И Сын-мань
И Сын-Ман 이승만 | |
![]() | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1919 оны 9 сарын 11 – 1925 оны 3 сарын 21 |
---|---|
Дэд ерөнхийлөгч: | 1-р : И Ши-Ён 2-р : Ким Сон-Сү 3-р : Хам Тэ-Ён 4-р : Жан-Мён |
Төрсөн: | 1875 оны 6 сарын 26өдөр Хуан Хэ арлын Хэжү, Японы колончлолын үед |
Нас барсан | 1965 оны 7 сарын 19 Хонолулу, Хавай, АНУ |
Хүүхэд: | хүү И Бун-Сү, өргөмөл хүү И Ган-Сог |
И Сын Ман бюу Ли Сын Ман (сол. 이승만, 李承晩, (англи. Syngman Rhee, 1875 оны 3-р сарын 26-нд төрсөн - 1965 оны 7-р сарын 19-нд нас барсан) - Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, сурган хүмүүжүүлэгч, хэвлэл мэдээллийн ажилтан, улс төрч байсан бөгөөд 1948-1960 онуудад БНСУ-ын 1, 2, 3 дахь удаагийн ерөнхийлөгч, БНСУ-ын хилийн чанд дахь түр засгийн газрын анхны тэргүүн байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Солонгосын Вант Улсын Хванхэ мужид даруухан орлого багатай гэр бүлд төрсөн тэрээр ах нар нь цаг бусаар нас барсан ч таван дүүгийн хамгийн бага нь байсан. И Сын-маныг 2 настай байхад гэр бүлээрээ Сөүл рүү нүүжээ. Тухайн үеийн Солонгосын уламжлалт боловсрол эзэмшсэн бөгөөд гол төлөв Хятадын сонгодог уран зохиолыг судлахаас бүрддэг байжээ. И Сын-ман албан тушаалтан болохын тулд шалгалт өгөх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч амжилтад хүрээгүй байна. Уламжлалт боловсролын тогтолцоог халах үед тэрээр АНУ-аас ирсэн номлогчийн нээсэн "Paejae School" сургуульд элсэн орж, англи хэл сурч, сургуулийн Maeil Sinmun сонин гаргахад оролцож байжээ.
1896 онд И Сын-ман тусгаар тогтнолын шинэчлэлийн төлөөх улс төрийн хөдөлгөөнд нэгдсэн байна. 1894-1895 оны Хятад-Японы дайны дараа Солонгос Японы эрхшээлд оржээ. И Сын-ман Солонгосын хойг дахь Японы ноёрхлыг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцож, 1899 оны 1-р сарын 9-ний үймээн самуунд оролцсон хэмээн баривчлагдаж, оргох гэж оролдсон ч бүтэлгүйтэж, эрүүдэн шүүж, бүх насаар нь хорих ял оноожээ. Тэрээр шоронд байхдаа найз нөхөдийнхөө нууцаар оруулж өгсөн номнуудыг их уншдаг байжээ.
Орос-Японы дайн (1904-1905) эхэлсний дараа И Сын-ман шоронгоос суллагджээ. Дараа нь АНУ руу явсан байна. 1904 оны 12-р сард түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Хэй, Ерөнхийлөгч Теодор Рузвельт нар хүлээн авч уулзсан бөгөөд Солонгосыг Японоос тусгаар тогтнохыг хүссэн хүсэлт нь амжилтанд хүрээгүй байна. 1905 оноос тэрээр АНУ-ын их дээд сургуулиудад номлогчийн тэтгэлэгээр суралцсан ажээ. 1907 онд Жорж Вашингтоны их сургуульд урлагийн бакалавр, 1910 онд Харвардын их сургуульд урлагийн магистр, мөн онд Принстон их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. И Сын-маны судалгаа нь улс төр, түүх, олон улсын харилцаа, Христийн шашны теологи, хууль эрх зүй зэрэгтэй холбоотой байсан юм.
Тэрээр 1910 оны сүүлээр Солонгост буцаж ирээд Сөүл дэх Христийн Залуучуудын Холбооны (YMCA) ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Тэр жилдээ Япон Солонгосыг өөртөө нэгтгэж, нутгийн христийн шашинтнуудыг хавчиж эхэлсэн юм. И Сын-ман Солонгост 15 сар амьдарсны эцэст Шашны хуралд оролцох нэрийдлээр дахин АНУ руу явсан байна. 1912 оны 3-р сард тэрээр Хавайд хүрэлцэн ирж, солонгос цагаачдад зориулсан Христийн шашны сургуулийг үүсгэн байгуулж, тус улсад улс төрийн үймээн самууны улмаас ихээхэн өссөн орон нутгийн солонгос-америкчуудын нийгэмлэгт татагдан оржээ.
Япон дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа И Сын-маныг АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоцоор Токио руу авчирчээ. Япон дахь холбоотнуудын эзлэн түрэмгийлэгч хүчний ерөнхий командлагч генерал Дуглас Макартуртай нууц уулзалт хийсний дараа түүнийг 1945 оны 10-р сарын дундуур генералын хувийн онгоцоор Сөүлд хүргэж өгчээ.
