Jump to content

Маргарет Тэтчер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Маргарет Тэтчер
Margaret Thatcher
Маргарет Тэтчер

Бүрэн эрхийн хугацаа: 1979 оны 5 сарын 4 – 1990 оны 11 сарын 28
Төрийн тэргүүн: II Элизабет

Төрсөн: 1925 оны 10 сарын 13
Грантхам, Линкольншир
Нас барсан 2013 оны 4 сарын 8
Англи
Улс төрийн нам: Консерватив Нам
Эхнэр (нөхөр): Денис Тэтчер

Маргарет Тэтчер (англи. Margaret Hilda Thatcher, Baroness Thatcher) буюу гэрлэхээс өмнө Маргарет Хилда Робертс (1925 оны 10-р сарын 13-нд төрсөн - 2013 оны 4-р сарын 8-нд нас барсан) нь Их Британий анхны эмэгтэй (1979—1990) Ерөнхий сайд юм. Тэрээр дэлхий дахинаа "Төмөр хатагтай" хэмээн алдаршсан юм.

Маргарет Тэтчер 1925 оны 10-р сарын 13-ны өдөр Их Британи улсын Грантам хотод Нортгемптоншир нутгаас гаралтай бизнесмен Альфред Робертс, Линкольнширээс гаралтай эх Беатрис Ител (гэрлэхээс өмнө Стефенсон) (1888—1960) оёдолчин нарын гэрт төржээ. Түүний жинхэнэ нэр нь Маргарет Хилда Робертс бөгөөд түүнийг хожим "Төмөр хатагтай" гэж албан бусаар нэрлэх болсон. Тэрээр Мьюрэлл гэж ганц эгчтэй. Маргарет охин Грантамын охидын хэлзүйн ахлах сургуулийн сайн сурагч байжээ. Тиймээс Оксфордын их сургуулийн Сомервил коллежед элсэн химийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Тэрбээр сургуулийнхаа "Консерватив нийгэмлэг"-ийн даргын албыг суралцах хугацаандаа хашиж байжээ. Түүний эцэг Альфред Консерватив намын хотын Зөвлөлийн газрын гишүүн байсан тул охин Маргаретийг консерватив улс төрийн бодлогыг танин мэдэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Тэр 1947 онд химийн чиглэлээр бакалаврын зэргээ хүртсэн ба Колчестерт судалгааны хүрээлэнд химичээр ажиллаж байжээ. Хожим тэрбээр Дартфордод судалгааны химичээр үргэлжлүүлэн ажилласан юм. [1]

Улс төрийн эхлэл

[засварлах | кодоор засварлах]

Их сургууль төгсөөд хоёр жилийн дараа Маргарет Робертс төрийн ордонд өөрийн анхны мэдэгдлээ хийж 1950 оны сонгуулиар Дартфорд хотын парламентийн суудалд нэр дэвшсэн. Тэтчер сонгуулийн эхэн үеэс л Чөлөөт Хөдөлмөрчдийн намтай парламентийн байр суурийн тал дээр амжилт олохгүйгээ мэдэж байжээ. Гэсэн хэдий ч өөрийнхөө үзэл санаагаар нам дотроо намынхаа нөхдийн хүндэтгэлийг хүлээж чадсан юм. Анхны удаа амжилт олоогүй ч, Тэтчер шантраагүй харин ч дараа жилийн сонгуульд дахин нэр дэвшиж байсан. Гэвч мөн амжилт олж чадаагүй ажээ. Сонгуульд ялагдал хүлээснээс 2 сарын дараа тэрбээр Дэнис Тэтчертэй гэрлэсэн ажээ. Маргарет Тэтчер 1952 онд улс төрөөс түр холдож, хууль дүрмийг судлахад цагаа зарцуулж байв. 1953 онд Дэнис болон Маргарет Тэтчер нар Марк ба Карол гэж нэр хайрласан ихрүүдээ өлгийдөн авсан байна. Мөн Маргарет өөрийн хууль судлах ажлаа гүйцээж 1953 онд шүүгч, өмгөөлөгч ба хуульчийн хэмжээний мэдлэг чадвартай болсон байна. Гэвч тэр улс төрийн ертөнцөөс тийм ч урт удаан хугацаагаар хол хөндий байсангүй. Тэтчер 1959 онд Фринчлей хотыг төлөөлж Иргэдийн төлөөлөгчдийн танхимд анх суудал авч чадсан байна. Тэрээр 1961 онд Парламентийн үндэсний даатгал, тэтгэвэр тэтгэмжийг хариуцсан нарийн бичгийн даргын албанд томилогдож байжээ. Засгийн газарт Хөдөлмөрчдийн нам хяналт тогтоож байхад Тэтчер "Сүүдрийн Засгийн газар" гэж нэрлэгдэх улс төрийн бүлэгт гишүүнээр элсжээ. Тэр нь түүний элссэн нам төрийн эрхийг барьсан тохиолдолд албан тушаалын хэмжээг тодорхойлох танхим байсан юм.[2]

