Jump to content

Жон Монаш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Генерал Жон Монаш

Жон Монаш (англи. John Monash, 1865 оны 6-р сарын 27-нд Австралийн Мельбурн хотод төрсөн- 1931 оны 10-р сарын 8-нд мөн Мельбурн хотод нас барсан)- Дэлхийн 1-р дайны үеийн Австралийн цэргийн жанжин, барилгын инженер хүн. Дэлхийн 1-р дайнаас өмнө болон дайны үеэр Египет дахь 4-р бригадын командлагч байсан.

Монаш нь дэлхийн нэгдүгээр дайны үеийн шилдэг генералуудын нэг бөгөөд Австралийн түүхэн дэх хамгийн алдартай цэргийн жанжин гэж тооцогддог. Түүний зураг Австралийн 100 долларын дэвсгэртийн арын нүүрэн дээр байдаг байна.

Жон Монаш 1865 оны 4-р сарын 8-нд Австралийн Виктория мужийн Мельбурн хотын Дадли-стрит гудамжинд төрсөн байна. Эцэг нь -Льюис Монаш, эх нь — Берта Монаш буюу төрсөн овог нь Менесси гэдэг байжээ. Эцэг эх хоёулаа германы (өнөөгийн Польшийн Познань мужийн Кротошин хотоос гаралтай) еврейчүүд байжээ. Анх овогийг нь -Мона́ш гэж дууддаг байсан. Эцэг эх нь өөрийн төрлөх герман хэлээр ярьдаг байсан тул Жон мөн герман хэлээр чөлөөтэй ярихаас гадна бичиж, уншиж чаддаг байжээ. Гэвч тэрээр 1914 оноос нас бартлаа өөрийнхөө герман гарал үүслийн талаар ярихгүй байхыг хичээдэг байжээ.

1874 онд Жоны гэр бүл Шинэ Өмнөд Уэльс мужийн жижигхэн Жерилдери хот руу нүүжээ. Эцэг нь тэнд дэлгүүр ажилуулдаг байжээ. Жон улсын сургуульд сурч төгсөхөд сургуулиас нь түүний оюун ухааныг өндрөөр үнэлж Мельбурн явж сурлагаа үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна. Үүний дагуу 1877 онд гэр бүл буцаад Мельбурн явжээ. Тэндээ Скотч-коллежид Александр Моррисоны хичээлд сууж амжилттай төгсөөд Мельбурны Их сургуулийг мөн төгсөөд техникийн ухааны магистр (1893), эрх зүйн бакалавр (1895), техникийн ухааны доктор (1921)-ын зэрэг хүртсэн байна.

Жон Монаш 1891 оны 4-р сарын 8-нд Ханна Виктория Мосс (1871—1920)-тай гэрэлсэн байна. 1893 онд тэд Берта гэж цорын ганц охинтой болжээ.

Их сургуулиа төгсөөд тэрээр барилгын инженерээр ажиллаж байгаад 1884 онд Австралийн армийн нөөцөд ороод 1887 онд Умард Мельбурны цэргийн ангид дэслэгч болжээ. 1895 он гэхэд ахмад болж 1897 онд хошууч болжээ. 1906 онд цэргийн тагнуулын ангид дэд хурандаа болтлоо алба хаасан байна. 1912 онд 13-р Явган цэргийн Бригадын дарга болж дараа нь хурандаа цолоо 1913 оны 7-р сарын 1-нд хүртсэн ажээ.

Дайны үйл ажиллагаа дууссаны дараахан Монаш эх орондоо буцаах асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар томилогдож, Австралийн цэргийг Европоос буцаах ажлыг хариуцан шинээр байгуулагдсан хэлтсийг удирдав. 1919 оны 8-р сард Лондонд байхдаа тэрээр 1918 онд "Франц дахь Австралийн ялалтууд" хэмээх ном бичиж, 1920 оны 4-р сард хэвлүүлжээ. Тэрээр 1919 оны 12-р сарын 26-нд Австралид буцаж ирэхэд түүнийг маш их хүндэтгэн хүлээн авчээ. Түүнийг буцаж ирсний дараахан буюу 1920 оны хоёрдугаар сарын 27-нд эхнэр нь хорт хавдраар нас барсан юм.

1923 онд тэрээр Мельбурны Их сургуулийн дэд захиралаар томилогдоод нас бартлаа ажилласан байна.

Жон Монаш 1931 оны 10-р сарын 8-нд Мельбурн хотод зүрхний шигдээсээр нас барсан байна. Түүнийг хүндэтгэж Төрийн оршуулга зохион байгуулсан бөгөөд ойролцоогоор 300,000 орчим хүн хүндэтгэл үзүүлэхээр түүний оршуулганд иржээ.