Jump to content

Магалжавын Лувсанчоймбол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(М.Лувсанчоймбол-с чиглүүлэгдэв)
Магалжавын Лувсанчоймбол
Төрсөн1916-08-08
Нийслэл Хүрээ, Монгол
Нас барсан1974-10-05
ҮндэстэнХалх
АжилТөр нийгмийн зүтгэлтэн,

Худалдааны Яамын сайд (1953он),
Хүнсний Яамны сайд (1953он),
Аж Үйлдвэрийн Яамны сайд (1958он),
Чойболсан хотын АДХГЗД (1960 он),
Улаанбаатар хотын 18 дахь дарга (1962 - 1965 он),
Дархан хотын АДХГЗД (1965-1967 он),

Зурагт радиогийн захиргааны орлогч дарга (1967-1970 он).
Цахим сүлжээ
http://luvsanchoimbol.blogmn.net

Магалжавын Лувсанчоймбол нь Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх (АДХГ) захиргааны дарга, Дархан хотын АДХГ захиргааны дарга, БНМАУ-ын Худалдааны яам, Хүнсний үйлдвэрийн яам, Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан төрийн нийгмийн зүтгэлтэн юм.

М. Лувсанчоймбол нь 1916 оны 8-р сарын 8-нд тухайн үеийн Нийслэл Хүрээнд (Одоогийн Сүхбаатар дүүргийн 3-р хороонд) Магалжавын том хүү болон мэндэлсэн. Түүний эцэг Магалжав нь Богд хааны адууны даамал хүн байсан. Түүний эх Цэрэндолгор нь уран оёдолчин хүн байсан ба Хүрээнийхэн уран Догоо гэж авгайлдаг байжээ. Тэрээр Дондогдулам хатны сувдан гутал, хувцсыг оёж байсан түүхтэй.

Маршал Х. Чойбалсангийн захиалгаар ЗСБНХОУ-ын Гурван удаагийн Баатар, Маршал С. М. Будённыйд жанжин загварын малгайг оёж, урлан өгч, Маршал Х. Чойбалсангаас сайшаалын үнэмлэх болон нэг шуудай гурилаар шагнуулж байжээ. Мөн Д.Сүхбаатарын гэргий Янжмаад хэд хэдэн малгай оёж өгч байсан юм. Тухайн үедээ Хүрээний нэр цуутай оёдолчид Цэрэндолгорыг жанжин загварын малгайны анхны загварыг гаргаж байсан гэдэг юм.

10 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 11-12 нас хүртлээ эцэг,эхийн саналаар лам нэр зүүж төвд ном заалгасан. 12 настайдаа угаас монгол бичиг заалгасан учир бага сургуулийг нэг жилийн хугацаанд амжилттай суралцсан учир дунд сургуульд шилжин суралцав. Дунд сургуульд 13-15 насандаа 2 жил суралцаж бүх ангиараа багш нарыг бэлтгэх сургуульд шилжин суралцсан юм. Шилжсэн бүх хүүхдийг дунд сургууль төгссөн гэж үзэж байв.

Багш нарыг бэлтгэх сургуульд 15-16 нас хүртлээ суралцаж байгаад зуны амралтаараа уул сургуульдаа очихын оронд цэргийн алба хаах явдал сайхан санагдаж өөрийн сайн дур, эхийн таньдаг хүний зөвлөснөөр 1933 оны 4-р сарын 28-нд 16 настайдаа цэргийн албыг хааж эхэлсэн болно.

