Иван Гончаров

Иван Гончаров (орос. Ива́н Алекса́ндрович Гончаро́в , 1812 оны 6-р сарын 6-нд Оросын хаант улсын Симбирск хтод төрсөн —1891 оны 9-р сарын 15-нд Санкт-Петербургт нас барсан) — оросын зохиолч, уран зохиол шүүмжлэгч. Петербургийн ШУА-ийн орос хэл, үг зүйн салбарын гишүүн (1860), Төрийн жинхэнэ зөвлөх цолтой.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1812 оны зун Сибирск буюу өнөөгийн Ульяновск хотод чинээлэг худалдаачин эцэг Александр Иванович (1754-1819), эх Авдотя Матвеевна (Шахторина; 1785-1851) нарын гэр бүлд төрсөн байна. Ирээдүйн алдарт зохиолч бага насаа хотын төвд байрлах, өргөн том хашаатай, цэцэрлэгт хүрээлэнтэй Гончаровын том чулуун байшинд өнгөрөөжээ.
Иван Гончаровын энэхүү "тосгон"-ы орчинд өсөж хүмүүжихдээ харсан болон олж мэдсэн зүйлсийн ихэнх нь шинэчлэлийн өмнөх Оросын хөдөө орон нутгийн амьдралыг танин мэдэхэд анхны түлхэц болсон нь түүний "Жирийн нэгэн явдал" /орос. Обыкновенная история, Д.Төрмөнх монгол хэл рүү орчуулсан/ , "Обломовын тухай", "Хадан цохио" зэрэг зохиолуудад маш тод, үнэн бодитоор тусгагдсан байдаг.
Түүнийг дөнгөж 7 настай байхад эцэг нь нас баржээ. Хүүгийн дараагийн хувь заяа, түүний оюун санааны хөгжилд түүний "загалмайлсан эцэг" Николай Трегубов чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ бол тэтгэвэрт суусан далайчин байсан. Тэрээр нээлттэй задгай сэтгэлгээгээрээ ялгарч, орчин үеийн амьдралын зарим үзэгдэлд шүүмжлэлтэй ханддаг байв. "Сайн далайчин" -гэж Иван Гончаров эцгийг нь оролсон багшийгаа сүүлд талархалтайгаар дуурссан байдаг.
Иван Гончаров хүү анхны бага боловсролоо гэртээ Трегубовын удирдлаган дор, дараа нь Архангельское-Репиевка тосгон дахь хувийн дотуур байртай сургуульд авсан байна. 10 настай хүүг ах Николайгийн сурч байсан худалдааны сургуульд явуулахаар Москва руу явуулсан. Гончаров тус сургуульд 8 жил сурсан (1822-1830). Сурах нь түүнд төдийлөн сонирхолгүй байсан ч түүний нэр сургуулийн “улаан самбар” дээр тогтмол гардаг байжээ. Гэхдээ Иван Гончаровын оюун санааны болон ёс суртахууны хөгжил өөрийн гэсэн чиглэлтэй байв. Тэр оросын уран зохиол маш их уншдаг байсан тул түүнд жинхэнэ ойр зөвлөгч нь болж байсан юм.
1831 оны 8-р сард тэрээр элсэлтийн шалгалтаа өгч, Москвагийн Их сургуулийн уран үг, зохиолын ангид элсэн орсон.
Иван Гончаровт Москвагийн их сургуульд өнгөрүүлсэн 3 жил нь чухал нөлөө үзүүлсэн ажээ. Энэ үе бол амьдралын тухай, хүмүүсийн тухай, өөрийнхөө тухай эргэцүүлэн бодох үе байсан. Тэрээр Ефрем Барышев, Виссарион Белинский, Александр Герцен, Николай Огарёв, Николай Станкевич, Михаил Лермонтов, Иван Тургенев болон Константин Аксаков нартай нэгэн үед их сургуульд суралцаж байжээ.
