Jump to content

Кабуки

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кабуки (япон. 歌舞伎, шууд утгаар. «ая дуу, бүжиг, чадвар», «чадварлаг дуулж бүжиглэх») —Японы уламжлалт театруудын нэг юм. Дуу хөгжим, бүжиг, жүжгийн нийлбэр дээр тогтдог үзүүлбэр. Кабуки театрын жүжигчид дүр бүтээхдээ бэлэг тэмдэг бүхий онцгой нүүр будалт, загвартай хувцас ашигладаг байна.

Үгний гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

«Кабуки» гэж үг нь япон хэлээр — 歌舞伎 гэсэн 3 ханзаас бүрддэг байна. Үүний 歌舞 (кабу) гэх ханз нь «дуу, бүжиг» гэсэн утгатай, харин 伎 (ки) —ханз бол «ур чадвар» гэсэн санаа илэрхийлдэг байна.

Кабуки театрыг үүсгэн байгуулагч Окуни

Кабуки хээмээх энэхүү театрын төрөл нь Эдогийн эрин (1603—1868)-д буюу 17-р зуунд ардын дуу, бүжиг дээр тулгуурлан үүсэн хөгжиж иржээ. Энэ төрлийг Изүмо Тайша сүмийн үйлчлэгч бүсгүй Окуни (япон. 出雲の阿国 ; 1571/1572- 1640 ?) эхлүүлсэн гэж үздэг. Тэрээр 1603 онд Киотогийн ойролцоох болон хотын нэлээд хөл хөдөлгөөнтэй гудамж талбайд зан үйлийн бүжиг хийж эхэлсэн ажээ. Хожим нь тэрээр янз бүрийн хөгжмийн зэмсгийн (лимбэ, бөмбөр) эгшиглэн тоглолтондоо ашиглаж романтик, дээдсүүдийн бүжиг хэлбэр нэмж эхлэсэн байна.

Хожим нь тэр жүжигчин эмэгтэй нийслэл даяар алдартай болж тайзан дээр гарч тоглож эхэлсэн. Өдөр тутмын амьдралд тохиолдсон үйл явдлуудыг харуулсан хошин жүжигт эмэгтэй, эрэгтэй дүрүүдийг эмэгтэй хүн тоглодог байв. Шинэ төрөл нь маш хурдан алдартай болж, Окуниг Эзэн хааны ордонд хүртэл тоглохыг урьж байжээ. Театрын урлагийн шинэ хэлбэрийн амжилт олж дээр өрсөлдөгч нар олноор гарч ирсэн нь бүх дүрд эмэгтэйчүүд тоглодог драмын болон бүжгийн урлагийг хослуулсан Кабуки театр үүсэн хөгжихөд хүргэсэн байна.

Кабуки театрын үзүүлбэрүүдийн зарим талаараа бүдүүлэг, хэт задгай уур амьсгал нь Токугава шогуны анхаарлыг татсан бөгөөд 1629 онд олон нийтийн ёс суртахууныг хадгалахын тулд эмэгтэйчүүдийг тайзан дээр тоглохыг хориглосон байна. Эртний баатруудын гэхээсээ илүү эгэл жирийн хүмүүсийн амьдралыг харуулсан бүтээлүүд олны танил болсон, мөн зарим төрийн албан хаагчид оролцсон кабукигийн дуулиан зэрэгт засгийн газар санаа зовж байсан гэж зарим түүх судлаачид үздэг.

Кабуки олны дунд маш их алдартай болж байсан тул эмэгтэй жүжигчдийн байр суурийг залуу хөвгүүд эзэлж жүжигчин болж байжээ. Үүнийгээ дагаад бүтээлүүд өөрчлөгдөж, бүжиглэхээс илүү драмын урлагт илүү их анхаарал хандуулах болсон байна. Гэсэн хэдий ч энэ нь жүжгийн ёс суртахууны тал дээр бага нөлөө үзүүлсэн бөгөөд залуу жүжигчид өмнөх эмэгтэй жүжигчдээс дутуугүй завхай байдал олон нийтэд хүртээмжтэй байсан. Тоглолтууд ихэвчлэн зодооноор дуусдаг байсан нь 1652 онд Шогуны удирдлага Кабукигийн тайзан дээр залуу эрэгтэйчүүдийн тоглолтыг хориглоход хүрсэн ажээ.

