Жон Жэй
Жон Жэй (англи. John Jay; 1745 оны 12-р сарын 12-нд Нью-Йорк хотод төрж, 1829 оны 5-р сарын 17-нд Нью-Йоркийн Бэдфордод нас барсан) - Америкийн төрийн зүтгэлтэн, АНУ-ыг үндэслэсэн эцгүүдийн нэг. Тивийн 1, 2-р Конгрессын гишүүн, 1779 онд АНУ-ын Конгрессын дарга байсан. 1779-1782 онд Испани дахь АНУ-ын Элчин сайд, 1784-1789 онд хоёр дахь АНУ-ын Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга, 1789-1790 онд Төрийн нарийн бичгийн дарга, Үндсэн хууль баталж АНУ-ын Засгийн газар байгуулагдахад АНУ-ын Дээд шүүхийн анхны дарга болсон. 1795-1801 онд Нью-Йорк мужийн захирагч байсан.

Угшил, бага нас
[засварлах | кодоор засварлах]Жэйн удмынхан Францад шашны хавчлагаас зугтаж Нью-Йоркт ирсэн нэр хүндтэй худалдаачид байв. 1685 онд Нантын зарлигийг хүчингүй болгож, улмаар протестантуудын иргэний болон хууль ёсны эрхийг цуцалж, Францын хаант засаг захиргаа эд хөрөнгийг нь хураан авчээ. Нөлөөлөлд өртсөн хүмүүсийн дунд Жон Жэйн өвөг эцэг Огюст Жэй байсан. Тэрээр Францаас Өмнөд Каролина мужийн Чарлстон, дараа нь Нью-Йорк хот руу нүүж томоохон худалдаачин болж чаджээ.
Жэйн эцэг Питер Жэй (англи. Peter Jay) 1704 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд улмаар үслэг эдлэл, улаан буудай, мод болон бусад бараа бүтээгдэхүүний чинээлэг худалдаачин болжээ. Жэйн эх нь голланд гаралтай Мэри Ван Кортландт (Mary Van Cortlandt) бөгөөд 1728 онд Голландын сүмд эцэг Питер Жэйтэй гэрлэсэн байна.
Жон Жэй 1760 онд Нью-Йоркийн Кингс коллежид элсэн орж хуульч мэргэжлээр боловсрол эзэмшсэн (сүүлд Колумби Коллеж болсон). 1764 онд сургуулиа төгсөөд нэрт хуульч, улс төрч, хуулийн багш Бенжамин Киссамын хуулийн ажилтан болжээ. Жэйгээс гадна тэнд Киссамын шавь Линдли Мюррей мөн ажилладаг байжээ.
1774 оны 4-р сарын 28-нд Жэй Нью-Жерси мужийн захирагч Уильям Ливингстоны ууган охин Сара Ван Брюг Ливингстонтой гэрлэжээ. Гэрлэх үед Сара арван долоон настай, Жон хорин найман настай байв. Тэд Питер Август, Сюзан, Мариа, Анн, Уильям, Сара Луиза гэсэн зургаан хүүхэдтэй болсон.
Тэрээр Нью-Йоркт боломжийн нэр хүндтэй болж колониуд тусгаар тогтнолоо тунхаглах эсэх талаар хэлэлцсэн Тивийн нэгдүгээр болон хоёрдугаар Конгрессийн төлөөлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр Их Британийн засгийн газрыг колоничлолуудтай эвлэрэхийг уриалсан Оливын мөчрийн өргөдлийг бичихэд тусалсан. Дайн зайлшгүй болох нь тодорхой болсон тул Жэй хувьсгал болон Тусгаар тогтнолын тунхаглалын талаар дэмжлэг үзүүлж байжээ.
Жон Жей 1784-1789 онд Гадаад хэргийн хоёр дахь нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 9-р сард Конгресс шинэ хэлтэст дотоодын тодорхой үүрэг хариуцлагыг өгч, нэрийг нь Төрийн департамент болгон өөрчлөх тухай хуулийг баталжээ. Тэрээр 1790 оны 3-р сарын 22 хүртэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.
1789 оноос 1795 оны 6-р сар хүртэл Ж.Жэй АНУ-ын Дээд шүүхийн анхны ерөнхийлөгчөөр ажиллаж, Америкийн эрх мэдлийн энэхүү байгууллагын ажлын үндэс суурийг тавьжээ.
Тэрээр 1795-1801 онд Нью-Йорк хотын захирагчаар сонгогдож ажилласан. 1801 онд тэрээр хоёр дахь удаагаа сонгогдохоос татгалзаж, улс төрөөс бүрмөсөн гарч, хөдөө эдлэн газраа газар тариалан эрхэлж, 83 насандаа таалал төгссөн байна.
- 1745 онд төрсөн
- 1829 онд өнгөрсөн
- Америкчууд
- Нью-Йорк хотын хүн
- АНУ-ын дээд шүүхийн шүүгч
- Нью-Йоркийн амбан захирагч
- АНУ-ын гадаад хэргийн сайд
- 18-р зууны дипломатч
- 18-р зууны улс төрч
- 19-р зууны улс төрч
- 18-р зууны эрх зүйч
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Континентал Конгрессын гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Шинэ эриний боолчлогч
- Коламбиа их сургуулийн хүн