Кецалькоатль

Кецалькоатль

Куэтзалкоатл, Кецалькоатль (Англи хэл:Quetzalcoatl) буюу Топилтзин Че Акатл нь X зууны үеийн Тольтек гүрний удирдагч бөгөөд түүнийг нас барснаас хойш бүхэл мезоамерик даяар бурханчлан шүтэж, үлгэр домог адил дурсах болжээ. Орчин үеийн судлаачид Григорийн тоолол болон Тольтекийн түүхийн үечлэлийн хоорондын хамааралд тулгуурлан Куэтзалкоатл нь МЭ 923-947 оны хооронд засаглаж байжээ гэж дүгнэсэн байдаг.

Куэтзалкоатл нь Тольтекийн гол хот болох Толланы захирагч байсан бөгөөд өнөөгийн Топилтзин гэж нэрлэгдэж байгаа хотод төржээ. Ацтек, Тольтек ард түмний дунд дэлгэрсэн домгоор бол тэрээр дайн, гал, ангийн бурхан Үүлэн тэнгэр Микскоатлын хүү гэх ба Толлан хотын тэргүүн хамба юм уу эвсэл дайнч удирдагч байсан гэх мэдээллүүд байдаг. Түүний нэрийг Нахуатл гэдэг байсан ч түүнийг дагалдагчид нь Тольтек, Ацтекийн шашны гол шүтээний нэг Куэтзалкоатлтай зүйрлэн хүндэтгэн дууддаг байсан тул Куэтзалкоатл гэх нэрээр түүхэнд мөнхөрчээ.

Түүний ноёрхлын үед Тольтекууд Толланд нүүдэллэн ирсэн байж магадгүй гэж үздэг. Куэтзалкоатлын засаглалын үед Тольтекуудад нийтлэг соёл иргэншилийн үндсэн санаа нь төлөвшин, нийт мезоамерикаар түгэн тархсан байна. Түүний засаглалын үед уламжлалт хүнээр тахил өргөх бүх төрлийн хэлбэрүүдийг хориглосон байна. Тэрээр эртний уламжлалт бурхдууд болох шувуу, могой гэх мэт олон амьтдыг шүтэн бишрэхийг хүлээн зөвшөөрдөг байсан ч хүнээр тахил өргөхийг эрс хориглодог байв. Мөн могойг шүтээн болгож, шашны хэрэгт маш хүчтэй оролцож, шашны мяндагтнуудын сахил санваараа барих явдлыг чангатгаж өгсөн байна. Түүний үеэс эхлэн хаан хүн шашны удирдагч байх болжээ. Тэрээр нэг удаа Толленийг орхин гарч, өнөөгийн Мексикийн нутаг дэвсгэр дээр оршин байсан бүх овог аймгуудыг Tольтекийн мэдэлд нэгтгэжээ. Түүний үйл хэрэг нь нутгийн уугуул овгуудад машид хүндлэл олж байсан нь үе улиран дамжиж, бурханчлан шүтэгджээ. Ацтекуудын дунд түүний нэр хүнд маш өндөр байсан бөгөөд Эрнан Кортесийг Ацтект ирэхэд хаан Монтезума II түүнийг Куэтзалкоатл эргэн ирлээ хэмээн зарлаж хүндэтгэн угтаж байв. Энэ нь Ацтек гүрнийг маш хурдан мөхөхөд хүчтэй нөлөөлсөн гэдэг.