Үүнээс улбаалж 1653 оноос кабуки театрт зөвхөн нас бие гүйцсэн эрэгтэй жүжигчид тоглох эрхтэй болсон байдаг. Энэ нь тус театрт илүү нарийн утга бүхий — «яро-кабуки» (япон. 野郎歌舞伎 яро: кабуки, «плутовской кабуки» төрөл бий болжээ. Үүнээс хойш бүх дүрүүдийг эрэгтэйчүүд гүйцэтгэх болсон байна. Эмэгтэй дүр бүтээдэг эрэгтэй жүжигчдийг «оннагата» буюу «ояма» (япон. 女形, «эмэгтэй нарийн дүрийн жүжичин») гэх болжээ. Үүнээс гадна "арагото" (япон. 荒事, «бүдүүн баараг дүр») болон "вагото" (япон. 和事, «зөөлөн, уяан хатан дүр») оршиж байжээ. Кабуки театрын жүжигчдын дунд эдгээр дүрүүд бүтээдэг удам дамсан жүжигчид бий болжээ.

18-р зууны дунд үе гэхэд олон нийт кабуки театрыг сонирхох сонирхол буурч, бунраку театр нийгмийн доод давхаргынханд зориулсан урлагийн хамгийн чухал төрөл болж байр сууриа эзэлсэн (хэд хэдэн авъяаслаг бунраку продакшн гарч ирсний ачаар) байна. Кабуки театр 18-р зууны төгсгөлд хуучин нэр хүндээ сэргээж эхлсэн юм.

Японы түүхэн хөгжлийн чиг хандлагыг өөрчилсөн Мэйжийн эрин (1868—1912)-нд сэргээн босголт эхэлснээр нийгмийн амьдралын бүхий л салбарт Европын орнуудын туршлагаас өргөнөр нэвтэрч эхэлсэн юм. Ийм нөхцөлд уламжлалт Кабуки театрын урлага сүйрэх аюулд тулгарч ирсэн. Шинэ чиг хандлагад хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлсэн нь Эдо дахь гурван том "Кабуки театр"-ын эзэн байсан театрын нэрт зүтгэлтэн Морита Каня (1845-1897) байв. Кабуки театрыг Европын стандартын дагуу сэргээн засварлаж "Ягура цамхаг" (хуучин театруудын зайлшгүй нэмэлт хэрэгсэл) татан буулгасан байна. Европ хувцас өмссөн үзэгчдэд зориулж сандал суурилуулжээ. Гэрэлтүүлгийн зориулалтаар хийн дэнлүү ашиглаж эхэлсэн. 1878 онд "Шинтомиза" (байршсан газрын нэрээр нэрлэгдсэн) нэртэй Кабуки театрын нээлтийн ёслолд сэтгүүлчид, гадаадын төлөөлөгчид, өндөр эрх мэдэлтнүүдийн төлөөлөл зэрэг мянга гаруй зочин уригджээ. Арга хэмжээний үеэр цэргийн хөгжим хамтлаг тоглож, европ хувцас өмссөн кабуки жүжигчид тайзнаас ирсэн зочдод үг хэлж угтжээ. Ийнхүү театр уламжлалаасаа татгалзаж, шинэ бодит байдалд дасан зохицох хүсэл эрмэлзэлээ харуулсан байна. 1887 онд Морита Канья Японы Гадаад хэргийн сайд Иноуэ Каору-гийн тусламжтайгаар Японы эзэн хаан, хатан хаан нарыг театрт зочлохыг зохион байгуулсан нь Кабуки театрын түүхэн дэх анхны тохиолдол болсон байна. Энэ нь театрыг олны дунд нэр хүндийг нь өсгөж, жүжигчид нь нийгмийн доод давхаргад тооцогдохоо больсон гэдгийг харуулсан юм.

Орчин үеийн Японд Кабуки театр нь нэлээд алдартай төрөл хэвээр байгаа бөгөөд Японы бүх уламжлалт драмын төрлүүдийн театрын урлагийн хамгийн алдартай нь юм. Олон шилдэг кабуки театрын жүжигчид ихэвчлэн кино, телевизэд (алдарт оннагата жүжигчин Бандо Тамасабуро V кинонд хэд хэдэн дүрд) тоглож байна.

Зарим театрын эмэгтэй дүрд дахин эмэгтэйчүүд тоглож эхэлсэн бөгөөд Дэлхийн 2-р дайны дараа бүх эмэгтэйчүүдээс бүрдсэн Кабуки хамтлаг "Ичикава Кабуки-за" байгуулагджээ. Энэ төрөл жанрыг үндэслэгч Окунигийн дурсгалд зориулж 2003 онд Киото хотын Понто-чо дүүрэгт хөшөө босгосон байна.

Өнөө үеийн Кабуки театрын тоглолтууд гурван хэлбэртэй байдаг:

  • «Зидай-моно» (япон. 時代物) — «түүхэн» Сэнкоку эринээс өмнө бий болсон.
  • «Сэва-моно» (япон. 世話物) — «энгийн ардын» Сэнгоку эринээс хойш бий болсон.
  • «Сёсагото» (япон. 所作事)— бүжгин-драмын жүжгүүд юм.