Jump to content

Лувсандамбийдонми

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лувсандамбийдонми
Төрсөн1724
Түшээт хан аймаг, Дархан чин вангийн хошуу (одоогийн Алтанбулаг)
Нас барсан1757
Өргөө

Лувсандамбийдонми (1724—1757) —Халхын II Жавзандамба хутагт нь Монголын шарын шашны тэргүүн байв. Тэрээр анхдугаар Жавзандамба хутагт Занабазарын нэг адил, Чингис хааны шууд удмын хүн юм.

Тэрээр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар төрсөн гэдэг.

Халхын Түшээт хан аймгийн эфү чин ван Дондовдоржийн хөвүүн. Эх нь хотгойдын Баярт хатан. Чин улс халхын 1-р Богд Жавзандамба хутагт Занабазарыг жанч халсны дараа 1729 онд түүний хойт дүрийг тодруулах ажлыг шууд удирдан зохион байгуулжээ. 1727 онд дөрвөн нас сүүдэртэйд нь Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд Халхын Богдын 2-р дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрлажээ. 1729 онд зургаан нас сүүдэртэйд нь Саадаг хэмээх газарт Халхын хоёрдугаар богдод өргөмжилж даншиг мандал өргөн их ёслол үйлдэж урьд дүрийн бүх хэргэм цолыг олгожээ. Манжийн хаан түүнд Өндөр гэгээнд олгосон бүх шагнал, эрх ямбыг хэвээр шилжүүлж олгосон. 2-р Богд, Өндөр гэгээнтний нэгэн адил Халх Монголд их нөлөөтэй нэгэн байв. Тиймээс Манжийн эзэн хаан Жавзандамба хутагт нарт зориулж сангийн зардлаар 1727-36 онд Амарбаясгалант хийдийг байгуулсан ба түүнийг 1736 онд Бээжинд очиход нь өөрийн биеэр бараалхаж, хүзүүн дэх эрдэнийн эрхээ түүнд зүүн өгч, буцах зардалд нь 100,000 лан мөнгө олгох зэргээр ихэд хүндлэл үзүүлж байжээ. Үүний сацуу Манжийн төр Жавзандамба хутагтын шашин төрийн болон эдийн засгийн эрх мэдэл, сүр хүчин өсөн нэмэгдэхээс сэрэмжилж байв. Тиймээс ч хутагтын төрийн эрх мэдлийг хязгаарлах, шашин төрийн үйл хэрэгт нь хяналт тавих болж, 1754 оноос түүний төр захиргааны хэргийг шанзудба яамны эрдэнэ шанзудбад хариуцуулан эрхлүүлэх болсон ба 1755-58 оны Амарсанаа-Чингүнжавын бослогын үеэс бодлогоо улам чангатгав. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү тул 2-р Богд Жавзандамбыг ч хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан юм. 1756 оны 4-р сард ойр төрлийн ван Ринчиндоржийг цаазлуулсанд ихэд дургүйцэж, “Дөрвөн аймаг хэлэлцээд их түйвээн өднө” хэмээн мэдэгджээ. Манж нар Халхууд 2-р Богдыг тойрон нягтарч нэр нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжилж Долнуурт хүчээр аваачин цагдах болжээ. Тэрээр эрүүл чийрэг, ид залуу 34 насандаа учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээн үздэг. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залжээ. Түүнээс хойш Манжууд Монголын Богд Жавзандамба хутагтаар Төвөд хүн залах болсон юм.

Өмнөх
Занабазар
Жавзандамба хутагт
1724-1757
Дараах
Ишдамбийням