Жаоли хаан
Жаоли хаан (хятадаар:昭禮可汗) (?-833) бол Уйгурын хаант улсыг 824-833 оны хооронд захирч байсан 11 дэх хаан байсан. Түүний нэрийг Зыжы Тунжянь хэмээх хятадын түүхийн сударт Хэса Төлэй (曷薩特勒) гэж тэмдэглэснийг түүхчид Касар Тэлэ гэж тайлбарладаг юм. Бао-и хааны хүү, Чүндэ хааны дүү нь юм.
Хаанчлалын үе
[засварлах | кодоор засварлах]824 онд Касар Тэлэг Уйгур улсын хаан сууринд Ай дэнли луогү момишихэ пижя хаан (愛登里囉汩沒密施合毗伽可汗) цол өргөмжилжээ. Энэ нь уйгур үгийг хятадаар галигласан нь бидний цаг үед хүрч иржээ. Сүүлийн жилүүдэд түрэг судлалын эрдэмтэд Ay Täŋridä Qut Bolmiš Alp Bilgä Qaγan гэж орчуулах болсон. Хятадын Тан улсын Вэньзун хаан түүнд Жаоли хаан (昭禮可汗) гэсэн цолыг шагнасан нь Хятадын түүх бичлэгт энэ цолоор нь тэмдэглэсэн.
825 оны 7 сард Тан улсын Вэньзун хааны элч Тянь Уфэнд төрийн тамга, торгон жууз тэрэг 12 нэгж, их хэмжээний торго, даавуу өгч илгээсэн байна. Уйгурын хаан 7, 11 сард хариу элч илгээжээ. Уйгурын хаан Жаоли 826 оны 2 сард Тан улсад элч илгээж их хэмжээний худалдаа хийж, олз ашиг нь арвин болжээ. 833 оны эхээр Уйгур улсын дотор төрийн эрхийн төлөөх тэмцэл хурцдаж, Уйгурын сайд ноёд төрийн эргэлт гаргаж, Жаоли хааныгаа алж, түүний ах Чүндэ хааны хүү Ху тигинийг хаан сууринд өргөмжилжээ. 833 оны 4 сарын 20 нд Чанань хотод Вэньзун хааны зарлигаар гашуудал зарлаж, бяцхан ёслол хийжээ.
Өмнөх Чүндэ хаан |
Уйгур улсын хаан 824-833 |
Дараах Жаншинь хаан |