Jump to content

Удубу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ваньянь Удубу (1163 оны 4 сарын 18 – 1224 оны 1 сарын 14) нь зүрчидийн Алтан улсыг 1213-1224 оныг хүртэл захирч байсан найм дахь хаан төдийгүй Мадагэ хааны дүү юм. Түүний хятад нэрийг Шюнь (珣) гэж байсныг Цонжя (從嘉) гэж сольжээ. Түүний хаанчлалын үед Алтан улс монголтой хийж байсан дайнд их хэмжээний газар, нийслэл хотоо алдаж, өмнөд нийслэл Бяньжин руу шилжин төвлөрсөн.

Удубу бээр Ваньянь Улу хааны хөвүүн Юнгун хунтайжийн лю овогт татвар эмээс төрсөн хоёрдугаар хөвүүн. 1178 онд вэнь гуо гүн (溫國公) цол хүртсэн. 1186 онд Шюнь гэх хятад нэрийг сонгож авсан. 1189 онд Мадагэ хааны зарлигаар фэн ванд (豐王) өргөмжлөгдсөн. 1196 онд түүний хуучин ван цолыг өөрчлөн, и ван (翼王) хэмээв. 1205 онд шюнь гэх хятад нэрээ Цонжя гэж сольж, шин ван (邢王) цол хүртэв. Бас удалгүй шэн ван (升王) цолтой болов.

1213 оны 8 сард монголын их цэрэг Алтан улсын нийслэл хотыг бүслэхэд Жунду хотыг сахьсан цэргийн жанжин Хэшилэ Жижун төрийн эргэлт гаргаж, Юнжи хаанаа алж, Шэн ван Удубуг тус улсын хаанд өргөмжлөв. Удубу бээр хаан болсон даруйд Хэшилэ Жижун буюу Хушаху жанжныг улсын тайш, шаншулин сайд, нийслэл хотын цэргийн жанжин, Зэ ван гэх олон албан тушаалыг давхардуулан соёрхов. Оны цолыг Жэньюй (貞祐) гэж тунхаглав. Тэрээр өөрийн хятад нэр Цонжя байсныг дахин Шюнь болгож өөрчлөв. 1213 оны 10 сард Хушаху жанжин, өөрийн харьяат Жуху Гаочи гэх жанжинд алуулсны дараа хааны зарлигаар Жуху Гаочи төрд нэр нөлөөтэй болов. 1213 оны сүүлчээр Чингис хааны зарлигаар монголын арми Алтан улс руу гурван чиглэлээр довтлов. Хэбэй мужийн бүхий хот тосгоноос ердөө 11 хот монголын цэрэгт эзлэгдэлгүй үлдэв.

1214 оны 3 сард Алтан улс түр зуур найрамдах гэрээ байгуулсанд Чингис хаан цэргийн хүчээ хойш татав. Тус жилийн 6 сард Удубу хаан нийслэлээ Жунду хотоос өмнө зүгийн Бяньжин хот руу шилжүүлэв. Энэ явдлаас болж Монголын арми дахин довтолж, 1215 оны 5 сарын 31 нд Жунду хотыг эзлэв. 1215 оны 10 сард Ляодун мужд байсан зүрчид жанжин Пушянь Ванну бослого гаргаж, өөрийн эзэмшил нутгаа Ся улс хэмээж улсын ванд[1] өргөмжлөгдөв. 1217 оноос 1223 оныг дуустал Мухулай жанжин Алтан улсын Шанси мужийн бүх хот цайзыг эзлэхээр байлдаж эзлэн авав. Удубу хааны үед Тангуд, Курё, Сүн улстай харилцаагаа сэргээж, Монголын эсрэг нэгдсэн хүчээр дайн хийх санаатай байсан. Гэвч 1222 онд Сүн улсын арми Алтан улсын Шаньдун мужийн газрыг эзлэн авсан. 1224 оны 1 сард таалал төгсөв. Түүнийг хоёрдугаар хөвүүн Нинжясү залгамжлав. Хожим нь түүний дээдсийн сүмийн хүндэт цолыг Сюаньзун (宣宗) хэмээж, Бяньжин хотыг Дэлин бунханд оршуулав.

Хатад, хүүхэд:

  • Ван овогт Рэншэн хатан (仁聖皇后王氏), Минхуй хатны эгч. Хүүхэдгүй
  • Ван овогт Минхуй хатан (明惠皇后王氏, ?-1231)
    • Нинжясү, хожмын Айзун хаан (金哀宗 完顏守緒,1198 – 1234), 2-р хөвүүн
  • Ши овогт Ли татвар эм (麗妃 史氏)
    • Ваньянь Сюаньлин, Жи ван (至王 完顏玄齡), 4-р хөвүүн
  • Жэнь татвар, Пан овогтон (真妃 龐氏)
    • Ваньянь Шоучүнь, Жин ван (荊王完顏守純), 3-р хөвүүн
  • Тодорхойгүй
    • Ваньянь Шоужун, Жуаншянь хунтайж цолтой (莊獻太子 完顏守忠, ?-1215), ууган хөвүүн. 1215 онд Жунду хотыг эзлэгдэхэд амь үрэгдсэн.
    • Вэнь гуо гүнж (溫國公主)
  1. Хожмын үеийн түүх шастирд Зүүн Ся улс (東夏) гэх болсон. Учир нь Тангудын Ся улсаас ялгахын тулд ингэж нэрийджээ.