MCS групп
MCS групп 1993 он буюу Монгол улсыг зах зээлийн эдийн засагт шилжиж байх үед Эрчим хүчний зөвлөгөө өгөх үйлчилгээгээр бизнесийн гараагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 13 мянган үндсэн ажилтантай Монголдоо тэргүүлэх хувийн хэвшлийн групп компани юм.
MCS группын бизнесийн гол үзэл санаа нь нийгмийн хүсэл сонирхлыг бизнестэй уялдуулах юм.
MCS групп нь хөрөнгө оруулж буй салбарууддаа үргэлж шинэлэг шийдэл, инновациудыг бий болгож байдаг нь бахархалтай юм. Тэдний бүтээн бий болгож буй бүхий л төслүүд нь шаргуу хөдөлмөр, ур чадвар, мэдлэг туршлага, Монгол хүний ур ухаан дээр тулгуурласан билээ. Төслүүдийг дурдвал:
- Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгуудын сумдуудыг төв цахилгааны шугамд холбосон
- Цахилгаан дамжуулалтын шугамыг орон даяар суурилуулсан.
- Юнител ХХК – орон даяар үүрэн холбооны целлулар технологийг танилцуулсан
- Юнивишн ХХК- Монголд анх удаа интернет, суурийн утас, телевизийн үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээг танилцуулсан
- М-Си-Эс Кока Кола ХХК нь Монголд анх удаа дэлхийн брэндийг оруулж ирсэн
- Tiger шар айрагны үйлдвэрийг Монголд байгуулсан
- Сэнтрал Тауэр-оффисын барилга болон Белла Виста, Будда Виста, Вива Сити- орон сууцны хорооллууд зэрэг барилгын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн
- Скай Ресорт – Монголд анхдагч олон улсын стандартын цана болон гольфийн баазыг байгуулсан
- Группын төслүүд нь Интермед эмнэлэг болон Шангри-Ла Төвийн төслүүдээр үргэлжилж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1993 оны 4 дүгээр сарын 16-нд санаа нийлсэн дөрвөн залуу зөвлөх үйлчилгээ эрхлэх компани үүсгэн байгуулсан ажээ. Компаниа М-Си-Эс буюу Mongolian Consulting Service гэсэн англи үгийн товчлолоор нэрлэсэн байна.
1994 онд Азийн хөгжлийн банкны “Түлш эрчим хүчний салбарын байгууллагуудын үнэ тарифын судалгаа”, Азийн хөгжлийн банк ба Worley International компанийн “Монгол Улсын Эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах”, Азийн хөгжлийн банк ба Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг (SIDA)-ийн “Дулааны III цахилгаан станцын шинэчлэл” зэрэг төсөлд туслан гүйцэтгэгч, хамтран гүйцэтгэгчээр ажиллажээ.
1996 оны 9 дүгээр сард “Компьютерийн төв”-ийг нээсэн нь М-Си-Эс Электроникс компани үүсгэн байгуулагдах эхлэл болжээ. Байгуулагдсан жилдээ л алдарт Packard Bell (NEC) компанийн албан ёсны дистрибьютер болов.
1997 онд Тавилга, компьютерийн худалдаа, үйлчилгээний чиглэлд үйл ажиллагаагаа өргөтгөв. Хэвлэлийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хэвлэлийн Интерпресс компанийг үүсгэн байгуулжээ.
1998 онд Хувийн компаниуд олноор байгуулагдсанаас үүдэн орчин үеийн албан өрөөний тавилга эрэлт ихтэй болж байсан тул тавилгын худалдааны Анун компанийг байгуулжээ. Мөн Спирт Бал Бурам үйлдвэрийг хувьчилж авсан эхний жилүүдэд спиртийн үйлдвэрийн жигд ажиллагааг хангах, чанарыг дээшлүүлэхэд голлон анхаарч, үйлдвэрийн хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна. Улсад жилдээ 1.5 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл төлдөг байсан бол 2008 он гэхэд 31.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өссөн байдаг.
1999 онд Дэлхийд алдартай "Проктер энд Гэмблийн" бараа бүтээгдэхүүнийг дотоодод нийлүүлэх Анунгоо компанийг байгуулснаар өргөн хэрэглээний барааны зах зээлд анхлан орсон юм. Анунгоо компани өнөөдөр Проктер энд Гэмбол, Нэстлэ зэрэг олон улсын компаниудын дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн 60 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна. мөн Барилга угсралтын М-Си-Эс Констракшн компанийг байгуулснаар М-Си-Эс Проперти компанийн үндэс суурь тавигджээ.
