Монгол-Их Британийн харилцаа
Монгол, Их Британийн харилцаа - (англи: Relations between Mongolia and the United Kingdom) хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхэлд нь хэлнэ. Хоёр улс 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж олон улсын тавцанд өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлэх үйл явцын дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болсон юм.
1990 оноос хойш, ялангуяа 2010 оноос эхлээд хоёр орны харилцаа ардчиллын нийтлэг үнэт зүйлс дээр тогтож ихээхэн гүнзгийрсэн. Монгол Улсын 1990 онд сонгосон ардчилал, шинэчлэлийг Их Британи эхнээс нь дэмжиж ирсэн. 1991 онд Лондон хотноо болсон "Их долоо"-гийн уулзалтын үеэр Их Британи Монгол Улсыг дэмжиж хамтран ажиллахыг бусад орнуудад уриалсан байдаг. 1996 онд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкинд Монгол улсад айлчилсан.
Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд Йоркийн Гүн, хунтайж Эндрю оролцож, 2007 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр, 2017 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус Их Британид хийсэн албан ёсны айлчлал, 2013 онд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн нарийн бичгийн дарга Уильям Хэйгийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал зэрэг хэд хэдэн чухал айлчлал болсон.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Лондон хотноо тус тус ажлын айлчлал хийсэн.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Найжил Адамстай 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр цахимаар уулзаж, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай улсын экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна. Эдгээр айлчлал, яриа хэлэлцээнүүд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын тод илэрхийлэл юм.
Монгол Улс олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааг чухалчилж үздэг юм. Монгол Улс АНУ болон түүний ойрын холбоотон Их Британи улсын терроризмын эсрэг бодлогыг анхнаасаа дэмжиж ирсэн. Монгол Улс олон улсын терроризмын аюул заналыг арилгах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, түүнтэй тэмцэхэд хүчээ нэгтгэх нь чухал гэж үздэг.
Их Британийн Засгийн газар Гадаад, хамтын нөхөрлөлийн яамнаас санхүүжүүлдэг Чевенинг тэтгэлэгт хөтөлбөрөөр монголчуудад Их Британид сурах тэтгэлэг олгодог.
Өнөөдөр хоёр орны уул уурхай, боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байна. Их Британи бол Монгол Улсын худалдааны 10 гол түншийн нэг бөгөөд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Их Британитай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа өргөжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг цаашид хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэж болно.
Жилд Их Британийн 7 мянган жуулчин Монголд ирдэг бол, Монголын 5 мянга орчим иргэн Их Британид сурч амьдарч байна.
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ өргөн баржээ.
Парламент хоорондын харилцаа
[засварлах | кодоор засварлах]Хоёр улсын парламент хоорондын харилцаа 1970 оноос эхэлсэн бөгөөд 2012 онд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаар ахлуулсан Монгол-Их Британийн парламентын бүлэг шинэчлэн байгуулагдсан. Жэймс Грэй Британийн парламентад хоёр орны парламентын бүлгийн даргаар ажилладаг байна.
2019 оны 12 сард УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо ажиллаж, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Боловсролын яам, Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн яамны албан хүмүүстэй уулзалт хийсэн.
Өндөр хэмжээний харилцан айлчлалууд
[засварлах | кодоор засварлах]Монгол улсад Гүнж Анна 1993 онд
Их Британид Ерөнхийлөгч П.Очирбат 1996 онд
Монголд Их Британийн Гадаад харилцаа, Хамтын нийгэмлэгийн Төрийн нарийн бичгийн дарга Малкольм Рифкинд 1996 онд
Монголд Эдинбургийн Гүн, хунтайж Филлип 1997 онд
Их Британид Ерөнхий сайд Р.Амаржаргал 2000 онд
Монголд Кентийн Гүн, хунтайж Эдвард 2002 оны 5 дугаар сард
Их Британид УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж 2003 оны
Их Британид Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 оны 10 дугаар сард
Их Британид УИХ-ын дарга Н.Энхбаяр 2004 оны 11 дүгээр сард
Монголд Йоркийн Гүн, хунтайж Эндрю 2006 оны 7 дугаар сард
Их Британид Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны 4 дүгээр сард
Монголд Йоркийн Гүн, хунтайж Эндрю 2007 оны 6 дугаар сард
Монголд Йоркийн Гүн, хунтайж Эндрю 2008 оны 11 дүгээр сард
ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны сарын 14-15-нд Монгол Улсад албан ёсоор айлчилсан.
Монгол Улсаас Их Британид сууж байсан Элчин сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Дэлэгжунайн Балжинням /1963-1969/
- Содномдоржийн Дамбадаржаа /1969-1973/
- Оюуны /Ванданнямын/ Хосбаяр
- Жамбалын Банзар /1984-1987/
- Гэндэнгийн Нямдоо /1995-1997/
- Цэдэнжавын Сүхбаатар /1997-2001/
- Чойсүрэнгийн Баатар
- Далрайн Даваасамбуу /2001-2008/
- Булгаагийн Алтангэрэл /2008-2012/
- Нархүүгийн Тулга /2013-2017/
- Санжаагийн Баяр /2017.03.01-2018/
- Нархүүгийн Тулга /2018.11.14.- 2021.10 сар/
- Баттөмөрийн Энхсүх /2021.12 сард очиж 2022 оны 3 дугаар сарын 15-нд ИЖБ-гээ барьсан/.
ИБУИНХУ-аас Монгол улсад сууж байсан Элчин сайд нар:
[засварлах | кодоор засварлах]- 1963–1964: Теренс Гарви (суурин бус, Бээжин)
- 1964–1966: Режиналд Хибберт (түр хамаарагч)
- 1966–1967: Хит Мэсон
- 1967–1968: Оливер Кэмп
- 1969–1971: Роланд Картер
- 1971–1974: Жон Колвин
- 1974–1977: Майлс Понсонби
- 1977–1979: Жулиан Хартланд-Сванн
- 1979–1982: Томас Хэйнинг
- 1982–1984: Жэймс Патерсон
- 1984–1987: Аллан Батлер
- 1987–1989: Гай Харт
- 1989–1991: Дэвид Спраг
- 1991–1993: Антони Морэй
- 1994–1997: Иан Слоуэн
- 1997–1999: Жон Дюрам
- 1999–2001: Кэй Күүмб
- 2001–2004: Филип Рүүз
- 2004–2006: Ричард Остен
- 2006–2008: Критофер Озборн
- 2008–2009: Торхильда Аббот-Ватт
- 2009–2011: Уильям Диксон
- 2011–2012: Торхильда Аббот-Ватт
- 2012–2015: Кристофер Стюарт
- 2015–2018: Кэтрин Арнольд
- 2018 оны 4 дүгээр сарын 3-нд ИЖБ-гээ барьсан Филип Малоун