Jump to content

Ли Жэ Мён

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ли Жэ Мён (солонг. 이재명, англи. Lee Jae-myung; 1964 оны 10-р сарын 23-нд Андон хотод төрсөн) — Өмнөд Солонгосын улс төрч, төрийн албан хаагч. Өмнөд Солонгосын либерал үзэлтэй «Ардчилсан нам»-ын дарга, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, нийтлэгч, иргэний эрхийг хамгаалдаг өмгөөлөгч.

Тэрээр хожим БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Ну Мүхён-ыг хүндлэн дагаж иргэний эрхийг хамгаалах замыг сонгосон байна. Ли Жэ Мёны улс төрийн замнал анх 2006 онд Соннам хотын даргын сонгууль, 2008 оны БНСУ-ын Үндэсний Ассамблейн сонгуульд ялагдал хүлээсэн боловч тэрээр тодорхой тэвчээр тэсвэр хатуужил гаргаж, дараагийн сонгуульд ялалт байгуулсан байна. 2010 онд Соннам хотын даргаар ажиллаж байсан бөгөөд анхны бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад 2014 онд амжилттай хотын даргаар улиран сонгогдсон. Ли 2018 оны 3-р сарын 15 хүртэл Кёнги мужийн захирагчийн сонгуульд ялах хүртлээ Соннам хотын даргаар ажилласан. 2021 оны 10-р сарын 25-нд Ли Жэ Мён БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор мужийн захирагчийн албан тушаалаасаа огцорсон байна.

Ли Жэ Мён Өмнөд Солонгосын Андон хотын 7 хүүхэдтэй ядуу гэр бүлд 5 хүүхэд нь болж төрсөн байна. Тэрээр бага сургуулиа төгсөөд 15 настай үйлдвэрийн ажилчин болж, ажлын байран дээрх осолын улмаас гарын хуруугаа алдаж, дараа нь даралтын тоног төхөөрмжинд даруулж бугуйгаа хугалуулаад улмаар хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Ли дунд болон ахлах сургуулийн дүйцсэн диплом авч, Чун-Аны Их сургуульд суралцаж, 1986 онд хуулийн мэргэжлээр суралцсан байна. Ли хүний эрхийн болон хөдөлмөрийн хуульч байхдаа хуульч Мин Бю Юн-тай хамтран , Соннам хотод шинэ эмнэлэг нээх ажлыг зохион байгуулж дэмжиж оролцсон байна.

Улс төрийн замнал

[засварлах | кодоор засварлах]

2005 оны 8-р сарын 23-нд Ли Өмнөд Солонгосын "Ардчилсан нам"-ын өмнөх үеийн Ури намд элсэж, Соннам хотын даргад нэр дэвшихээ зарлав. Тэрээр 2006 онд болсон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан ч тухайн үеийн Ури нам болон Ну Мүхёны (англи. Roh Moo-hyun) засаг захиргааны талаарх олон нийтийн санаа тааруу байснаас 23,75 хувийн саналаар ялагдсан юм.

2010-2018 онд Соннам хотын даргаар сонгогдон ажилласан байна.

2018-2021 онд Өмнөд Солонгосын умард Кёнги (солон. 경기도, англи. Gyeonggi Province) мужийн захирагчаар сонгогдон ажилласан.

2022 онд улс төрийн «Ардчилсан нам»-аас БНСУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан.

Ли Солонгосын Ардчилсан намд зүүн төвийн үзэл баримтлалтай ойр бодлого явуулах хандлагатай байдаг. Ли эдийн засгийн хувьд Шинэ хэлэлцээрийн либерализмыг дэмжиж, Франклин Д.Рузвельтийн бодлогыг хүндэтгэдэг. 2021 оны 10-р сарын 10-нд Ли "Төрийн хүчтэй эдийн засгийн сэргэлтийн бодлогоор бид эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг дээшлүүлэх болно. Би Их хямралыг зүүний бодлогоор (좌파 정책) даван туулсан Франклин Рузвельтээс суралцах болно" гэж хэлсэн.

Цагаачдын талаар

[засварлах | кодоор засварлах]

Ли Жэ Мён бол цагаачдын эрхийг дэмждэг улс төрч юм. Ли консерваторуудын цагаачлалын бодлогыг энгийн хөдөлмөрийг хамгаалахад анхаарч байгааг шүүмжилж, гадаад ажилчдын хүний эрхийн асуудлыг идэвхтэй сонирхож байна.

Ли Жэ Мён Хойд Солонгостой найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ АНУ, Хятад, Япон зэрэг хөрш зэргэлдээ гүрний эсрэг бие даасан гадаад бодлогыг дэмждэг.

Ли 2021 оны 8-р сарын 22-нд гадаад бодлогын иж бүрэн төлөвлөгөөгөө зарласан. Гадаад бодлогын зорилго нь ард түмний амьдралын чанарыг сайжруулахад чиглэж, үндэсний эрх ашгийг хамгаалахад бодитой байх ёстой гэж Ли онцлон тэмдэглэсэн байна.