Цэргийн алба хаах хугацаандаа

[засварлах | кодоор засварлах]
1933 оны 4-р сарын 28-ны өдрөөс 1-р морьт дивизийн нутгийн 2-р морьт хороонд штабын гар бичээч, номын сангийн эрхлэгчээр дэвшин ажиллаж сонгуулиар эвлэлийн товчооны даргаар дэвшин сонгогдож анх удаа дунд тушаалын улс төрийн ажилтан болов.
1935 оны 1-р сараас хязгаарын 18-р морьт хороонд эвлэлийн товчооны даргаар шилжин ажиллаж анх удаа улсын хил хязгаарыг хамгаалах үүргийг гүйцэтгэв. Мөн Чоно гол дахь хилийн сумангийн улс төрийн удирдагчийн үүргийг гүйцэтгэж улсын хил хязгаарыг хамгаалах хэрэгт хүчин зүтгэж байлаа.
1936 оны 6-р сард бүх цэргийн ерөнхий сонгуулийн эвлэлийн товчооны даргаар шилжин ажиллав. Мөн оны 8-р сард монгол ардын хувьсгалт намын гишүүнд анх элсэж, намд 34 жил зүтгэсэн.
1937 оны 8-р сараас цэргийн улс төрийн газар бүх цэргийн намын комиссын нарийн бичгийн даргаар дэвшин ажиллав.
1938 оны 1-р сард 1-р дивизийн 1-р морьт хорооны намын товчооны даргаар дэвшин ажиллаж анх удаа намын ажилтан болов.
1938 оны 4-р сарын үед Цэргийн гар үйлдвэрийн комиссаараар буурч ажиллах болсон шалтгаан нь намын даалгаврыг үл биелүүлэх, ажил дээрээ элдэв байдлаар ялзарч байсан зарим хүмүүсийг намаас сануулахаас эхлэн намаас хөөх хүртэл арга хэмжээ авсны дараа намын тайлан сонгуулийн хурал дээр намаас арга хэмжээ авагдсан тэдгээр хүмүүс, тэднийг дэмжигч хэсэг хүмүүс бүлэглэн шүүмжилснийг тэр үед улс төрийн газрын дарга байсан Найдан намын ажлыг завхруулсан гэдэг дүгнэлт өгч тухайн үед тушаал буулгаж ажиллуулсан юм. Тэр үед Лувсанчоймболын сууж байсан сангийн гэрийг 3-н удаа шатаахыг оролдсныг өөрийн болон бусад нөхдийн сонор сэрэмжээр мэдэж энэ хорон санаатай хэрэгт автагдаагүй боловч хотод байдаг эх, дүү нарынх нь гэрийг эд хогшлын хамт шатааж дуусгасан болно. Болсон хэрэг явдал өдөр хоног өнгөрч намаас арга хэмжээ авагдсан тэдгээр хүмүүсийн үнэн нүүр царай яваандаа танигдаж, олон түмний өмнө үзтэл тодорхой болсон учраас улс төрийн газрын дарга байсан Найдантай холбогдсон хэрэг учир ялгавартай байсан байна гэдэг дүгнэлт өгсөн.
1938 оны 6-р сард бүх цэргийн жанжины тушаалаар улс төрийн газрын зохион зааварлах хэлтэст мэдээ боловсруулагч ахлагч зааварлагчаар дэвшүүлэн ажиллуулсан юм.
1939 оны 3-р сарын 1-нд бүх цэргийн жанжины 14 тоот тушаал ёсоор орон тоо илүүдсэн гэж халагдаж, мөн оны 4-р сарын 13, 14-ний өдрүүдэд нам, эвлэлийн гишүүнээс дараалан хилс ташаагаар хөөгджээ.

Хилс хэрэгт орсны дараа нь арга буюу баривчлагдахаас болгоомжлон, үнэний эцсийг үзэх гэж Сэлэнгэ аймагт оргон зайлж, төрсөн дүүгийн нэг өрөөнд гадагшаа ч гардаггүй, дүүгээсээ өөр хүнтэй уулзалддаггүй өөрөө өөрийгөө баривчилж хэдэн сарын турш нуугдаж байтал, Дотоод яаманд алдаа дутагдал гарсныг Маршал Чойбалсан өөрийн биеэр зохих арга хэмжээ авч засаж байна гэснийг сонсож бүх үнэн учраа гарган Маршал Чойбалсанд захидал бичиж нуугдахаа больж ил гарсан байна.

Түүний дараахан Дотоод яам дуудаж түүний тухай тодорхой асууж танилцсан юм. Дараа нь түүний гомдлын мөрөөр шалган үзээд 1939 оны 11-р сард нам, эвлэлийн төв хорооны хөөх, элсүүлэх комисс, намын төв комиссын хурлаар хэлэлцэж нам, эвлэлээс хөөх шалтгаан байсангүй гэж үзээд нам, эвлэлийн гишүүнд эргүүлэн тогтоож нам, эвлэлээс хөөсөн тогтоолыг хэрэгсэхгүй болгосон билээ. Тэрчлэн ардын цэргээс орон тоо илүүдэж цэргээс бүрмөсөн халагдсан үнэмлэхийг хүчингүй болгож 1940 оны 9-р сард бэлтгэл улс төрийн ажилтан, улс төрийн удирдагч цолтойгоор цэргээс халагдаж цагаадсан.

