд байдаг.Дөрвөлжин булшнуудын дээр заримдаа буган хөшөө босгосон байх нь бий.Заримдаа бугын оронд морийг дүрсэлж хөшөөн дээрээ хутга, сүх зэрэг төрөл бүрийн зэр зэвсэг сийлсэн байх нь бий.

Нерчинскийн Лами ууланд 30 метр урт, 4 хэсгээс бүрдэх томоохон оршуулгын цогцолбор бий.Булшны дээрээс тус бүр нь 500 кг орчим жинтэй том чулуунуудаар дарж морь, үхэр, хонь дагалдуулсан байдаг.

Ихэнх дөрвөлжин булш эрт цагт тоногджээ.Эндээс олдсон хувцаснууд нь төрөл бүрийн өнгө, чимэглэлтэй байдаг.Мөн зүү, сүх, хутга, нум, аяга зэрэг эдлэл гардаг ба ихэнх нь хүрэл, цөөн хэсэг нь төмрөөр хийгджээ.

Оршуулах ёслолын зан үйлийг газар сонгох, зүг эрхэмлэх, эд өлөг дагалдуулах, хойллого үйлдэх ёс голлон бүрдүүлдэг байв.[1]

Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь : Зэр зэвсэг байлдааны хэрэгсэл Аж ахуй хөдөлмөрийн багж хэрэгсэл Гоёл чимэглэлийн зүйлс Ваар, сав суулганы төрөл гэж ангилна. Дөрвөлжин булшийг хэлбэрээр нь : Дөрвөн буландаа өндөр шонтой, дөрвөн өнцөгт хүрээтэй Дөрвөн талын хүрээ нь намхавтар, хавтгай чулуун дараас бүхий Дөрвөн тал хүрээ чулуутай боловч хойд, урд хашлага нь дотогшоо хонхойсон булш хэмээн ангилан ялгасан байна. Дөрвөлжин булшийг гүйцэтгэсэн зан үйл, ёслолын зориулалтаар нь оршуулах ёслолын байгууламж, тахилга ёслолын байгууламж гэж ангилна.[1]

Байгаль нуурын зүүн хэсгийн дөрвөлжин булшны соёл

[засварлах | кодоор засварлах]

Эндхийн зарим дөрвөлжин булшны гадуур чулуугаар дугариг эсвэл тэгш өнцөгт хүрээ үүсгэсэн байдаг.Голчлон өндөрлөг газар байрлуулсаныг нарыг шүтэх үзэлтэй холбон тайлбарладаг.

Угсаатны хамаарал

[засварлах | кодоор засварлах]

Дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтэй байсан ба харин цөөн хэсэг нь буюу Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн байжээ. Өмнөд Байгаль, зүүн Монголын хүрлийн үеийн хүмүүстэй дөрвөлжин булшны хүмүүс угсаа гарал нэг байсан байна.Монгол эрдэмтэд дөрвөлжин булшны соёл нь дараа үеийн Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёлтой ижил, дөрвөлжин булшны хүмүүс нь Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлгийн угсаатан, монголчууд Карасукийн соёлыг мөхсөний дараа энд ирсэн гэж үздэг.

Тэд талийгаачийг оршуулахдаа чулуун дэр тавьдаг нь монголчууд талийгаачын толгой дор цай тавьж оршуулдагтай ижил байна. Тулаанд орж буй монгол цэргүүд "дэр авч үхнэ" гэдэг нь энэ заншилтай холбоотой. Мөн дөрвөлжин булшны соёлын хүмүүс болон хүннүчүүд уулын энгэрт хүмүүсийг оршуулдаг байсан нь одоо ч хэвээрээ байна.

  • Н.Наваан,"Дорнод Монголын хүрлийн үе"
  • Сэр-Оджав, "Монголын эртний түүх"