Жамбалжамцын Оджаргал
Жамбалжамцын Оджаргал (1965 онд Баянхонгор аймагт төрсөн)- Монгол Улсын MCS группын захиралуудын Зөвлөлийн дарга, бизнесмэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг Жамбалжамц нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Эх Бадамжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Эцэг, эх хоёр нь эмч мэргэжилтэй байсан бөгөөд 1969 онд гэр бүлээрээ нийслэл Улаанбаатар хот руу шилжсэн ирсэн байна. Түүний эцэг, эх хоёр нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Харин Ж.Оджаргал ах, дүү нарынхаа хамт эмэг эхийнхээ гар дээр өсч өндийсөн байна.
Ж.Оджаргал нийслэлийн 33-р дунд сургуульд сурч байгаад сүүлд 23-р сургуулийг 1983 онд төгсөөд ЗХУ-ын Киевийн политехникийн их сургуулийг 1989 онд төгсөж, ажлын гараа нь Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллахаас эхэлсэн юм. Оюутан байхдаа 60 рублийн стипент орлогоосоо гадна өөрийн улс руу мотоциклийн сэлбэг, тамхи гаргаж, тарваганы арьс Орос руу оруулж ирдэг бизнес эрхэлдэг байж. 1986 онд энэ бизнесээрээ 30 гаруй мянган төгрөг олж, тэр мөнгөөр хуримаа хийж, амьдралаа босгож байжээ.
1989 онд Төвийн эрчим хүчний системд инженерээр орсон.
1991 онд "Эгийн голын усан цахилгаан станц"-д эрчим хүчний инженерээр ажилд орсноор тус станцын ТЭЗҮ-ийг гаргахаар Швейцарын Цюрих хотноо “Электроват” компанид 3 сар ажилласан байна. Энэ үед түүнд ирээдүйд эрхлэх бизнесийнх нь санаа төржээ.
1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг “Mongolian Consulting Service” буюу “MCS” компанийг байгуулсан байна. Тэр үед Ж.Оджаргал ба түүний хамтран зүтгэгчид Монгол дахь “Дэлхийн банк”-ны төлөөлөгчийн газрын хараанд өртөж, судалгаа хийхээр 5000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүний хэрэгжүүлсэн анхны төсөл байжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Д.Батмөнх нь Орчлон сургуулийн захирал бөгөөд хосууд Киев хотноо оюутан байхдаа сагс тоглож байгаад танилцжээ.