Ажил албан тушаал

[засварлах | кодоор засварлах]
1939 оны 3-р сарын 25-наас улсын худалдааны санхүүгийн сургуульд улс төрийн багш, хичээл ангийн эрхлэгч.
1939 оны 10-р сарын 15-наас улсын худалдаа татан буугдсан учир Төв аймгийн бараа баазад барааны байцаагчаар ажиллаж байв.
1940 оны 1-р сарын 12-ноос Намын төв хорооны шийдвэрээр Намын төв комиссын байцаагчаар дэвшин ажилласан юм.
1941 оны 1-р сарын 9-нөөс Намын төв хорооны шинэ хүчний хэлтэст гүйцэтгэгч.
1942 оны 3-р сарын 12-ноос Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар М.Лувсанчоймболыг өсөж яваа залуу боловсон хүчин гэж үзэж Намын төв хорооны шинэ хүчний хэлтсийн даргаар дэвшүүлэн баталсан юм.
1942 оны 9-р сарын 1-нээс шинэ хүчний хэлтсийн даргаас Аж үйлдвэрийн комбинатын тоноглолын фабрикийн аж ахуйн даргаар буурч ажилласан. Үүний учир нь Сэлэнгэ аймгийн эвлэлийн хорооны даргаар Гомбосүрэнг томилохоор Намын төв хороогоор батлуулахаар, эвлэлийн төв хорооны даргаас оруулсан саналыг зохих журмаар хянаж үзээд:
н.Гомбосүрэн эвлэлийн хорооны даргын ажилд тэнцэхгүй ноцтой дутагдалтай хүн байсан тул уг ажилд тавихыг татгалзаж албан ёсоор эвлэлийн төв хороонд хариу өгснийг тэр үеийн эвлэлийн төв хорооны дарга байсан хүн дургүйцэж мөн л тэр үедээ шинэ хүчний асуудал эрхэлж байсан Намын төв хорооны нарийн бичгийн даргад гомдол гаргаж Гомбосүрэнг заавал эвлэлийн хорооны даргаар тавих гэсэн эдгээр хүмүүстэй маргалдав гэж шинэ хүчний даргаас нууц алдав гэдэг өөр сэдвээр халсан юм.
Аж үйлдвэрийн комбинатын тоноглолын фабрикт сайн ажилласан учир Аж үйлдвэрийн комбинатын захиргаанд ерөнхий норм зохиогчоор дэвшүүлэн томилов.
БНМАУ-н Аж үйлдвэрийн яамны сайд М. Лувсанчоймбол
ЗХУ-ын Элчин Сайд В. Молотов
БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн дарга Ю. Цэдэнбалын хамт 1958-1960 он
1944 оны 3-р сарын 1-нээс Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний хурал дээр түүнийг гэнэт дуудаж саналыг нь асууж Намын шинэ хүчний дээд сургуульд оруулсан юм.
Тэр үед Гомбосүрэн нь ажилдаа тэнцэхгүй болон халагдаж эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийтгэгдсэн юм. Энэ учраас Намын төв хорооноос албан ёсоор төв хорооноос аппаратаас халагдсаныг цагаатгалаа гэж хэлээгүй боловч харгалзан үзсэн тул тэрээр тэр үед гомдол гаргаагүй юм. Энэ хэрэг үнэхээр хилс ташаа хэрэгт холбогдуулсан юм.
Дархан хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга М. Лувсанчоймбол, Ю. Цэдэнбал дарга нар Л. И. Брежневийг вокзал дээр угтан авч байгаа нь. 1966 он
1947 оны 1-р сарын 1-нээс Намын шинэ хүчний дээд сургуулиас өвчний учир нэг жилийн акт гарч Булган аймагт сүү тосны ажил хариуцсан Төв хороо, Засгийн газрын онцгой төлөөлөгчөөр 6 сар ажиллаж уг үүргийг сайн биелүүлсэн гэж Засгийн газрын хүндэт үнэмлэх, 600 төгрөгөөр шагнагдаж байв. Дараа нь хотын Намын хорооны үзэл суртлын хэлтэст хотын намын гишүүдийн дугуйлангуудыг хариуцсан зааварлагчаар ажиллаж байлаа.
1947 оны 11-р сарын 1-нээс биеийн эрүүл мэндийн байдал, эмч нарын зөвлөлгөөнөөр цаашид үргэлжлүүлэн суралцах болохгүй гэснээр хэвлэх утга зохиолыг хянах газар үзвэрийн байцаагчаар ажиллав.
