Jump to content

Казимир Малевич

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Казимир Малевич, 1934 он
К.Малевичийн алдарт "Хар квадрат" зураг.

Казимир Малевич (польш. Kazimierz Malewicz; 1879 оны 2-р сарын 11-нд Киев хотод төрсөн—1935 оны 5-р сарын15-нд Ленинград хотод нас барсан) —польш гаралтай украины болон оросын авангард зураач, багш, урлаг судлалын онолч, философч. Абстракционизмын томоохон урсгал болох супрематизмыг 1915 онд үндэслэсэн байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Казимир Малевичийн эцэг нь польшийн шляхтич буюу тайж гаралтай Северин Антонович Малевич (1844—1902), Подольск мужийн Турбова тосгоны уугуул хүн байсан бөгөөд алдарт чинээлэг худалдаачин Николай Терещенкогийн чихрийн үйлдвэрийн эрхлэгч байсан юм. Эх нь польш гаралтай Людвига Александровна Галиновская (1858—1942) гэрийн эзэгтэй байсан бөгөөд тэд Киев хотод 1878 оны 2-р сарын 26-нд гэрлэсэн байна. Казимир хүү айлын ууган хүү байсан бөгөөд тэрээр Антон, Болеслав, Бронислав, Мечислав гэсэн 4, Мария, Ванда, Северина, Виктория гэх 4 эмэгтэй дүү нартай байжээ. Тэдний гэр бүл польш уламжлалаа хадгалан дагадаг байсан бөгөөд гэртээ польшоор, гадаа гудамжинд украинаар ярьж өссөн байна.

Түүний хүүхэд нас украин тосгонд, идэр нас нь Конотоп хотод өнгөрсөн бөгөөд 1895—1896 онуудад Киев хотын Н.Мурашкогийн уран зургийн сургуульд зураач Николай Пимоненко-гийн хичээлд суудаг байсан.

1896 онд Малевичийн гэр бүл Курск хот руу нүүхэд Казимир Москва-Курскийн төмөр замын удирдах газар шугам зурагчаар ажиллаж чөлөөт цагаараа уран зургаа орхилгүй оролдсоор байжээ. Малевич санаа нийлсэн нөхдийнхөө хамт Курск хотод урлагийн дугуйлан зохион байгуулсан юм.

Тэрээр 1899 году онд Казимира Ивановна Зглейц (1881—1942)-тэй гэрлэсэн байна.

1904 онд Малевич амьдралаа эрс өөрчилж, эхнэрээ Курскт хүүхдүүдтэй нь үлдээгээд Москва руу нүүхээр шийджээ. 1905 оны 8-р сарын 5-нд Малевич анх Москвагийн Уран зураг, уран баримал, архитектурын сургуульд элсэх өргөдөл гаргажээ. Гэсэн хэдий ч түүнийг сургуульд элсүүлээгүй юм. Дараа нь тэрээр Лефортово дахь урлагийн нийгэмлэгт суурьшиж зураач Курдюмовын том байшинд гуч орчим "коммунар" нартай хамт амьдардаг байв. Зургаан сарын дараа, 1906 оны хавар түүний мөнгө нь дуусч, Курск руу гэр бүл рүүгээ явж, Москва-Курскийн төмөр замын өмнөх албандаа буцаж орсон юм. 1906 оны зун тэрээр Москвагийн сургуульд дахин өргөдөл өгсөн боловч мөн л хүлээж аваагүй байна.

Малевичийн хамгийн алдартай зураг болох "Хар квадрат" (1915) нь Супрематизмын нэгэн төрлийн зургийн тунхаг байв. Анх 1916 оны 1-р сарын 1-нд Петроград хотод "0.10" үзэсгэлэнд тавигдаж ихээхэн амжилт олсон байна. Зураачийн төлөвлөгөөний дагуу уг зураг нь "Хар тойрог", "Хар загалмай" зэргийг багтаасан триптихийн нэг хэсэг байв.

Малевичийн "Дөрвөлжин"-гийн санааны тухайд гэвэл 1882 онд (Малевичийн "Хар дөрвөлжин"-ээс 33 жилийн өмнө) Парис хотноо болсон "Exposition des Arts Incohérents" үзэсгэлэнд яруу найрагч Пол Било "Combat de nègres dans un tunnel” (орч. “Хонгил дахь негрүүдийн тулаан”)" уран зургийг толилуулж байсан байдаг юм. Энэ нь квадрат биш дөрвөлжин тэгш өнцөгт байсан юм. Францын сэтгүүлч, зохиолч, хачирхалтай хошин шогийн зохиолч Альфонс Аллэ (франц. Alphonse Allais; 1854—1905) энэ санаа маш их таалагдсан тул 1893 онд түүнийгээ улам хөгжүүлж, хар тэгш өнцөгтийг "Combat de nègres dans une cave, pendant la nuit" (орч. Харанхуй шөнө агууд болсон негруудын тулаан) гэж нэрлэсэн юм.