Ливадийн ордон

Ливадийн ордон

Ливадийн ордон (орос. Ливадийский дворец)- 1862-1918 онуудад Оросын эзэн хаадын өмнөд нутаг дахь ордон. Энэхүү ордон нь Хар тэнгисийн эрэг дээрх Крымын Ялта хотоос 3 км-ийн зайд Ливадия тосгонд оршдог.

Энэхүү ордон нь Крымын хойг дахь хамгийн тансаг ордон гэсэн нэрийн төлөө "Воронцовын ордон"-той өрсөлддөг байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмыг тодорхойлсон 1945 оны 2-р сарын 4-11-ний өдрүүдэд Холбоотон гурван гүрний удирдагчдын түүхэн Ялтын уулзалт тус ордонд болсон түүхтэй. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ф.Рузвельт тэргүүтэй америкийн төлөөлөгчид уг ордонд байрлаж байсан байна.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1913 оны 10-р сарын 18-наас 1914 оны 1-р сарын 29-ний хооронд Оросын эзэнт улсад төрийн айлчлах үеэрээ Крымд очиж тус ордонд Оросын II Николай хаантай уулзсан тухай дүрс бичлэг үлдсэн байна. Т.Намнансүрэн Оросын хаан II Николайд Чингис хааны одонг гардуулсныг Николай хаан өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1834 онд анх Ливади (грек. «зүлэгтэй газар») эдлэн газрыг польш гаралтай оросын дипломат гүн Лев Потоцки грекийн Балаклавын батальоны дарга Теодосиос Ревелиотис-аас худалдан авчээ. Улмаар Л.Потоцки эдлэн газраа англи гаралтай оросын архитектор Филип Эльсоны зургаар эзэний байшин барьж, цэцэрлэгт хүрээлэнгийн суурийг тавьсан байна.

III Александр гэр бүлийн хамт Ливади ордны өмнө. 1894 он

1860 онд Лев Потоцки нас барсаны дараа 1861 оноос хойш Ливади дахь үл хөдлөх хөрөнгө нь Оросын эзэн хаан II Александр болон эзэн хааны гэр бүлийн мэдэлд очиж тэдний зуны харш болох ажил эхэлжээ. Ипполито Монигетти-ийн дизайны дагуу өмнөх гүн Потоцкийн байшинг 1862-1866 онд шинэчлэн барьж, Их эзэн хааны Их ордон болжээ. Мөн хажууд нь Үе залгамжлагчийн ордон (Бага ордон), Зочдын байшин, галт тогоо, Үнэн алдартны Загалмайн өргөмжлөлийн сүм зэргийг барьсан байна.

1894 оны 9-р сарын 21-нд Эзэн хааны гэр бүл Ливади ордонд иржээ. Мөн оны 10-р сард Эзэн хаан III Александр Ливади эдлэнгийн Бага ордонд нас барсан байна. Хожим нь шинэ Оросын хаан II Николай хаан ширээнд үнэнч байх тангараг өргөх ёслолыг эндхийн Загалмайн өргөмжлөлийн сүмд хийжээ.

1911 онд Ялта хотын архитектор Николай Петрович Красновын зураг төслийн дагуу Эзэн хаан II Николай-д зориулж шинэ Цагаан ордон барьжээ. Ордны барилгын ажлыг Дээд шүүхийн танхимын дарга, Крым дахь хааны үл хөдлөх хөрөнгийн менежер Владимир Николаевич Качалов удирдаж байв.

1902-1916 оны хооронд Ливадид Шүүхийн сайд барон Фредерикийн ордон, дагалдагчдын байр болон бусад хэд хэдэн барилгууд баригдсан байна. Их ордныг 1909 он гэхэд нурах аюултай гэж тогтоосон тул 1910 онд буулгаж, түүний оронд 1910-1911 онд Цагаан ордон баригдсан бөгөөд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд эзэн хаан II Николай гэр бүлийнхээ хамт тэнд амьдарч байжээ. Шинэ ордон нь 116 тусдаа өрөөнөөс бүрдэж, 4 хашаа, хэд хэдэн өргөтгөлтэй болсон. Энэхүү ордон нь Италийн Сэргэн мандалтын үеийн хэв маягаар орон нутгийн цагаан Инкерман чулуугаар баригдсан тул ордон "Цагаан" гэсэн нэрийг авчээ.

Большевикууд Оросын Түр засгийн газрыг түлхэн унагасны дараа Хөдөө аж ахуйн яамны байгууллагууд Ливади ордны нутаг дэвсгэрт байрлаж байв. 1918 оны 4-р сарын 30-нд Германы цэргүүд Ливади руу нэвтэрч эзлээд ордныг дээрэмдэн тоносон байна. Мөн 1918 оны 11-р сард холбоотнуудын дэмжлэгтэйгээр Цагаан оросууд ордоныг эзлэн авав.

1925 онд хуучин хаадын ордонд Зөвлөлт засаг тариачдад зориулсан сувилал нээсэн бөгөөд 1931 онд Агаар эмчилгээний сувилал болсон ажээ.

Бага ордон (1894 онд III Александр нас барсан) Зөвлөлтийн Эх орны дайны үеэр сүйрсэн байна.

1945 оны 2-р сарын 4-11-ний өдрүүдэд Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалт энэ ордонд болсон байна.

1953 онд сувилал дахин нээгдсэн байна. 1974 оны 7-р сарын 16-нд Бүх Оросын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн амралтын газруудыг удирдах төв зөвлөлийн шийдвэрээр Ливади ордон нь түүхэн дурсгалын болон үзэсгэлэн гэсэн 2 хэлтэстэй зочдод нээгдэв.

1993 онд Ливади ордон музейн статустай болсон. 1994 оны 7-р сарын 16-нд ордны хоёрдугаар давхарт байрлах хааны гэр бүлийн хуучин хувийн өрөөнд Ливади эдлэнд Оросын 3 үеийн эзэн хаадын оршин сууж байсан тухай өгүүлсэн "Ливади дахь Романовууд" үзэсгэлэн тавигдсан байна.

2015 оны 2-р сарын 5-нд ордон, цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт И.В.Сталин, Ф.Д.Рузвельт, У.Черчилль нарын хөшөөний нээлт боллоо. Хөшөөний зохиогч нь Оросын уран барималч Зураб Церетели юм.