Jump to content

Монголын зан суртахууны тэмдэглэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын зан суртахууны тэмдэглэл[1] (хятадаар:夷俗记, пиньинь:Yí sú jì; бас хятадаар:北虜風俗, пиньинь:Běilǔ fēngsú гэж нэрлэдэг) хэмээх нь 1594 онд Мин улсын цэргийн яамны сайд Сяо Дахэний бичсэн ном юм. Тус номын агуулга нь тухайн үеийн Монголын Түмэд, Ордос аймгийн хүн ардын зан заншил, аж амьдрал, нийгмийн байдал, шашин шүтлэг зэргийг тандан мэдэж, ном болгон хэвлүүлсэн.

Хятадын төрт ёсны үзлээр Хятадыг Тэнгэрийн доорхыг захирах ёстой, Дэлхийн төв дунд оршдог гэж итгэж, бусад улсыг зэрлэг бүдүүлгүүд гэнэ. 夷-И буюу зэрлэг, 虜-Лү буюу дээрэмчин гэдэг ханзаар монголчуудыг төлөөлүүлж байсан тул Мин улсын үеийн Монголын тухай тэмдэглэл бүрд эдгээр ханзаар доромжлон нэрлэж байсан. Иймээс уг номыг зохиогч 夷俗记- Исүжи гэж анх гарчиг тавьсан ч, дараах үеийн хуулбарлан хэвлэх үед 北虜風俗-Бэйлү фэнсү гэж өөрчлөн нэрлэжээ. Тус 2 гарчиг нь хоёулаа "Умрын Зэрлэгүүдийн зан суртахууны тэмдэглэл" гэсэн утга илэрхийлдэг учир, монгол хэлэнд орчуулахдаа Монголын зан суртахууны тэмдэглэл гэж эерүүлж бичдэг юм.

Уг ном нь үндсэн хоёр хэсэгтэй.

  • Эхний хэсэг нь монголчуудын ёс заншил, аж амьдрал, нийгмийн байдал, шүтлэг бишрэл, монголчуудын амьдралд гарсан өөрчлөлт зэргийг тусгасан 20 орчим сэдэвтэй судалгааны хэсэг.
  • Дараагийн хэсэг нь 北虜世系-Beilu shixi буюу монгол ноёдын ургийн бичиг юм. Энэ хэсэг нь Батмөнх Даян хаанаас эхлэн Буян сэцэн хаан хүртлэх 7 үеийн тайж нарын нэрсийг үе бүрээр нь бүртгэн бичжээ.

Тус номыг Хенри Серриюс 1945 онд "Pei-lou feng-sou: Les coutumes des esclaves septentrionaux de Hsia Ta-heng" гэх нэртэйгээр хятад хэлнээс франц хэл рүү орчуулж, Monumenta Serica эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлжээ. 1987 онд Францойсе Аубин, Хенри Серриюс нар The Mongols and Ming China: Customs and History гэх нэртэйгээр хятад хэлнээс англи хэл рүү орчуулж, ном болгон хэвлүүлсэн.

1962 онд Өвөр Монголд хятад хэлнээс монгол хэл рүү хорчин хошууны Г.Асралт гэх хүн орчуулж, монгол бичгээр "Монголын зан суртахууны тэмдэглэл" гэсэн нэрээр Хөх хотод хэвлүүлснээс хойш 1985, 2017 онд хэвлэгдсэн. 2022 онд Монгол Улсын түүхч, эрдэмтэн Д.Энхцэцэг монгол бичгээс хөрвүүлсэн нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас "Монголын дунд үеийн түүхэнд холбогдох хятад сурвалж бичиг" цуврал бүтээл гаргаж эхэлсний 1-р ботийн 2-р бүлэгт "Сяо Дахэн.Монголын зан суртахууны тэмдэглэл (Монголын үе залгамж)" гэдэг нэрээр багтсан.

Монголын зан суртахууны тэмдэглэл номын эхний хэсэг нь дараах хорин бүлэгт хуваагджээ. 14-17-р зууны зууны үеийн монгол үндэстэний соёл, ёс заншил, аж байдлын талаар тус бүрээр нь тоочин бичсэн зохиол монгол, хятадын олон бүтээл дунд үүнээс өөр бараг байхгүй. Энэ нь зөвхөн Ордос, Түмэд, Юншээбүү гэсэн баруун гурван түмний монголчуудыг дүрсэлсэн боловч тухайн үеийн бусад монгол үндэстний аж ахуй, нийгмийн байдал, зан заншлаас хол зөрөхгүй гэж үздэг учраас энэ үеийн түүхийн холбогдолтой ном зохиолын хамгийн чухал эх хэрэглэгдэхүүн болж, бүхий л түүхч эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ эшилж ашигладаг.

  1. Ураг барилдах (匹配)
  2. Хүүхэд хүмүүжүүлэх (生育)
  3. Өмч хуваах (分家)
  4. Садарласныг шийтгэх (治奸)
  5. Хулгайг шийтгэх (治盜)
  6. Зарга шийтгэх (聽訟)
  7. Оршуулж онголох (葬埋)
  8. Шашин шүтлэг (崇佛)
  9. Зочин дайлах (待賓)
  10. Багшаа хүндэтгэх (尊師)
  11. Тариалан ба агнуур (耕獵)
  12. Идээ ундаа (食用)
  13. Дээл малгай (帽衣)
  14. Ахас ихсээ хүндэтгэх (敬上)
  15. Хориглох цээрлэх (禁忌)
  16. Адуулан тэжээх (牧養)
  17. Дадал суртал (習尚)
  18. Байлдаанд бэлтгэх (教戰)
  19. Байлдааны жагсаал (戰陣)
  20. Алба барьж арилжаа худалдаа хийх (貢市)

Уг номын хоёрдугаар хэсэг "Монголын үе залгамж" (北虏世系) бүлэг нь Даян хааны 11 хүүгийн удмын угсаа залгамжлалыг тоочжээ. Ингэхдээ баруун гурван түмнийг захирсан Алтан хааныг дагасан алтан ургийн ноёдын удмыг илүү дэлгэрэнгүй бичихдээ, хэн хэн ноёд амьд байгаа, ямар нутагт хэнтэй хамт нутаглаж аль овгийг захирдаг, Мин улсаас ямар цол хүртэж аль боомтод худалдаа хийдэг талаар бичжээ. Харин Түмэн засагт хааныг дагасан ноёдын удмыг бичихдээ сураг сонссон байдлаар тойм төдий дурсаад өнгөрсөн нь илт байдаг.

Жишээлбэл: "...Даян хааны 11-р хөвгүүн Гэрсэнз тайж, түүнд долоон хөвгүүнтэй. Абтай тайж гэж байдаг. Датун хотын баахан зүүн хойд зүгт нутаглана. Хилээс бараг 3000 ли[2] хол байна. Түүний аймагт хэдэн түмэн хүн байна..."[3]

  1. https://zh.wikisource.org/wiki/%E5%A4%B7%E4%BF%97%E8%A8%98
  2. 1 ли нь 500 метр
  3. "Монголын зан суртахууны тэмдэглэл (Монголын үе залгамж)". Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл (монгол бичиг хэлээр). Translated by Г, Асралт (2 хэвлэл). Хөлөнбуйр хот: Өвөр Монголын Соёлын Хэвлэлийн Хороо. 2017. х. 291.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)