2001 онд Кока-Кола компаниас Монгол дахь онцгой эрхт үйлдвэрлэгчээр М-Си-Эс Группийг сонгон шалгаруулснаар 2002 оноос дэлхийн брэнд ундааг эх орондоо үйлдвэрлэж эхлэн, дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Кока-Колагийн гэр бүлийн албан ёсны гишүүн болжээ. М-Си-Эс Группийн хувьд Кока-Кола брэндийг Монголд үйлдвэрлэж, борлуулах нь үндэстэн дамнасан аварга корпорациас технологи, менежмент, маркетингаас эхлээд байгууллагын соёл гэх мэт олон чухал зүйлд суралцах боломж бүрдсэн байна. Мөн Олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон тул 2001 онд ерөнхий удирдлагын систем бий болгож М-Си-Эс Холдинг компанийг байгуулжээ.
2005 онд Монгол ноолуур, тэмээний ноос компанийг худалдаж аван, дэд бүтэц, менежментийг цогцоор нь шинэчлэн нэрийг нь Гоёо компани болгон өөрчлөв. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж эхэлсэн юм.
2006 онд Сингапурын Азиа Пасифик Брюэриз компанитай хамтран шар айргийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх М-Си-Эс Азиа Пасифик Брюэри компанийг байгуулжээ.
2007 онд үндэсний брэнд "Сэнгүр" шар айргийг хэрэглэгчдийн хүртээл болгож, Тайгер шар айргийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар импортыг орлуулах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмсэн байна. Мөн онд Үүрэн холбооны Юнител компани байгуулагдлаа. Юнител өдгөө Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, суурин газруудын 100 хувийг хамран үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
2009 онд Улаанбаатар хотын төв хэсэгт сүндэрлэсэн Сэнтрал Тауэр ашиглалтад орж, орчин үеийн оффис, үйлчилгээний цогцолбор үүдээ нээлээ. Энэхүү байгууламжийн өмнө усан оргилуур бүхий цэцэрлэгт амарч зугаалах, сууж ярилцах таатай орчныг бүрдүүлснээрээ иргэдийн таашаалд онцгой нийцсэн юм. Мөн онд Скай Резорт амралт, аялал жуулчлалын цогцолборыг байгуулж, олон улсын стандартын уулын цанын баазыг ашиглалтад оруулжээ.
2011 онд Юнивишн компанийг байгуулж гурвалсан үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэв. Монгол инженерүүд анх удаа бие даан 18 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг хоёр жилийн дотор барьж ашиглалтад орууллаа. Говийн нөхцөлд тохирсон ус хэрэглэдэггүй, хуурай хөргөлтийн системтэй энэхүү бүтээн байгуулалтад дотоодын 80 гаруй компанийн 1500 гаруй инженер техникийн ажилтны ур ухаан шингэсэн байна.
2013 онд олон улсын стандартын гольфын талбайг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа өргөтгөсөн бөгөөд жилийн дөрвөн улирлын турш үйлчилгээ үзүүлж байна.
2014 онд Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн оношилгоо, эмчилгээ бүхий Интермед эмнэлэг үүдээ нээлээ. Иргэд гадаадад өндөр үнээр оношилгоо, эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хүндрэлд ордог асуудлыг бууруулахаар Интермед эмнэлгийг байгуулсан юм. 2016 онд Интермед эмнэлэг олон улсын JCI байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг давж “Алтан тамга”-ын эзэн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг болсон юм.
2015 онд Дэлхийн олон оронд салбартай таван одтой зочид буудлын сүлжээ бүхий “Shangri-La Hotel and Resort” Улаанбаатар хотод үүд хаалгаа нээлээ. Тансаг зэрэглэлийн орон сууц, оффис, үзвэр үйлчилгээ, спорт, худалдааны цогцолбор бүхий цогц байгууламжийн дараагийн ээлж болох Шангри-Ла төв нь 2016 онд ашиглалтад оржээ.
2017 онд М-Си-Эс Интернэйшнл компани сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж 2016-2018 онд тус бүр нь 50 MВт-ын хүчин чадалтай Цэций салхин цахилгаан станц, Сайншандын Салхин парк төсөл, тус бүр нь 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” болон “Хөшигт” нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлжээ.
2018 онд М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэйшнл компани хамтран Гүний уурхайн чухал барилга байгууламж төслийн сүүлийн хоёр чухал барилга байгууламж болох Гүний уурхайн засварын төв, Шатахуун дамжуулах системийн барилга байгууламжийг дуусгаж, 2018 оны 9-р сарын 10-ны өдрийн Улсын комиссын шийдвэрээр байнгын ажиллагаанд хүлээлгэн өгчээ.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]MCS группын захирлуудын Зөвлөлийн дарга Жамбалжамцын Оджаргал, MCS группын Ерөнхийлөгч Жамбалжамцын Од.
Группийн цаашдын стратегийн хувьд голлох чиглэлийн бус охин компаниудыг олон жил амжилттай удирдсан удирдлагад нь, зарим тохиолдолд салбарын тэргүүлэгч компаниудад худалджээ. Үүнд, Интерпресс, Медимпекс, Анун, Грандхаан айриш паб, М-Си-Эс Электроникс, Грийн Катеринг, Спирт Бал Бурам, Зүүнхараа Трейд, М-Си-Эс Эй-Пи-Би, Гоёо, Гламур компаниудыг худалдсан байна.