Мазимын Экей
Мазимын Экей | |
---|---|
Төрсөн | 1911 оны 9 сарын 10 |
Нас барсан | |
Харьяалал | Казах үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Мазимын Экей (хас. Ікей Мәзмұлы) (1911-1939) Монгол Улсын баатар хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Экей 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцсон. Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулжээ. 1979 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]Гэгээн дурсгал
[засварлах | кодоор засварлах]1925 онд Зөвлөлт Холбоот Улсаас 30 гаруй мал эмнэлгийн мэргэжилтэн ирж, Монгол Улсыг хөдөө аж ахуйн орон болгох суурийг тавьж, мал эмнэлгүүдийг байгуулан, ноос угаах газруудыг олноор нь ажиллуулж эхэлсэн байдаг. Энэ ажил Баян-Өлгий аймагт ч мөн өрнөж, олон залуу орос мэргэжилтнүүдийн удирдлага дор ажиллахад Экей тэнд ноос угааж байжээ. Залуу хүү мал эмнэлгийн газар хоёр жил орчим ажиллаад 17 настайдаа Толбо сумын анхны бага сургуульд орж бичиг үсэг сурсан байна. Ингэхээр Мазимын хоёр дахь хүү 1928-1930 оны хооронд Тэнхимд сурч, бичиг үсэг тайлагджээ. Бага сургуулийг тэр цагт тэнхим гэдэг байсныг манай ахмад үеийн хүмүүс сайн мэднэ. Экей 1930 онд тэнхимээ төгссөний дараа Толбо сумынхаа бага сургуульд бичиг үсгийн багшаар ажиллахын зэрэгцээ хоршооны галч хийв. Чингээд даруй нэг жил өнгөрөхөд 1931 оны төмөр хонь жил Экей идэр залуу 20 насандаа цэргийн албанд морджээ. Тэр Улаанбаатар хотод орших Хужирбулангийн цэргийн ангид алба хааж, жанжин Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Ерөнхий Сургуульд суралцаж байхдаа 1932 оны дотоодын зэвсэгт бослогыг дарахад онцгой гавьяа байгуулсан байна. Хөвсгөл аймгаас эх авч, баруун таван аймгийг багагүй түйвээсэн лам нарын энэ бослогыг номхотгоход гарамгай гавьяа байгуулсных нь төлөө түүнийг Бүх Цэргийн жанжин Дэмид сэлмээр шагнажээ. Экей 1934 онд Цэргийн ерөнхий сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын I морьт дивизийн II хороонд салааны даргын албыг хааж эхлэв. Энэ үедээ тэр Хуучнаар Сайн ноён хан аймгийн Зоригт гүний хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Сономын Должин хэмээх монгол бүсгүйтэй ханилан суусан байна. 1981 онд хэвлэгдсэн “Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын дуртгал” номын 538 дугаар талд байх Должингийн дурсамжийг сөхөж үзэхэд “Анх би түүнтэй цэргийн ерөнхий сургууль төгсөөд Улаан хуарангийн нэг ангид байхад нь Өлзийхутагийн хүүхэн Норжинсүрэнтэй үерхэж тэднийхээр орон, гаран явсаар танилцсан юм аа. Өндөр нуруутай, өргөн хар хөмсөгтэй, баахан алиадуу яриа хөөрөө хурцтай, тэгсэн мөртлөө нөхөрсөг даруу түүний минь төрх надад эхлээд таалагдсан юм” гэсэн мөрүүд тод байна. Ингэхээр дэслэгч Экей 1934-1939 оны хооронд Улаанбаатар хотын Нэгдүгээр морьт дивизэд албаа үргэлжлүүлэн хааж, шинэ цэргүүдийг бэлтгэж, сургах ажилд шамдаж байжээ. Сономын Должингийн дурсамжийг цааш нэхэж үзвэл “Экей бид хоёр нэг гэрт ханилан сууж, дөрөв, таван жил амьдрахдаа нэг ч удаа ам муруйж байсангүй. Тэр минь харин ч гэртээ энгийн байхад элдэв зугаатай юм ярьж наргиан цэнгэлтэй байдагсан. Одоо бодоход ямар ч их хөдөлмөрч, махруу хүн байгаа вэ? Салааныхаа цэргүүдийн төлөө байнга санаа тавьж, гутал хувцас нь элэгдэж хуучирлаа гэх ч юм уу, аль эсвэл энэ жил ирсэн тэр гэдэг цэрэг гэрээ санаад яадаг билээ гэж ярина” гэжээ. Энэ бүгдээс үзэхэд дэслэгч Экей үнэхээр зөөлөн сэтгэлтэй, цэрэг дайчдадаа халамжтай байсан нь тодорхой. Харин Экей гэргий Должинтойгоо тун ч найрсуу, эвтэй сайхан сууж, богинохон ч гэсэн утга учиртай, гэрэл гэгээтэй амьдарсан ч үр хүүхэдтэй болоогүй юм шиг байна. Должингийн дурсамж дээр хүүхдийн тухай нэг ч өгүүлбэр байсангүй.