Жалбуугийн Чойнхор

Жалбуугийн Чойнхор (1944 оны 1-р сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн)- Монголын Улсын Гадаад харилцааны дэд сайд, тэргүүн дэд сайдаар ажилласан ахмад дипломат, яруу найрагч, орчуулагч.

Боловсрол

1964-1965 онд МУИС-ийн Англи хэлний ангид сурсан.

1965-1970 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль - МГИМО-д сурч төгссөн.

1985-1987 онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат Академид сурч төгссөн. Тус Академийг төгсөхдөө Монгол улсын гадаад бодлогын сэдвээр нэгэн сэдэвт зохиол бичиж түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Англи, орос, франц хэлтэй.

Ажилласан байдал

1968 -1969 онд Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэд суугаа Монгол улсын Байнгын Төлөөлөгчийн Газарт жижүүр-орчуулагч;

1970 -1972 онд Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын хэлтэст референт, атташе;

1972 -1975 онд Женев дэх НҮБ-ын салбар байгууллагын дэргэд суугаа Монгол улсын Байнгын Төлөөлөгчийн Газарт атташе, хоёрдугаар нарийн бичгийн дарга;

1975 - 1985 онд ГЯЯ-ны Олон улсын байгууллага, Хэвлэл мэдээлэл, Төлөвлөлт боловсруулалтын хэлтэст хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, мөн хугацаанд Монголын Парламентын Бүлгэмийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн;

1987-1990 онд ГЯЯ-ны Азийн хэлтсийн дарга, яамны Коллегийн гишүүн;

1990-1992 онд МАХН-ын Төв хорооны гишүүн;

1990-1995 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Гадаад харилцааны дэд сайд, тэргүүн дэд сайд; Мөн хугацаанд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн даргаар ажилласан.

1995-2003 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд.

2014-2016 онд Гадаад Хэргийн Яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд зэрэг албан ажил үүрэг гүйцэтгэж байжээ.

Төрийн шагнал, одон медаль, цол

Тэрээр "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас одон", ойн медалиудаар шагнуулсан. Хүндэт дипломат цол авсан. 1991 онд Монгол улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дипломат дээд цол хүртсэн.