Jump to content

Мөнхбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мөнхбаатар
ᠮᠥᠩᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
Шинжааны нисдэг барс
Төв
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1975 оны 11 дүгээр сарын 20
Төрсөн газар Өвөр Монголын Ордос хот
Иргэний харъяалал БНХАУ
Замналын мэдээлэл
Замналын түүх
Шинжааны нисдэг барс


Мөнхбаатар (1975 оны 11 дүгээр сарын 20-нд Өвөр Монголын Ордос хотод төрсөн) Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багт тоглосон анхны монгол сагсан бөмбөгч. Тэрээр 1947-1948 онд тоглож байсан Мисака Ватарү, мөн Ван Жижи нарын дараагаар Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглосон 3 дахь ази тамирчин болсон юм. Мөн тэрээр 2002-2003 онд НБА-ийн аварга цолыг авсан Сан-Антонио Спарс багийн бүрэлдхүүнд багтаж байв.

Мөнхбаатар Хятадын шигшээ багт орсон нь

[засварлах | кодоор засварлах]

Мөнхбаатар анх Хятадын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдхүүнд 19 настайдаа орж, 1994 оны Азийн тоглолтод оролцсон. Мөнхбаатар Хятадын шигшээгийн байнгын бүрэлдхүүнд байсан боловч 1997 онд "сахилгын асуудлаар" багаасаа хасагдсан. Гэрсэг хүү Мөнхбаатар багаасаа оргож хэд хэдэн удаа төрсөн нутаг, эцэг эх дээрээ очихыг оролджээ.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглосон нь

[засварлах | кодоор засварлах]

2001 оны 10 дугаар сард Мөнхбаатарыг Денвер Наггетс баг улирлын өмнөх цугларалтдаа урьсан. Улирлын өмнөх 2 удаагийн тоглолтод оролцсоныхоо дараа тэрбээр Денверээс хасагдсан боловч удалгүй Рэф ЛаФрэнцээ зарсан Денверт төвийн тоглогч хэрэгтэй болж Мөнхбаатарыг дахин урьжээ. Мөнхбаатар тэр даруй Денверт ирж үлдсэн 25 тоглолтод оролцсоны 10-т нь гарааны тавд гарсан бөгөөд олонтаа торгуулж байсан авч нэг тоглолтод дунджаар 5.5 оноо авчээ.

2002 оны зун Мөнхбаатарыг Детройтод Дон Рейдийн оронд өгчээ. АНУ-ын Индианад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр АНУ-ын шигшээгийн эсрэг 19 оноо (Хятадын баг 7 удаа тоглосны 5-д нь оноогоор багийн тоглогчдоо тэргүүлсэн) авсан нь Америкийн шигшээгийн туслах дасгалжуулагч, Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Грег Поповичид сэтгэгдэл төрүүлж, удалгүй Детройтод драфтын хоёрдахь эрхээ өгч Мөнхбаатарыг Сан Антониод авчээ. Мөнхбаатар Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд мэргэжлийн сагсан бөмбөгч болсон Хятадын хоёрдахь иргэн болсон. Мөнхбаатар 2002-2003 онд Сан Антонио багийн бүрэлдхүүнд байж, ҮСБХ-ны аваргын бөгжийг зүүсэн. Түүнчлэн Денвер Наггетс, Торонто Рэпторс багуудын бүрэлдхүүнд тоглож байв.

2004 оны 9 дүгээр сард Нью-Йорк Никс баг түүний гэрээг цуцалснаар Үндэсний сагсан бөмбөгийн Ди лигийн Хантсвилл Флайт багт нэг хэсэг тогложээ.

Хятадын лигт эргэн ирсэн нь

[засварлах | кодоор засварлах]

2005 оны 2 дугаар сарын дундуур Хятадын Сагсан бөмбөгийн холбооны Бээжингийн нугаснууд багт эргэн орсон, 2004-2005 оны улирлын сүүлээр 2005 оны ХСБХ-ны бүх оддын тоглолтод оролцсон. 2005–2006 оны улиралд тэрбээр энэ багтаа үргэлжлүүлэн тоглосон. 6' 11" өндөр, 300 фунт жинтэй Мөнхбаатар Америкийн ҮСБХ-ны хүчирхэг төвүүдийн нэгд тооцогдож байлаа. Тэрбээр дамжуулалт сайтай, ҮСБХ-ны нэг тоглолтод дунджаар 6 дамжуулалт өгсөн байдаг. Гол дутагдал нь хурд багатай байсан тул ҮСБХ-ны хурдан хэмнэлтэй тоглолтыг гүйцэхэд бэрхшээлтэй байжээ. Мөнхбаатар 7' 1" Ванг Жижи, 7' 6" Яо Минг нарын хамт Хятадын үндэсний шигшээ багийн "Явдаг цагаан хэрэм" хэмээн алдаршсан.

Бээжингийн нугаснууд багт тоглохдоо нэг тоглолтод дунджаар 25 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 5 дамжуулалт хийж багийнхаа амжилтыг асар их дээш нь татсан тул 2005-06 оны ХСБХ-ны хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг авахаар нэр дэвшсэн боловч ХСБХ-ны дүрмээр тоглолт өнжсөн тоглогчид энэ шагналыг өгдөггүй тул шагналгүй хоцорсон юм. Улирлын дундуур Мөнхбаатар шүүгчтэй маргасны улмаас торгуулж, хоёр тоглолт өнжихөөр болсон ажээ. Үүний улмаас хэн ч тэр улиралд хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг аваагүй бөгөөд ХСБХ энэхүү хатуу дүрмээ эргэн харахаар болжээ. Мөнхбаатар энэ багтаа 2006–2007 оны улирлыг дуустал тоглоод мөн холбооны Шинжааны нисдэг барс багт оржээ. 2006 оны зун хөлнийхөө гэмтлийг эдгээж байх зуураа Мөнхбаатар Өвөр Монголын "Хөх хангай" хэмээх кинонд сайн талын гол баатар болох жүдо бөхийн дүрд тогложээ.