Их Британий анхны эмэгтэй ерөнхий сайд болох Маргарет Тэтчерийн улс төрийн замнал

[засварлах | кодоор засварлах]

1970 оны зургадугаар сард Консерватив Нам төрийн эрхэнд гарахад Маргарет Тэтчер улсын Боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллав. Тэрбээр сургуулийн хүүхдэд үнэгүй сүү уулгах тогтолцоог болиулсаны дараагаар “сүүний дээрэмчин” гэх нэр хочтой болж байсан байна. Тэр Боловсрол шинжлэх ухааны сайдын албаа авсаны дараа сэтгэл дундуур байжээ. Учир нь түүний үйл ажиллагааг тойрон эргэлдэх сонин хэвлэлийн сөрөг мэдээллээс бус, тухайн үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан Эдвард Хит,(англи. Edward Richard George Heath), түүний санаачилж буй санаануудыг хүлээн авахгүй, түүнд анхаарал хандуулаагүй явдал байжээ. Маргарет Тэтчер эмэгтэйчүүдийн улс төрийн ирээдүйд урам хугарсан байсан ба 1973 онд телевизээр хийсэн мэдэгдэлдээ “ миний амьдралын хугацаанд эмэгтэй Ерөнхий сайдтай болно гэж би бодохгүй байна” гэж дурдсан байдаг. Тэтчер сүүлд өөрийн хэлсэн энэ мэдэгдлээ буруу байсан гэдгийг өөрийн биеэр нотолсон. 1974 онд консерватив нам төрийн эрх мэдлээс татан буугдахад, Маргарет Тэтчер намдаа илүү байр суурьтай болсон. 1975 онд өөрийн намынхаа удирдагчийг сонгох сонгуульд ялж тухайн үеийн намын тэргүүн Эдвард Хитийн байр суурийг олж авчээ. Энэ ялалттайгаа зэрэгцээд Тэтчер Иргэдийн төлөөлөгчдийн танхимд анх сөрөг хүчний удирдагчаар ажиллахаар болжээ. Англи улс эдийн засаг, улс төрийн хурцадмал байдалд орж Засгийн газар бараг уналтад орсон ба ажлын байрны эрэлт хэрэгцээ маш их хүчээ авч, Үйлдвэрчдийн холбоо ба ажил хайгч нарын хооронд зөрчилдөөн үүссэн үе юм. Энэ улс орны тогтворгүй хүнд байдал нь 1979 онд Консерватив намыг эргэн төрийн эрхэнд гарахад түлхэц болжээ. Намын тэргүүн байсан Маргарет Тэтчер 1979 оны тавдугаар сард Их Британы Ерөнхий сайдын албыг хаших анхны эмэгтэй болсон нь түүхэн үйл явдал болжээ.[3]

Консерватив намын манлайлал

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий сайд байхдаа, улс орныхоо хямралын эсрэг эхлээд инфляцийг хянахын тулд банкны орон тоог нэмэгдүүлсэн. Тэр Британийн уламжлалт үйлдвэрүүдийн "Үйлдвэрчний эвлэл" тухайлбал цөөнхийн нэгдлийг хурцаар шүүмжилж устган нийгмийн орон сууц, байр, нийтийн тээвэрт хувьчлал хийснээрээ олонд их танигдаж таалагдах болжээ. Түүний тууштай холбоотнуудын нэг бол АНУ-ын Ерөнхийлөгч консерватив намын журмын анд Роналд Рейган байсан юм. Мөн тэр хоёр нэг нэгнийхээ улс төрийн үзэл бодлоо харилцан дэмждэг байжээ. Тэтчер ерөнхий сайдын албан тушаалынхаа эхэн үедээ цэргийн төвөгтэй бөгөөд ээдрээтэй асуудалтай тулгарсан юм. 1982 онд Аргентин Фолклендын арлуудыг эзэлсэн. Английн нутаг дэвсгэр болох эдгээр арлууд нь хоёр улсын зөрчилдөөний үндэс болсоор удсан ба арлууд нь Аргентин улстай ойролцоо байрладаг байсантай холбоотой юм. Маргарет Тэтчер яаралтай арга хэмжээ авч, Их Британий цэргүүдийг Фолклендын арлуудыг буцаан авахаар илгээсэн нь хожмоо түүхэнд “Фолклендын дайн” хэмээн нэрлэгдэн үлджээ. Улмаар 1982 оны зургадугаар сард Аргентин улс бууж өгснөө зарласан юм. Маргарет Тэтчерийн хоёр дахь үе буюу 1983-1987 оны үед Тэтчер тодорхой хэмжээний шүүмжлэл түүнчлэн 1984 онд түүний эсрэг улс төрийн аллагын оролдлого байж болохуйц үзэл бодлын зөрчилдөөнийг зохицуулж чадсан юм. Гадаад улсуудтай харилцах асуудал дээр Тэтчер 1984 онд тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн Оросын Холбооны Улс/ шинэ залуу удирдагч Михаил Горбачёвтай уулзалт хийж хоёр орны харилцааг сайжруулах талаар яриа хэлцэл хийсэн. Мөн 1982 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Хонг-Конгийн ирээдүйн асуудлаар зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэтчер, Роналд Рейганы 1986 онд “Ливи”-д хийсэн агаарын довтолгоонд илтээр дэмжлэг үзүүлж дуу хоолойгоо нэгтгэж байсан ба АНУ-ын зэвсэгт хүчний дайралтад тусалж Их Британий зэвсэгт хүчний баазуудыг Америкийн байлдааны онгоцнуудын сэлгээнд ашиглахыг зөвшөөрч буйгаа мэдэгдэж байсан аж.

