Jump to content

Монгол-Австралийн харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол-Австралийн харилцаа гэж хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хэлнэ.

Монгол, Австрали

Монгол улс Австрали улстай 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол улсад 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй явагдаж ирсэн. Хөгжлийн тусламж, Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд тус харилцааны гол чиглэл төвлөрч байна. Мөн иргэд хоорондын харилцаа холбоо бэхжиж, улс төрийн харилцаа гүнзгийрч байна.

Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээсэн. Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны 12 сард нээж байв. Монгол Улсаас Австрали Улсад суурин суух анхны Элчин сайд Ц.Жамбалдорж Австралийн Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Квентин Брайст 2008 оны 10 дугаар сарын 30-нд Итгэмжлэх Жуух Бичгээ барьсан. Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Сэм Герович 2008 оны 8 дугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан.

Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал бөгөөд Австрали нь тус улсын ашигт малтмалын салбарт чухал хөрөнгө оруулагч, туршлага, мэдлэгийн эх үүсвэр гэдгийг илтгэн харуулж, Австрали, Монгол хоёр улс ардчиллыг эрхэмлэн дээдлэх, бүс нутагт нээлттэй, дүрэм журамд үндэслэсэн дэг журамтай байх ижил ашиг сонирхолтойгоо илэрхийлсэн билээ. 2011 оноос хойш Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газар (AusTrade) Австралийн бизнесийн үйл ажиллагаанд туслах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.

1980-аад оны дундуур Монголын парламентын төлөөлөгчид, ГЯЯ-ны сайд Австралид айлчилж, хөдөө аж ахуйн чиглэлээр цөөн тооны хүмүүс Австралид очиж туршлага судалж байсан.

1990-ээд оноос буюу Монгол Улс ардчилсан тогтолцоо руу шилжсэн үеэс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжсэн. Австралийн Амбан захирагч Билл Хайден 1994 онд Монголд, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд Австралид албан ёсны айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрамдал, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Австрали Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан бөгөөд уг мэдэгдэлд: “Өөр хоорондын харилцаандаа бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байх зарчим болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад хэм хэмжээг үндэс болгоно” гэж хоёр талын харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны 9 дүгээр сард Австрали Улсын Ерөнхий сайд Жон Ховардтай, Ерөнхий сайд С.Баяр 2008 оны 9 дүгээр сард Австралийн Ерөнхий сайд Кевин Раддтай НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр тус тус уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож байв. Монгол Улсын Гадаад хэргийн сайд 1993 онд Австралид айлчлах үеэр “Хөгжлийн хамтын ажиллагааны меморандум”, “Жижиг төсөл хэрэгжүүлэх тухай меморандум”-д гарын үсэг зурсан. Монгол Улсын Сангийн сайд 1998 онд айлчилж төрийн захиргааны шинэтгэлийн асуудлаар туршлага судалж байв. Австралийн Аж үйлдвэр, аялал жуулчлал, байгалийн нөөцийн сайд Иан Макфарлейн 2005 онд, Гадаад хэргийн сайд А.Даунер 2007 оны 4 дүгээр сард Монгол Улсад айлчилсан.

Австралийн Ерөнхий сайд К.Радд 2008 оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Австрали Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг дэмжихийг хүссэн захидал ирүүлсэн ба НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр Ерөнхий сайд нар уулзахад манай тал өөрийн байр суурийг илэрхийлсэн. Австралийн Гадаад хэргийн сайд С.Смит 2008 оны 12 дугаар сард Гадаад харилцааны сайд С.Батболдод АСЕМ-д элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн ба Монголын тал Австралийг дэмжихээ илэрхийлсэн захидал 2009 оны 1 дүгээр сард өгсөн. Хоёр орны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх үүднээс манай тал “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Дипломат, албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай”, “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын санамж бичиг”, “Засгийн газрын хэрэг эрхлэх газар хоорондын хамтын ажиллагааны тухай протокол”-ын төслүүдийг Австралийн талд гардуулсан.

Парламент хоорондын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Хоёр орны Парламентын хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Монгол Улсын Улсын Бага хурлын дарга 1992 онд, УИХ-ын дэд дарга 1998 онд, Австралийн Парламентын Сенатын танхимын төлөөлөгчид 1990, 1991 онуудад харилцан айлчилсан. Австралийн Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Дэвид Хоукер 2005 онд Монголд, УИХ-ын дарга Ц.Нямдорж 2007 онд Австралид тус тус айлчилсан. 2008 онд Монгол Улсын Их Хуралд Монгол-Австралийн парламентын бүлэг /дарга нь УИХ-ын дэд дарга Н.Энхболд/, Австралийн Парламентад Австрали-Монголын парламентын бүлэг /дарга нь Парламентын гишүүн Кирстен Ливермор/ 2008 онд байгуулагдсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир тэргүүтэй УИХ, ХХААХҮЯ-ны төлөөлөгчид 2009 оны 3 дугаар сарын 24-31-нд Канберра, Сидней хотуудад ажиллаж, Австралийн Ноосны бирж, Үр тарианы Холбоо, Ноос үйлдвэрлэгчдийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан. Австралийн Парламентийн гишүүн, Австрали-Монголын парламентын бүлгийн дарга Кирстен Ливермор тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 7 дугаар сарын 22-30-нд УИХ-ын дэд дарга Н.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчлав. Төлөөлөгчдийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар хүлээн авч уулзав. Австралийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн Парламентын нарийн бичгийн дарга 2003 онд мөн айлчилсан.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Хоёр талын худалдааны эргэлт 2009 онд 18,4 сая ам.доллар болсон. Үүний 0,7 саяыг экспорт, 17,7 саяыг импорт эзэлж байна. 2010 оны байдлаар хоёр орны нийт худалдаа 11,3 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар нэмэгдсэн байна. Худалдааны баланс 10,99 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 1990 оноос хойш Австрали улсаас нийтдээ 19,8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 47 компани хийсэн байна.