1834 оны зун их сургуулиа төгсөөд Гончаров өөрийгөө "чөлөөт иргэн" гэж мэдэрсэн бөгөөд түүний өмнө амьдралын бүх зам нээлттэй байв. Юуны түрүүнд эх, эгч, багш Трегубов нар нь хүлээж байсан төрөлх нутагтаа очихоор зорьжээ.
1 жил орчим төрсөн хотдоо байгаад нийслэл рүү явж Сангийн яамны Гадаад худалдааны хэлтэст өргөдөл гаргаж, гадаад хэлний орчуулагчийн ажилд оржээ.
1840-өөд он бол Гончаровын бүтээлч байдлын эхлэл болсон юм. Энэ үе бол Оросын уран зохиолын хөгжилд төдийгүй Оросын нийгмийн амьдралд чухал үе байв. Гончаров Виссарион Белинскийтэй уулзаж дотно танилцсан байна. Энд 1846 онд Гончаров "Жирийн нэгэн явдал" романыхаа Белинскийн шүүмжийг уншив. Агуу шүүмжлэгчтэй харилцах нь залуу зохиолчийн оюун санааны хөгжилд чухал ач холбогдолтой байсан юм.
1852 оны 10-р сард Сангийн яамны Гадаад худалдааны хэлтэст орчуулагчаар ажиллаж байсан Иван Гончаровыг адмирал Путятиний нарийн бичгийн даргаар томилогдож судалгааны тойрон аялалд бараг хоёр жил хагас явжээ. Гончаров Англи, Өмнөд Африк, Индонез, Япон, Хятад, Филиппин болон Атлантын далай, Энэтхэг, Номхон далай дахь олон жижиг арлуудаар аялжээ. 1854 онд Агнуурын тэнгисийн эрэг дээр Аян хотод газардсаны дараа Гончаров хуурай замаар Оросыг хөндлөн гулд явж, 1855 оны 2-р сарын 13-нд Санкт-Петербургт буцаж ирсэн байна.
1865 онд Иван Гончаров Оросын Хэвлэлийн Зөвлөлийн гишүүн болоод 1867 онд тэрээр ерөнхий ба жинхэнэ улсын зөвлөлийн гишүүнээр тэтгэвэрт гарсан. Гончаров 1859 онд "Обломов" романаа хэвлэн нийтэлж, уншигчдын дунд асар их амжилтанд хүрсэн нь түүнийг Оросын хамгийн шилдэг зохиолчдын нэг болох алдар нэрийг авчирсан юм. Тэрээр шинэ бүтээл болох "Хадан цохио" роман дээр 20 орчим жил ажилласан. Заримдаа, ялангуяа зохиолын төгсгөлд тэрээр хэцүү байдалд орж, түүнд энэ гайхамшигт ажлыг дуусгахад хангалттай хүч чадал байхгүй мэт санагддаг байжээ.
Тэрээр "Утга зохиолын үдэш" (1877), "Хуучин зууны зарцууд" (1887), "Ижил мөрний аялал" (1873-1874), "Дорнод Сибирь даяар" (1891), "Санкт-Петербургийн тавдугаар сар” (1891) зэрэг тэмдэглэлүүд бичсэн нь түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн. Гончаровын шүүмжлэлийн чиглэлээр хийсэн бусад олон гайхалтай үзүүлбэрүүдийг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, түүний "Сая тарчлал" (1872), "Белинскийн зан чанарын тухай тэмдэглэл" (1874), "Хэзээ ч үгүй байснаас хожимдсон нь дээр" (1879) зэрэг ноорог зохиолууд нь Оросын шүүмжлэлийн түүхэнд сонгодог жишээ болгон уран зохиолын гоо зүйн сэтгэлгээ орж ирсэн юм.
Амьдарлынхаа сүүлийн жилүүдэд Иван Гончаров ганцаардаж 1891 оны 9-р сард ханиад хүрч өвчин хурдацтай хүндэрч хэд хоногийн дараа 9-р сарын 15-ны шөнө Иван Гончаров 80 настайдаа уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан байна.