Jump to content

Дэлэгжунайн Балжинням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэлэгжунайн Балжинням (1913 онд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Баянтэс сумын нутагт төрж, 2008 онд Улаанбаатар хотод нас барсан) - БНМАУ-ын АИХ-ын орлогч дарга, Мал аж ахуйн яамны сайд, Элчин сайд, дипломат.

Тэрбээр 1913 онд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Баянтэс сумын нутагт төрсөн. Дэлэгжунайн Данжинжав нэртэй байсан.

1924 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын дунд сургуульд ороход Балжинням гэх хүүхдийн оронд нэрээ сольсон түүхтэй.

Онц, сайн сурсан тул Улаанбаатарын 1-р сургуульд үргэлжлүүлэн сурч, улмаар Хамтрал хоршооны техникумд хуваарилагдан суралцаж нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн байна. 1932-1937 онд Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны хэлтсийн эрхлэгч, Сэлэнгэ аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1937-1938 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны дарга, 1938-1939 онд Увс аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1939-1942 онд Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1942-1944 онд Өмнөговь аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1947-1949 онд Дорнод аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байна.

1949 оны 2 дугаар сарын 21-нээс 1957 оны 6 дугаар сарын 24 хүртэл БНМАУ-ын Мал аж ахуйн яамны сайд, 1957-1960 онд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга, 1958 оны 3 дугаар сарын 28-наас 1962 оны 3 дугаар сарын 9 хүртэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Орлогч дарга /хавсран/.

1960 оны 7 дугаар сарын 4-нөөс 1962 оны 1 дүгээр сарын 29 хүртэл МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга.

1962-1966 онд Монгол Улсаас БНПАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,

1963-1969 онд Монгол Улсаас ИБУИНВУ-д суух анхны Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,

1966-1970 онд БНБАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,

1970 оны 7 дугаар сараас 1984 он хүртэл Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байжээ.