2008 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Discover Mongolia” уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Австралийн Би-Эйч-Пи Биллитон, Рио Тинто компаниуд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан. Австралийн Гадаад хэргийн сайд А.Даунер 2007 оны 4 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр уул уурхай, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Энэ дагуу уг ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг мөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хамтарсан ажлын хэсгийн П хуралдааныг Канберра хотноо 2009 оны 9 дүгээр сард хийсэн. Монгол-Австралийн хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй салбар, чиглэлийн нэг нь уул уурхайн салбар бөгөөд 2006, 2008, 2009, 2010 онд Монголын төлөөлөгчид Австралийн уул уурхайн хөгжлийн туршлагатай танилцсан.

Бизнес түншлэл Австрали, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлж байна. Монголд 650 гаруй австрали иргэн амьдардаг бөгөөд богино хугацааны томилолтоор ирж очиж буй австрали иргэдийн тоо мянгаас буурахгүй байна. Австралийн тавь орчим компани Монгол улсад салбартай. Эдгээрийн дотор уул уурхайн салбарт ажилладаг томоохон компани болох Рио Тинто (долоон тэрбум долларын Оюу Толгой төслийн гол хөрөнгө оруулагч, уурхайн компани), Тиэс (уул уурхайн гэрээт компани), Минтер Эллисон (хуулийн байгууллага), санхүүгийн компаниуд (Си Пи Эс Секюритис болон Гаррисон Капитал) зэрэг олон аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.

Иргэд хоорондын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Австрали, Монголын иргэд хоорондын харилцаа, холбоо улам бэхжиж байна. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр 530 гаруй монголчуудад (гэр бүлийнхээ хамт) Австралид сурах боломж олгожээ. "Моззичууд" хэмээн дотночлон нэрийдсэн төгсөгчдийн сүлжээнд хамрагдсан хүмүүсээс олон хүн Монголын нөлөө бүхий УИХ-ын гишүүд, албан хаагчид, бизнес эрхлэгчид болжээ.

Австралийн сайн дурын ажилтнууд олон жилийн өмнөөс Монгол улсад ажиллаж эхэлсэн юм. 2002 оноос хойш 250 гаруй австрали мэргэжилтэн сайн дураараа Монгол улсад ирж ажиллан, тус улсын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. 2018-2019 онд сайн дурын 22 ажилтан ажилласан юм.

Монгол Улсын Төрийн сангийн тэтгэлгээр Өмнөд Уэльсийн Их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн Их сургууль, Канберрагийн Их сургууль зэрэг 15 их, дээд сургуульд нийт 200 орчим хүн суралцсан байна. 1993 оноос хойш 600 орчим монголчууд тус улсын ЗГ-ын тэтгэлгээр Австралид дээд боловсрол эзэмшиж, эрдэм мэдлэгээ дээшлүүлжээ. Түүнчлэн Монголын оюутнууд Австралийн их, дээд сургуулиудад хувийн зардлаар суралцаж байна. ЭСЯ-ны судалгаагаар Баруун Австрали мужид – 8 оюутан (Күртний Технологийн Их сургууль, Баруун Австралийн Их сургууль, Мэрдокийн Их сургууль), Куинсланд мужид – 9 оюутан (Куинсландын Их сургууль, Гриффитийн Их сургууль), Виктори мужид – 7 оюутан (Викторигийн Их сургууль, Мельбурний Их сургууль, Свинборний Технологийн Их сургууль), Шинэ Өмнөд Уэльс мужид – 20 оюутан (Сиднейн Их сургууль, Австралийн Худалдааны Их сургууль, Сиднейн Технологийн Их сургууль, Макуарийн Их сургууль, Меркүри коллеж, Оксфорд коллеж, Мартины коллеж), Өмнөд Австрали мужид – 1 оюутан (Флиндерсийн Их сургууль), Канберрагийн Их сургуульд 4 оюутан тус тус суралцаж байна.

Батлан хамгаалах

[засварлах | кодоор засварлах]

Австрали, Монгол улс нь батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг олон салбарт бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлаар хамтран ажилладаг. Олон улсад энхийг сахиулах, аюулгүй байдал хангах үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл байсаар ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Австрали, Монгол улсын цэргийн албан хаагчид мөр зэрэгцэн алба хаасаар ирсэн. Монгол улсаас 800 гаруй цэргийн албан хаагч, бие бүрэлдэхүүн Өмнөд Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод байна. Түүнчлэн хоёр улс Ирак, Афганистанд явуулсан эвслийн үйл ажиллагаа, Косово, Сьерра Леоны энхийг сахиулах ажиллагаанд албан хаагчдаа оролцуулсан билээ. Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих хамтарсан цэргийн сургуулилтад Австрали улс оролцдог.