Игорь Курчатов

Игорь Васильевич Курчатов

Игорь Васильевич Курчатов (1903 оны 1-р сарын 8 [21]-нд Оросын Хаант улсын Уфим мужийн Сим сууринд төрсөн— 1960 оны 2-р сарын 7-нд Москва тойргийн Барвиха тосгонд нас барсан) — зөвлөлтийн физикч, зөвлөлтийн цөмийн бөмбөгийн «эцэг». ЗХУ-ын гурван удаагийн Хөдөлмөрийн баатар (1949, 1951, 1954). ЗХУ-ын ШУА-ийн Академич, физик-математикийн ухааны доктор (1933), профессор (1935). ЗХУ-ын Атомын эрчим хүчний хүрээлэн үүсгэн байгуулагч бөгөөд анхны захирал (1943—1960). ЗХУ-ын Атомын төслийн шинжлэх ухаан Ерөнхий удирдагч бөгөөд цөмийн эрчим хүчийн энхийн зорилгод ашиглахыг үндэслэгч. Ленины нэг удаагийн, Сталины 4 удаагийн төрийн шагналтан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Сим суурингийн хүндэт иргэн, Уфим хотын газар хэмжилтийн сургууль төгсөгч Василий Алексеевич Курчатов (1869—1941)-ын хүү болж төржээ. Эх нь Мария Васильевна Курчатова (төрлөх овог нь — Остроумова, 1875—1942) эцэгтэй нь гэрлэхээс өмнө шашны дунд сургуулийн багш байжээ.

1908 онд эцэг нь газар зохион байгуулах комиссын ажлаар Симбирск хот руу томилогдоход тэд гэр бүлээрээ нүүжээ, харин Игорь хүү 1911 онд улсын эрэгтэй хүүхдийн гимназид оржээ. 1912 онд тэдний гэр бүл Симферополь хот руу нүүжээ. Гэрийн санхүүгийн байдал хэцүү байсан тул Игорь Симферополийн улсын эрэгтэйчүүдийн гимназид сурахын зэрэгцээ слесарийн оройн сургуульд сурч Тиссена хэмээх жижиг механикийн үйлдвэрт ажиллаж байжээ. Зун нь газар зохион байгуулалтын аялалын багт орж явдаг байжээ.

Тэрээр бүх хичээлээр онц дүнтэй байсан ч алтан медаль аваагүй, учир нь дайны үед эрх баригчид медаль олгохоо түр зогсоонсон байдаг юм. 1920 оны 9-р сард И.Курчатов Крым дахь Тавридын их сургуулийн физик-математикийн факультетэд элсэн орсон. 1923 оны зун гэхэд тэрээр өлсгөлөн, ядуу зүдүү байсан ч хугацаанаасаа өмнө их сургуулиа амжилттай төгссөн байна. Петроградын Политехникийн дээд сургуульд 3-р ангиас элсэн орж төгсөөд 1924 оны 11-р сард Баку дахь Азербайжаны Политехникийн дээд сургуулийн физикийн тэнхимийн туслах болов.

1925 онд Курчатов Бакуд хамт ажиллаж байсан профессор Семён Усатый-гийн зөвлөмжийн дагуу академич Абрам Иоффе-гийн удирдлаган дор Ленинград дахь Физик-техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болжээ.

Баку хотод байхдаа танилцсан Марина Дмитриевна Синельниковатай 1927 оны 2-р сарын 3-нд гэрэлсэн байна.

1927-1929 онд Ленинградын аж үйлдвэрийн дээд сургуулийн физик-математикийн факультетийн өндөр хүчдэлийн инженерийн тэнхимд диэлектрикийн физикийн тусгай курс заажээ. 1935 оноос М.Н.Покровскийн нэрэмжит Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуулийн профессороор ажиллаж, 3, 4-р курсын оюутнуудад "Цахим онол", "Атомын цөмийн физик" хичээл зааж, мөн тус тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний семинарыг удирдаж байжээ. Физикийн их сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан цөмийн цех байгуулах ажлыг удирдан явуулсан. 1930 оны 10-р сарын 1-ээс - Ленинградын Физик, технологийн дээд сургуулийн физикийн тэнхимийн эрхлэгч болжээ. 1937 онд тэрээр М.Н.Покровскийн нэрэмжит Багшийн дээд сургуулийн онолын физикийн тэнхимийн эрхлэгчээр томилогдсон.

Тэрээр 1942 оноос Казань хотод, дараа нь Москвад ажилласан. 1943 оны есдүгээр сарын 29-нд ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон.

1948 онд Бүх Холбооны Коммунист Намд (Большевикууд) элсэв. ЗХУ-ын Коммунист намын ХХ их хурлын төлөөлөгч.

Курчатовыг Зөвлөлтийн атомын төслийг үндэслэгч гэж үздэг бөгөөд тэрээр 1942 оны 9-р сарын 28-наас нас барах хүртлээ түүнийг удирдаж байжээ.

Дайнаас хойш хэдэн жилийн дараа Бериягийн удирдлаган дор ЗХУ-ын цэргийн цөмийн хөтөлбөр анхны үр дүнгээ өгсөн байна: 1949 оны 8-р сарын 29-нд Зөвлөлтийн анхны РДС-1 цөмийн бөмбөгийн туршилт хийжээ.

1960 оны 2-р сарын 7-нд тэрээр Москва орчмын Барвиха зусланд нас баржээ.