Jump to content

Есөн тахил (гитарын гоцлол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Есөн тахил” гитарын гоцлол нь Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ Самбуугийн Баатарсүхийн гитар хөгжимд зориулсан бүтээлүүдийн нэг. Түүний талархсан сэтгэлийн өргөл болох энэхүү гоцлолоо тэрээр 1995 онд 47 насандаа зохиожээ.

Гоцлолын нэрний тухай:  

Зохиогч гоцлолоо "Есөн тахил" гэж нэрлэсэн.

Тэрээр гоцлолоо "Есөн тахил", "Есөн тахилын дээж" гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

Жич: Тэрээр түүний анхны дуу болох "Нүдэн нуур" дууных нь шүлгийн эзэн, зохиолч яруу найрагч Ш.Шажинбатын "Есөн тахилын дээжээр ундаалж Намайг тэнхрүүлсэн эх орон минь уу зээ, Ганцхан хоногийн чинь боловч Ачийг тань хариулах юмсан даа" гэсэн үг бүхий "Есөн тахилын дээж" шүлгэнд ая хийж 1990-ээд оны эхээр дуу болгосон байдаг байна.

Гоцлол 1990-ээд оны сүүлээр Монголын Радиод "Есөн тахил" нэрээр авагдсан.

1998 онд "Цэнхэр залаа" хуурцагт гоцлол "Есөн тахил" нэрээр орсон.

2016 онд “Цэнхэр залаа” цомогт “Есөн–Эрдэнэ” нэрээр орсон.

2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт "Есөн тахил" нэрээрээ орсон.

Гоцлол төрсөн тухай зохиогчийн дурсамжаас:

Энэ бол 1995 онд миний гар саажиж мэдээгүй болоод эргэж мэдээ орсноос хойш долоо хоногийн дараа гарсан гоцлол.

1994 онд Элбэг гэдэг залуу “Радиогоор явдаг байсан таны гитарын гоцлолуудыг их сонсдог байсан, тоглосон хүн нь яг ямар хүн байдаг юм бол гэж боддог байлаа. Та гитараа тоглооч” гээд миний бие даасан уран бүтээлийн “Цэнхэр залаа-25” анхны тоглолтыг ивээн тэтгэж хийлгүүлэхэд тайзан дээр би хоёр гоцлол тоглосон. Хоёр гурав хоног Соёлын Төв Өргөөнд танхим дүүрэн үзэгчидтэй болсон тэр тоглолтоос үзэгч сонсогчид намайг бас гоцлол гитарчин, гоцлол хөгжимчин гэдгээр нь хараад хүлээгээд байдаг юм байна гэдгийг ойлгосон. 1974-1982 онд ЗХУ-д суралцаж хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшснээсээ хойш би мэргэжлийн хөгжмийн бүтээлүүд, симфони бүтээлүүд дээрээ түлхүү анхаараад гитар хөгжимд зориулсан бүтээлүүдээ харин орхигдуулчихсан юм билээ. Тэгээд 1969-1972 онд Монголын Радиод тоглож бичүүлсэн, 1992 он хүртэл Радиогоор байнга явдаг байсан гитарын гоцлолуудаа, хөгжмийн анхны тэр бүтэц, зохиомж, найруулга, дуугаралт, аранжировкаар нь дуу бичлэгийн студид дахиж тоглож бичүүлэхээр болсон. Мөн дан гитарын гоцлолуудаараа тусад нь нэг концерт тавихаар бэлдэж эхэлсэн.

Яг тэр үед миний гар саажиж мэдээгүй болж, зүү тавиулж эмчилгээ хийлгүүлсэн.

Гар мэдээ ороход нэг шинэ гоцлол (“Мөнгөн зүү”) төрж, гар мэдээ орсноос хойш гар хурууны хөдөлгөөн өдрөөс өдөрт сайжирч, гар минь мэдээгүй болоход надаас илүү сэтгэл нь зовж, гар эргээд мэдээ ороход надаас ч илүү баярлах хайртай дотны (ээж, эгч хоёр маань намайг 1955-1956 оны үеэс, долоо наймтайгаасаа гитар сонирхож эхэлснийг мэдэх хүмүүс) хүмүүсээсээ хол байхдаа тэднийгээ санаж суухдаа сонссон аялгуугаа бас тэр үед гитарын гоцлол (“Цагаан шөнө”) болгож, хийж бүтээсэн, баярлаж талархсан бүтэн долоо хоног өнгөрөхөд энэ гоцлол гарсан.

Баярлаж талархсан сэтгэл минь “Есөн тахил” гитарын гоцлол болж эгшиглэсэн.

С.Баатарсүх гитараар гоцлон хөгжимдсөн:

1.МҮОНР, Есөн тахил

2."Цэнхэр залаа" хуурцаг, 1998

3."Цэнхэр залаа" цомог, 2016