Ила Пүа

Ила Пүа (хятад хэл: 移剌蒲阿, пиньинь: Yí lá pú ā) (? - 1232) нь Зүрчидийн Алтан улсын сүүл үеийн кидан угсааны жанжин. Тэрбээр бага наснаас цэргийн албанд зүтгэж, мянгатын ноёноос дутун болтол дэвшсэн. Алтан улсын Удубу хааны үед хунтайжийн зүүн ордны цэргийн жанжин байсан. 1223 онд Сүйжоугийн цэргийн хэргийг хариуцаж, цэргийн явдлын хүрээлэнгийн шүүгч түшмэлээр томилогдсон. 1224 онд зарлигаар Гуанжоуг эзлэн, өмнөд Сүн улстай байлдахаа зогсоож, найрамдахаар болов. 1227 онд түүний цэргийн гавьяаг үнэлж, үе улирах моукэ цол соёрхов. 1230 оны 1 сард Хэшилэ Яютагийн хамтаар Дачанюаньд Монголын Доголху чэрбигийн удирдсан найман мянган цэрэгтэй байлдаж ялалт байгуулав. Тэндээс зуун мянган цэргээ удирдан Хэнань мужийн Вэйжоу хотыг бүслэсэн Ши Тяньзэ нарын гурван мянган цэргийг довтлон ухраав. Үүний дараа цаньжэн жэнши түшмэл болж Тунгуан боомтыг сахин суув. 1231 оны 12 сард Дэнжоуг сахин, Юйшан уулыг Монголын цэргээс хамгаалан суув. 1232 оны 2 сард Вангин Хада жанжны хамтаар 20 түмэн цэрэг удирдан Санфэн ууланд Монголын Тулуй ноён, Сүбээдэй баатрын цэрэгтэй байлдахад монголчууд зад барьж цас оруулж гэнэт хүйтэрснээс болж Алтан улсын цэргүүд зэвсэгээ барих чадваргүй болох үед , монголын их цэрэг довтлон зүрчидийн цэргийг хүйс тэмтрэв. Уг тулаанаас Ила Пүа цөөн цэргээр зугтах замдаа баригдаж алуулсан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]