Jump to content

Кэлвин Күүлиж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жон Кэлвин Күүлиж-залуу, 1919 он

Жон Кэлвин Күүлиж-залуу (англи. John Calvin Coolidge Jr.; 1872 оны 7-р сарын 4-нд АНУ-ын Вермонт мужийн Плимут-Нотч хотод төрсөн—1933 оны 1-р сарын 5-нд Массачусеттс мужийн Нортгемптон хотод нас барсан) — америкийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн, Массачусеттс мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн (1907—1909), Нортгемптон хотын захирагч (1910—1912), Массачусеттс мужаас сонгогдсон сенатор (1912—1915), Массачусетс мужийн Сенатын дарга(1914—1915), мөн мужийн 46 дахь дэд захирагч (1916—1919) болон мужийн 48 дахь захирагч (1919-1921), АНУ-ын 29 дахь дэд ерөнхийлөгч (1921—1923) бөгөөд Бүгд Найрамдах намаас дэвшин сонгогдсон АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч (1923—1929).

Жон Калвин Күүлиж-залуу 1872 оны 7-р сарын 4-нд Вермонт мужийн Уинзор тойргийн жижиг Плимут Нотч хотод бизнесмэн, улс төрч Жон Кэлвин Күүлиж (1845–1926) болон түүний эхнэр Виктория Жозефин Күүлижийн (төрсөн овог- Мур; 1846–1885) хүү болон мэндэлжээ. Тэрээр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр төрсөн АНУ-ын цорын ганц ерөнхийлөгч юм. Тэрээр айлын ууган хүүхэд, эмэгтэй болон эрэгтэй хоёр дүүтэй байжээ. Эцэг нь бизнес, улс төрд амжилттай ажиллаж, Бүгд найрамдах намын гишүүн байсан. Эцэг Күүлиж нь Плимут мужийн Вермонт мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн (1872–1878), төрөлх мужийнхаа шүүгч (1880–1900; 1916–1924), Уинзороос Вермонт мужийн сенатор байсан (1910-1912). Бага наснаасаа эхлэн залуу Жон Кэлвин Күүлиж "Жон"нэрээ бараг ашигладаггүй байжээ.

Кэлвин Күүлиж "Black River академи"-д суралцаж, дараа нь Сент-Жонсбери академи, Амхерст коллежид суралцжээ. Их сургуулиа төгсөөд Нортхэмптон (Массачусеттс муж) руу нүүж, өмгөлөгчөөр Hammond & Field хуулийн фирмд ажиллаж их туршлага хуримтлуулсан байна. 1897 онд Кэлвин Күүлиж Массачусеттс мужийн өмгөөлөгчдийн холбоонд элсэж, жилийн дараа Нортхэмптон хотод өөрийн хуулийн фирмээ нээжээ. Тэрээр найдвартай, ажилсаг, хариуцлагатай хуульч гэсэн нэр хүндтэй байсан.

Тэрээр Бүгд найрамдах намд элсэж 1896 оны ерөнхийлөгчийн сонгуульд Уильям МакКинли-г дэмжиж ажилласан байна. Түүнийг Нортхэмптоны Бүгд найрамдах намынхан анзаарч, 1897 онд Нортхэмптоны Бүгд найрамдахчуудын хотын намын хорооны гишүүн болжээ. Тэрээр 1898 онд Нортхэмптон хотын зөвлөлийн сонгуульд амжилттай оролцож, 1899 онд хотын хуульчаар сонгогдож, 1902 он хүртэл албан тушаал хашиж байжээ. Тэрээр хувийн хуулийн практикт богино хугацаанд буцаж орсон боловч 1902 онд тэрээр дүүргийн шүүгчийн туслах ажилтан болжээ.

Кэлвин Күүлиж 1903 онд Грэйс Күүлижтай танилцаад 1905 оны 10-р сарын 4-нд гэрлэсэн байна.

1906 онд Калвин Кулидж Массачусеттс мужийн Төлөөлөгчдийн танхимд амжилттай оролцож 1907-1909 онд тэрээр Хэмпширээс Массачусетсийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн болсон. Тэрээр эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг дэмжиж, Сенатад шууд сонгууль явуулахыг дэмжсэн дэвшилтэт үзэл бодолтой байв. 1909 онд Нортхэмптон хотын даргаар сонгогдож 1912 хүртэл ажиллаж мужийн Сенатор болсон байна. 1914-1915 онд мужийн Сенатын дарга болсон.

