Jump to content

Манас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Манасч Шаабай Азизов

Манас (Киргиз: Манас дастаны, Англи: Epic of Manas) - Манас баатрын тухай өгүүлсэн киргиз ардын яруу найргийн аргаар бичсэн тууль юм. 100 мянга орчим мөртэй тус тууль нь Хомерын "Одиссей", "Илиада", эртний Энэтхэгийн "Махабхарата"-тай эн зэрэгцэхүйц өв билээ. Манас ба түүний үр ач нарын тухай магтан дуулсан энэхүү тууль нь Хар Кидан ба Ойрад-Зүүнгарын Хаант Улс, халимагуудын цэргийн довтолгооны эсрэг тэмцлийг харуулсан байдаг. XV зууны эхэнд бичигдсэн бичгийн дурсгалд Манасын тухай дурдсан байдаг боловч уг тууль нь өөрөө 1885 оныг хүртэл цаасан дээр буусан удаагүй аж. Манасын төрсөн, туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааны тухайд 6-10-р зууны хооронд, 15-18-р зууны хооронд гэх хоёр янзын үзэл бий.

19-р зуунд хамаарах шүлгийн хувилбарууд нь 8-р зууны түүхэн үйл явдлуудыг агуулдаг боловч Киргизийн уламжлал ёсоор уг туулийг үүнээс илүү эртний гэж үздэг. Манасын үйл явдал нь тус бүс нутгийн түүхтэй давхцаж буй цуврал үйл явдлуудын эргэн тойронд өрнөдөг бөгөөд голчлон Киргизийн ард түмэн хөрш зэргэлдээ бусад ард түмэнтэй харилцах харилцааг харуулдаг юм.

Киргизийн засгийн газар 1995 онд баримтжуулсан үеэс хойш 1000 жилийн ойг тэмдэглэжээ. Энэхүү домогт шүлэг олон зууны турш хөгжиж, манасчи буюу манасч гэгддэг тууль хайлагчдын дунд хадгалагдан ирсэн юм. Манасын нэртэй баатар болон түүний Ойрадын дайсан Жолойн тухай анхны бичмэл дурсамжийг 1792 онд бичигдсэн Персийн гар бичмэлээс олж болно.

Манас туулийг хайлдаг хүнийг манасч (манасчи) гэнэ. Манасч нараас алдартайг нь дурдвал Сагимбай Орозбаков, Саяакбай Каралаев, Шаабай Азизов, Каба Атабеков, Сейдене Молдокова, Юсуп Мамай нар болно. Гэтэл БНХАУ энэхүү туулийг ЮНЕСКО-д өөрийн нэрээр бүртгүүлчихсэн юм. Киргизийн нийслэл Бишкекийн олон улсын нисэх онгоцны буудал зэрэг олон газрууд Манасын нэрээр нэрлэгдсэн байдаг.