АНУ-ын дэмжлэгийн ачаар И Сын-ман бусад Солонгосын улс төрийн цагаачдаас өмнө Сөүлд буцаж ирэв. Ким Гю Сиктэй хамт өмнөд хэсэгт хууль тогтоох түр байгууллага, түр засгийн газар байгуулахад оролцсон байна. Сын-ман болон түүний дэмжигчид 1946 оны 6-р сарын 3-нд хэлсэн үгэндээ Америкийн бүсэд коммунистууд болон ЗСБНХУ-ын нөлөөллөөс ангид тусгаар тогтносон Солонгос улс байгуулах чиглэлийг анхнаасаа баримталсан юм. 1946 оны 12-р сард тэрээр Америкийн засгийн газарт өөрийнхөө зөв гэдэгт итгүүлэхээр АНУ-г зорьжээ. АНУ Хүйтэн дайн дэгдсэний ачаар Сын-маны санааг дэмжсэн тул тэр 1947 оны 4-р сард Сөүлд буцаж ирсэн байна.
1948 онд БНСУ-ын парламент шинэхэн улсын анхны ерөнхийлөгчийн албан тушаалд БНСУ-ын Түр засгийн газрын дарга Ким Гу-г нэр дэвшүүлсэн ч энэ сонгуульд түр засгийн газрын анхны дарга И Сын-ман олонхийн саналаар ялалт байгуулжээ.
1948 оны 7-р сарын 20-нд Өмнөд Солонгосын түүхэн дэх анхны Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Солонгосын тусгаар тогтнолын төлөөх үндэсний холбоог төлөөлж буй И Сын-ман үнэмлэхүй ялалт байгуулжээ. Үндсэн хуулийн ассамблейн гишүүдээс 180 сонгогч (91.8%) түүнд санал өгсөн байна. 8-р сарын 15-нд И Сын-ман Америкийн цэргийн удирдлагын эрх мэдлийг албан ёсоор шилжүүлэн хүлээн авсан байна. Улмаар АНУ түүнийг болон Түр засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн юм.
1950 онд Солонгосын дайн эхэлсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн хоёр дахь сонгууль 1952 оны зун буюу Солонгосын дайн ид өрнөж байсан үед болох ёстой байв. Улс төрийн хэлмэгдүүлэлт, авлига хээл хахуульд ихээхэн дургүйцсэн нь И Сын-маныг дахин сонгогдох магадлал тун бага байсан боловч түүнийг 5 238 769 саналаар (74,6 %) улираан сонгосон байна.
Материаллаг болон эдийн засгийн асар их хохирол учруулсан дайны дараа тус улс хүнд байдалд орж, АНУ-ын тусламжаас хамааралтай болсон. 1956 оны 5-р сарын 15-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, энэ удаад И Сын-ман 5,046,437 (70,0%) санал авч үнэмлэхүй ялалт байгуулжээ.
1960 оны 3-р сарын 15-нд Өмнөд Солонгост дахин ерөнхийлөгчийн сонгууль болж 84 настай И Сын-ман дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Түүний өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч Чо Бён Ок байх байсан ч сонгуулийн өмнөхөн нас баржээ. Үүний үр дүнд тэрээр цорын ганц нэр дэвшигч болсон учраас ерөнхийлөгчөөр дахин сонгогдов. 4-р сарын 19-нд Сөүл хотод ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эргэн харахыг хүссэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Жагсагчид болон цагдаа, арми хоорондын мөргөлдөөний улмаас 125 хүн амиа алджээ. Улмаар И Сын-маныг нэн даруй огцрох уриан дор эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн юм. Цэргүүд буудахаас татгалзсаны дараа бүх Сөүл жагсагчдын хяналтад орсон байна. Тус улсын парламент ерөнхийлөгчийг огцруулах тухай тогтоолыг яаралтай баталж, ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товложээ. 4-р сарын 26-нд И Сын-ман сайн дураараа огцрох тухай мэдэгдэлд гарын үсэг зуржээ. 4-р сарын 28-нд жагсагчид ерөнхийлөгчийн албан ёсны ордон болох Хөх ордныг эзлэн авч байхад тэрээр ТТГ-ын харьяа "Дуглас DC-4" онгоцоор эх орноосоо зугтаж цөллөгт явсан. Улмаар Ерөнхийлөгч асан И Сын-ман эхнэр Франсиска Доннер болон өргөмөл хүүгийн хамт Хавайн Хонолулу хотод суурьшжээ.
Өмнөх — |
Солонгосын түр засгийн газрын тэргүүн 1919 оны 9 сарын 11 — 1925 оны 3 сарын 21 |
Дараах Паг Ынь-шиг |
Өмнөх — |
БНСУ-ын ерөнхийлөгч 1948 оны 7 сарын 24 — 1960 оны 4 сарын 26 |
Дараах Юнь Бу-сонь |