1919-1921 онд Массачусетсийн амбан захирагчаар сонгогдов. Кэлвин Күүлиж мужийн захирагчийн хувьд Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон Массачусетсийн ахмад дайчдад санхүүгийн тусламж үзүүлж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн долоо хоногийн ажлын цагийг 54 цагаас 48 цаг болгон бууруулсан юм. 1919 онд тэрээр Бостон дахь цагдаагийн ажил хаялтын бослогыг эрс шийдэмгий, хатуу дарсан. Энэхүү ажил хаялтыг дарсны ачаар тэрээр Европ дахь хувьсгалт үйл явдлуудад санаа зовж байсан хатуу, консерватив Бүгд найрамдахчуудын дунд алдар нэртэй болсон.

1920 оны 6-р сарын 8-12-нд Иллиной мужийн Чикаго хотод болсон Бүгд найрамдах намын их хурал дээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Уоррен Хардинг 11-р сарын 2-нд болох сонгуульд өөрийн нэр дэвшигчээр Кулижийг сонгосон. Хардинг, Кулиж хоёр хоёулаа тусгаарлах үзэл баримтлалыг баримталж, АНУ-ыг Үндэстнүүдийн лигт гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцэв. Тэд хамтдаа 1920 оны арваннэгдүгээр сарын 2-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдахчуудыг ялалтад хүргэв. Улмаар 1921 оны 3-р сарын 4-нд Калвин Кулиж АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор орсон байна.

Ерөнхийлөгч Уоррен Хардинг 1923 оны 8-р сарын 2-нд гэнэт нас барсан байна. Ингээд Вашингтонд Күүлиж АНУ-ын Ерөнхий шүүгч Уильям Тафтын өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.

Эхэндээ Америкийн олон нийт Күүлижийг ерөнхийлөгчөөр ажиллахад яах бол гэжэ харж байсан, учир нь тэрээр дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа сайн биелүүлээгүй байсан юм. 1923 оны 12-р сарын 6-нд Күүлиж АНУ-ын Конгрессынэ өмнө анхны илтгэл тавьсны дараа байдал бага зэрэг өөрчлөгдсөн. Күүлиж 1924 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь түүнийг богино хугацаанд олны дунд нэр хүндтэй болж чадсан гэдгийг харуулсан юм.

1925 оны 3-р сарын 4-нд Күүлиж АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин албан ёсоор тангараг өргөсөн.

Күүлиж ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа АНУ-ын бусад ерөнхийлөгчөөс илүү олон удаа хэвлэлийн бага хурал хийж, ярилцлага өгч байсан гэдэг. Кулижийн анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд радио нэвтрүүлэг идэвхтэй хөгжиж, кино урлаг дуу орж, илүү өргөн тархан дэлгэрэх болсон юм.

1920-иод оны сүүл гэхэд Африк гаралтай америкчуудын байдал улам дордож эхлэв. Үүний зэрэгцээ Хуурай хуулийг тойрсон асуудал, зөрчилдөөн улам ширүүсч, энэ нь улам бүр түгээмэл болсон. Гэмт хэрэг, тэр дундаа зохион байгуулалттай гэмт хэргийн асуудал хурцадсан.

1928 онд Күүлиж нэр хүндийнхээ оргилд хүрсэн бөгөөд дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн боломжтой байв. Гэвч хүүгийн үхэл, бие нь муудсан зэргээс дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байхаар шийджээ. 11-р сарын 6-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Херберт Хувер нэр дэвшиж эцэст нь сонгуульд амжилттай ялсан юм.

1929 оны 3-р сарын 4-нд Күүлиж ерөнхийлөгчийн албыг Х.Хуверт шилжүүлжээ.

Ерөнхийлөгчийн албыг өгсөний дараа

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхийлөгчийн албыг Хувертэд шилжүүлж өгсөний дараа Кэлвин Күүлиж гэр бүлийн хамт Нортхэмптон руу буцаж ирж амьдарсан байна. Тэрээр 1929 оны эцсээр дурсамжаа бичиж хэвлүүлсэн. Күүлиж Их хямрал, Бүгд найрамдахчуудын нэр хүнд огцом буурч, Ардчилсан намын нэр хүнд нэгэн зэрэг огцом өссөн зэрэгт сэтгэл дундуур байжээ. Праймериз болон 1932 оны Бүгд найрамдахчуудын үндэсний хурлын нэг хэсэг болгон зарим Бүгд найрамдахчууд Күүлижийг ерөнхийлөгчийн албан ёсны нэр дэвшигчээр нэр дэвшүүлэхийг оролдсон боловч тэрээр татгалзсан юм. Бүгд найрамдахчуудын дийлэнх нь Херберт Хуверийг албан ёсоор дахин дэвшүүлсэн боловч 1933 оны 11-р сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Хувер хүнд ялагдал хүлээжээ. Кэлвин Күүлиж энэхүү ялагдалыг маш хүндээр хүлээж авсан бөгөөд эрүүл мэндийн байдал нь улам дордож байсаар 1933 оны 1-р сарын 5-нд Нортхэмптон хотод нас баржээ.