1948 оны 4-р сарын 1-нээс Намын төв хорооны шийдвэрээр хотын Намын хорооны үйлдвэрийн хэлтэст даргаар дэвшин ажиллав.
1949 оны 12-р сарын 1-нээс хотын Намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, шинэ хүчний асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар тус, тус сонгогдон ажиллав.
1953 оны 1-р сарын 8-ны өдрийн Намын төв хорооны Улс төрийн товчооны 2/4 тогтоолоор Худалдааны яамны сайдаар дэвшин ажилласан.
1953 оны 8-р сарын 5-нд Намын төв хорооны Улс төрийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн 97-р зарлигаар Хүнсний яамны сайдаар шилжин ажилласан.
1957 оны 6-р сарын 10-ны өдрийн Намын төв хорооны Улс төрийн товчооны 185-р тогтоолоор Хүнсний яам татан буугдсан учир Дорноговь дахь Нефтийн үйлдвэрүүдийн удирдах газрын даргаар шилжин ажилласан. Энэ үйлдвэрүүдийг Зөвлөлт холбоот улсаас манай улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн тул тус үйлдвэрийн 500 гаруй зөвлөлтийн ажилчдыг Монгол ажилтнаар солих, Монгол захиргааг шинээр байгуулж, үйлдвэрийг түргэн хугацаанд бэхжүүлэх даалгаврыг Намын төв хорооноос авч уг үйлдвэрийг хүлээлгэн өгөх Зөвлөлтийн засгийн газрын комисс хүрэлцэн ирж Монголын засгийн газрын Майдар даргатай комисст уг үйлдвэрийг хүлээлгэн өгсөн юм.
Дархан хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга М.Лувсанчоймбол Л. И. Брежнев нар Дархан хотын хөдөлмөрчидтэй уулзаж буй нь. 1966 он
1958 оны 3-р сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын 3 дахь удаагийн чуулганаар Аж үйлдвэрийн яамны сайдаар дэвшин ажилласан.
1960 оны 3-р сарын 30-ны өдрийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн 81-р зарлигаар Аж үйлдвэрийн яамны сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөв.
1960 оны 4-р сарын 2-ны өдрийн Улс төрийн товчооны 89-р тогтоолоор Чойбалсан аймгийн АДХГ Захиргааны даргаар томилосон.
1962 оны 4-р сарын 21-ний өдрийн Улс төрийн товчооны 143-р тогтоолоор Улаанбаатар хотын АДХГ захиргааны даргаар ажилласан.
1965 оны 6-р сарын 18-ны өдрийн Улс төрийн товчооны 211-р тогтоолоор биеийн эрүүл мэндийн байдлаар Улаанбаатар хотын АДХГ захиргааны даргаас чөлөөлөгдөж 3 сар шахам биеэ эмчлүүлж эрүүл мэндээ сайжирсны дараа Улс төрийн товчооны 1965 оны 11-р сарын 5-ны өдрийн 651-р тогтоолоор Дархан хотын АДХГ захиргааны даргаар томилогдон ажиллаж байлаа.
1967 оны 5-р сарын 30-ны өдрийн улс төрийн товчооны тогтоолд заахдаа “нөхөр Лувсанчоймбол ажил дээрээ шаардлагатай бөгөөд түүнийгээ сайжруулахын төлөө чармайн хөөцөлддөг боловч зан аашийн талаар зохисгүй дутагдлыг удаа дараа гаргажээ. Дархан хотын АДХГ захиргааны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.” гэжээ.
1967 оны 9-р сарын 25-ны өдрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 443-р тогтоолоор Монголын зурагт радиогийн захиргааны орлогч даргаар ажиллаж байв.


Өмнөх
Санжийн Батаа
Улаанбаатар хотын дарга
1962-1965
Дараах
Догсомын Цэдэв

Лувсанчоймболын тухай Лувсанчоймболын блог