Маргарет Тэтчерийн гурав дахь үе. 1987 онд Тэтчер стандартчилагдсан боловсролын хөтөлбөрийг улс орон даяар сайжруулах болон улс орны нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг оролдсон. Гэсэн хэдий ч тэр орон нутагт тогтоогдсон татварын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, татвар төлөөгүй хүмүүсийн иргэний болон сонгуулийн эрхийг хасаж өөрчлөхийг оролдсон нь түүнийг дэмжигч хүмүүсийн тоог цөөрүлэхэд хүргэсэн юм. Энэ татварын журмыг эсэргүүцсэн хөдөлгөөн нь нийтийн бослого болж мөн нам дотор хагарал бий болгосон. Тэтчер 1990 онд намынхаа удирдагчийн албаа эрчимтэй үргэлжлүүлсэн боловч эцэст нь намын гишүүдийн дарамт хавчлага бий болж 1990 оны 11 сарын 22-нд суудлаа тавьж өгөх саналаа гаргасан. Мэдэгдэлдээ тэрээр “Би хамтран зүтгэгчид нартайгаа зөвлөлдсөний эцэст, улс орныг удирдах эрхээ Кабинетийнхаа гишүүдэд шилжүүлснээр намын нэгдэл нягтралыг сайжруулах болон улс төрийн сонгуульд манай нам ялалт байгуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Намайг дэмжиж ажилласан кабинетийн гишүүд болон кабинетаас гадуурх албан тушаалтнуудад талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн байна. Тэрээр 1990 оны 11-р сарын 28 нд Их Британий Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгджээ.[4]

Сүүлчийн он жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий сайдын албаасаа чөлөөлөгдсөний дараагаар 1992 онд Лордын танхимд Кэстэвин мужийг төлөөлөх болсон байна. Тэтчер дэлхийн хэмжээний удирдагч байсан мөн улс төрд эмэгтэй удирдагчийн зам мөрийг анхлан гаргасан өөрийн туршлагандаа үндэслэн 1993 онд “Даунинг Стрит дэхь жилүүд” «The Downing Street Years» , 1995 онд “Эрх мэдэлд хүрэх зам” «The Path to Power» номуудаа бичжээ. Мөн 2002 онд “Улс орныг удирдах урлаг” нэртэй номоо хэвлүүлсэн ба энэ номондоо олон улсын улс төрийн талаарх өөрийн үзэл бодлыг тусгажээ. Тэр үеэр Тэтчер эрүүл мэндийн хувьд архаг үрэвсэлтэй байсны дээр 2003 онд 50-аас ч илүү жил ханилсан нөхөр Дэнис Тэтчер өөд болсон нь томоохон шаналалыг авчирсан. Дараа жил нь Тэтчерийн хуучны анд Рональд Рейган насан эцэслэжээ. 2005 онд Тэтчерын 80 насны төрсөн өдөр болсон бөгөөд Хатан хаан II Елизабет ба Тони Блэр тэргүүтэй 600 гаруй хамтран ажиллаж байсан хүмүүс, хамаатнууд, найз нар нь оролцжээ. Хоёр жилийн дараа, Иргэдийн танхимд Консерветив намын дайчин удирдагчийн цээж баримал мөнхжин үлджээ.

Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэндийн байдалд олон хүн санаа зовинох болсон. 2010 онд Ерөнхий сайд Дэвид Камерон түүний 85 насны төрсөн өдөрт зориулан “Даунинг Стрийтийн 10” тоот буюу албан байрандаа баяр зохион байгуулсан ч Тетчер хатагтай оролцож чадаагүй. 2010 оны 11 дүгээр сард 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хожим нь булчингийн маш зовиуртай үрэвсэл гэдэг нь тодорхой болсон байдаг.

2011 онд хатагтай Тэтчер Хунтайж Уильямын хурим, Лондон хотод Рональд Рейганы уран баримлын нээлт зэрэг томоохон үйл ажиллагаанд оролцсон.  2011 оны 7 дугаар сард Лордуудын танхим дахь хатагтай Тэтчерийн албан өрөө түр хугацаагаар хаагдсан байна. Ийнхүү хаалгаа барьсныг олон хүн Маргарет Тэтчерийн олон нийттэй харилцах ажлын төгсгөл хэмээн үзэж байлаа.  Хэдийгээр Маргарет олон нийтийн хараанаас холдсон ч Британийн хамгийн алдар хүндтэй, нөлөө бүхий улс төрийн удирдагчдын нэг хэвээр үлдсэн байдаг.

Цус харвалтаас үүдэн ой санамжаа алдах болсон М.Тэтчер 2013 оны 4 дүгээр сарын 8-нд[5] таалал төгссөн бөгөөд түүний бодлого, шийдвэрүүдийг өнөөг хэр нь дэмжигч, шүүмжлэгчдийн аль аль нь шүүн хэлэлцэж, түүний Их Британи болон дэлхий дахинд үлдээсэн баларшгүй сэтгэгдэл улам баяжсаар байгаа билээ.

Британийн Ерөнхий сайд асан Маргарет, Сэр Денис нарын ууган ихрүүдийн нэг том охин сэтгүүлч, зохиолч, хэвлэл мэдээллийн ажилтан Карол Тетчер 1953 оны 8 дугаар сарын 15-нд төржээ. Тэрээр эцэг эх хоёрынхоо намтар номыг хэвлүүлж байсан бөгөөд эцэг Денис Тэтчерийн хэвлэлд өгсөн ярилцлагыг эмхэтгэн баримтат кино бүтээсэн байна. Карол тав дахь удаагийн I"m a Celebrity... Get Me Out of Here! реалити шоунд оролцож ялагч болжээ. Тэрээр BBC One  телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад 2009 онд халагдсан байна. Учир нь дэлгэцийн ард теннисчин  Жо-Вильфрид Тсонгаг арьсны өнгөтэй нь холбон доромжилсон үг хэлж, үүндээ уучлалт гуйхаас татгалзжээ.

Каролын ихрийн өрөөсөн II Баронет, Сэр Марк Тэтчер залуудаа мото спортын тамирчин байснаа бизнест хөл тавьсан байна. Энэ эр экс Ерөнхий сайдын хүү гэдгээс гадна английн playboy-ын нэг гэдгээрээ олонд танигджээ. Марк Экваторын Гвиней улсад төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт холбогдож, 500 мянган ам.доллараар торгуулан, 4 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан түүхтэй. Тэрээр Техасын автомашины худалдаачин, саятан Теодер Бургдорфийн охин Лутерантай 1987 оны Валентины баяраар Лондон хотод гэрлэсэн байна. Тэд Өмнөд Африк руу нүүснийг Марк Тэтчерийг бусдыг дарамтлан 4 сая фунт стерлинг олсон гэх шуугианаас зугатсан гэж тайлбарлах хүн олон байдаг.

Марк, Лутеран нар 1989 онд Майкл, 1993 онд Аманда Маргарет гэх хүү, охин хоёр төрүүлжээ. 18 жил хамт амьдарсныхаа дараа хосууд хоёр тийш болох тухайгаа зарлаж, эхнэр Лутеран Бургдорф 2008 онд дахин гэрлэжээ.  2008 онд Майкл Тэтчерийн үнэн нүүр царайг илчилсэн нийтлэл Sunday Telegraph сонинд гарчээ. Уг нийтлэлд Марк Тэтчер Хатагтай Францис Русселл цолтой Сара Жейн гэх эмэгтэйтээ харилцаатай байсныг Лутеран мэдсэн учир тэд салсан гэжээ. Үүгээр барахгүй Марк Тэтчер Бедфордын 13 дугаар хүн Жон Расселлийн бага хүүгийн эхнэр байсан энэ бүсгүйтэй нууцаар хурим хийсэн гэх мэдээлэл ч цацагддаг байсан.

 Commons: Margaret Thatcher – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. [1],Early life.
  2. [2],Early Foray to Politics.
  3. [3],First female prime minister
  4. [4],Conservative Leadership.
  5. [5],Final years